Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООД ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГЭР БҮЛ БАЙРНЫ ЗЭЭЛТЭЙ

АНУ-д Ерөнхийлөгчийн суудлын төлөө хоёр нам л өрсөлддөг. Бүгд найрамдах нам ба Ардчилсан нам хоёроос өөр бодит өрсөлдөгч гаргах улс төрийн хүчин энэ улсад байхгүй. Одоогийн Ерөнхийлөгч Барак Обама нь Ардчилсан намаас нэр дэвшин өнгөрсөн оны сүүлээр болсон сонгуульд ялсан билээ.
Обама нь анхны хар арьст Ерөнхийлөгч, хоёр дараалан сонгогдсон гэдгээрээ хагас зууны тэртээ хар арьстнуудыг цагаан арьстнуудтай нэг дор нийтийн тээврийн хэрэгслээр явахыг хориглох хүртэл харгис арга хэмжээ авдаг байсан улс тавьхан жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан, жинхэнэ ардчиллыг хэрэгжүүлэх нь ямар үр дүнд хүргэдэг болохын тод жишээ юм.
Барак Обама, Мишель Обамагийн гэр бүл Цагаан ордны сайт дээр өөрийн өмчийн талаарх мэдүүлгээ гаргажээ. Энэ мэдүүлгээс үзвэл Америкийн төрийн тэргүүн ба тэргүүн хатагтай хоёрын хамтран эзэмшдэг өмчийн хэмжээ 1,8 саяас 6,9 сая ам.доллар ажээ. Өнгөрсөн жил мэдэгдсэн өмчийн үнэ 2,6 саяас 8,3 сая ам.доллар байсан билээ.
Үнэ ингэж хэлбэлзэх нь бодит шалтгаантай. Үнийг тогтоохдоо өөрийн төсөөлөл үнэ, зах зээлийн үнэ гэх мэт олон зүйлийг авч үздэг. Тиймээс эхнэр нөхөр хоёр хамтран эзэмшдэг хөрөнгөө янз бүрээр үнэлэх нь хэвийн үзэгдэл гэж АНУ-д тооцдог.
Сайтад гаргасан найман нүүр бүхий тайлангаас үзвэл Барак ба Мишель Обама хоёрын өмчийн дийлэнх буюу нэгээс таван сая хүртэлх ам.доллараар үнэлэгдэх хэмжээ нь Америкийн сан­гийн яамнаас гаргасан бонд хэлбэрээр байдаг аж. Үүний дээр хоёр жилийн хугацаатайгаар төрөөс гаргасан бондод 100 мянгаас 250 мянга хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийж.
Өнгөрсөн жил “JPMorgan Chase” банкин дахь гүйлгээний дансанд нь 250 мянгаас 500 мянган ам.доллар хүртэл бэлэн мөнгө байсан.
Мишель ба Барак Обама хоёр нь тэтгэврийн санд 100 мянгаас 250 мянган ам.доллар хүртэлх хуримтлалтай.
АНУ-ын төрийн тэргүүн ба тэргүүн хатагтай хоёр бас зээлтэй юм байна. Энэ хоёр төрөлх Чикаго хотноо үл хөдлөх хөрөнгийн буюу байрны зээлд 500 мянгаас нэг сая хүртэлх ам.долларын зээлтэй. Цагийн сайханд энэ хоёр 30 жилийн хугацаатай жилийн 5,6 хувийн хүүтэйгээр Чикагод байр авснаас үлдсэн хэсэг нь энэ.
Төрийн тэргүүн нь хөрөнгийнхөө мэдүүлгийг гаргаж байгаа юм чинь дэд тэргүүн нь бас гаргах нь ойлгомжтой.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф ба түүний гэргий Жилл Байден хоёр өөрийн өмч хөрөнгийн хэмжээг 439 мянгаас нэг сая хүртэл ам.доллараар тодорхойлжээ. Дэд Ерөнхийлөгчийн гэр бүл ч мөн өртэй. Өр нь бас үл хөдлөх хөрөнгийн зээл. Өөрөөр хэлбэл байрны зээл юм. Тэд байрны төлбөртөө 755 мянгаас 1,7 сая ам.доллар төлөх ёстой.
Өр, төлбөр, өмч хөрөнгийн ерөнхий хэмжээ ийм бол олсон орлогын хэмжээгээ хэрхэн үнэлсэн нь их сонирхолтой. Барак Обама нь өнгөрсөн жил эхнэртэйгээ нийлж байгаад 608611 ам.долларын орлого олсон бөгөөд үүнээсээ татвар гэж 112214 ам.доллар төлсөн байна. Орлогын гол эх үүсвэр нь АНУ-ын Ерөн­хийлөгчийн цалин. Даш­рамд сонирхуулахад Ерөнхий­лөгчийн цалин нь жилийн 400 мянган ам.доллар. Татварын хэмжээ нь 18,4 хувь. Татвараас гадна Ерөнхийлөгчийн гэр бүл нь олсон орлогоосоо 150 мянган ам.долларыг янз бүрийн буяны байгууллага, сангуудад хандив болгон өгсөн байна.
Дэд Ерөнхийлөгч Байдений гэр бүлийн орлого нь 385 072 ам.доллар. Үүнээс татвар бол­гож 87 851 ам.долларыг, буян­ы ажилд хандив болгож 7,1 мянган ам.доллар өгсөн байна. Харьцуулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өнгөрсөн жил 5,79 рублийн орлоготой ажиллажээ. Путин нь үүний дээр хоёр байртай, газартай, гарааш, чиргүүл,  “ГАЗ-М21”, “ГАЗ-М21-Р”, “Нива” машин эзэмшдэг. Эхнэр нь 443 мянган рублийн орлоготой ажилласан гэж мэдүүлсэн байна.
Германы Ерөнхий сайд буюу канцлер Ангела Меркель нь жилдээ 190 мянган еврогийн цалин авдаг. Үүний дээр Меркель нь парламент буюу Бундестагийн гишүүн болохоор нэмэлт цалин авдаг бөгөөд энэ хоёр нь нийлээд жилдээ 290 мянган евро болдог.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нь тус тус 800 мянга, 230 мянга, 140 мянган еврогийн үнэтэй гурван байртай, 15 мянган еврогийн үнэтэй гэрийн тавилгатай, зээлийн төлбөр гэж сар болгон 1500 евро төлдөг.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан