ОХУ-ын төрийн тогтолцоог элдэв янзаар хэлдэг ч ардчилсан улс гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. АНУ болохоор өөрсдийгөө дэлхийн ардчиллын гол түшиг тулгуур гэдэг. Ардчилсан орнууд хоорондоо эрх тэгш харилцах, бие биеэ хүндлэх, хоорондоо элдэв хор найруулалгүйгээр энх тайвнаар оршин тогтнох ёстой. Нэгнээ тагнах, иргэдийг нь урвуулах гэх мэт алхам хийх шаардлага байхгүй. Гэхдээ энэ бол онол. Бодит байдал тэс өөр.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны харьяа сөрөг тагнуулын алба нь АНУ-ын тагнуулыг үйлдэл дээр нь барьсан байна. Оросын сөрөг тагнуулын албанаас гаргасан мэдээнд “Тавдугаар сарын 14-нд шилжих шөнө АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан Фогл Райан Кристоферийг Оросын тусгай албаны нэгэн ажилтныг урвуулах гэж байгаад үйлдэл дээрээ баригдлаа” гэжээ.
Баригдсан тагнуулч нь АНУ-ын Элчин сайдын яаман дахь улс төрийн албаны гуравдугаар нарийн бичгийн даргын алба гэсэн халхавчин доор үйл ажиллагаа явуулдаг байж. Өөрөөр хэлбэл Оросын улс төр ба батлан хамгаалах салбарт явуулж байгаа бодлогыг хариуцдаг аж.
Оросын сөрөг тагнуулын албаны ажилтнууд Кристоферийг баривчлах үед биеэс нь тагнуул хийх тусгай хэрэгсэл, 500 еврогийн багц дэвсгэрт, урвуулсан хүний гүйцэтгэх ёстой ажлын заавар зэрэг зүйлс илэрчээ. Тагнуулчийн биед байсан зааварчилгаа дотор “Бид таны туршлага, шинжилгээ ба хамтын ажиллагааг үнэлэн 100 мянган ам.долларыг санал болгоход бэлэн байна. Үүний дээр зарим тодорхой асуултад хариулвал шагналын хэмжээг улам нэмэгдүүлэх боломжтой. Мөн удаан хугацааны туршид хамтран ажиллана гэвэл шагналын мөнгийг жилийн нэг сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, бидэнд олгосон мэдээллийн ач холбогдлын дагуу нэмэлт олгоно” гэсэн байж. Урвуулан авсан тагнуулч нь мэдээллээ “Gmail” –д тусгайлан нээсэн хаягаараа дамжуулах ёстой байж. Мөн тагнуулыг баривчлах үед хар ба шар өнгийн хоёр хиймэл үс олсон гэнэ.
Энэ мэт олон баримтаар тагнуулын ажиллагаа явуулж байсныг нь гэрчлэх байсан ч баривчлагдсан хүн нь дипломат халдашгүй эрхтэй тул хэсэг хугацаанд саатуулаад АНУ-ын Элчингийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгчээ. Дипломат харилцааны талаархи Венийн Конвенцийн дагуу дипломат статустай хүнийг хуулийн хариуцлагад татах ёсгүй. Тэгэхээр баригдсан тагнуулчийг “персона нон грата” гээд нэн даруй тус улсын нутаг дэвсгэрийг орхин явахыг шаардаж таарах биз.
ОХУ, АНУ гэх мэт том гүрнийн тагнуул, сөрөг тагнуулын албад тасралтгүй ажиллаж байдаг ч тэр бүр энэ мэтээр тэрийг барилаа гэж мэдэгдэл хийгээд байдаггүй. Тэгэхээр Орос ба Америк хоорондын харилцаанд сүүлийн үед нэлээд хурцадмал байдал үүсээд, Сири гэх мэт олон улсын ээдрээтэй асуудлын талаар хэлэлцээр хийх үед шалтаг ба шалтгаан болгох үйл явдал хэрэгтэй байсан хэрэг.
Оросын тал үүнээс өмнө 2006 онд Их Британийн тагнуулын ажилтан утасгүй сүлжээ дамжуулан мэдээлэл авч байх үед үйлдэл дээр нь баривчлан том дуулиан дэгдээсэн. Энэ дуулианы мөрөөр Оросын Засгийн газраас Их Британитай холбоотой байгууллага болгоныг шалгасан юм. Тэгтэл британичууд соёлын солилцоо нэрээр Оросын Батлан хамгаалах салбарын дийлэнх үйлдвэр ажилладаг бүс нутагт сөрөг хүчний ажиллагааг илт дэмждэг байсан нь илэрсэн. Зүгээр ч нэг дэмждэггүй төрийн эсрэг ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал гэх мэт бүх л үйл ажиллагааг хянадаг, санхүүжүүлдэг байсан нь илэрсэн гэж Оросын тал мэдэгдсэн юм. Тиймээс Их Британийн соёлын солилцоо нэртэй байгууллагын үйл ажиллагааг Оросын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг нь бүрэн хориглосон. Британичууд хариуд нь манай соёлын солилцоо нь зөвхөн Оросын төлөө юм шүү гэж мянган нотолгоо гаргаад дийлээгүй. Ингэснээр тус бүс нутаг дахь британичуудын ил харагдах нөлөөг шууд үгүй болгосон хэрэг юм
Гэхдээ Оросын тал ч ойрын жилүүдэд байсхийгээд л тагнуул нь илэрч дэлхийн хэмжээнд дуулиан тарьдаг болсон. Жишээлэхэд, 2010 онд Оросын гадаад тагнуулын албаны арваад хүнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо баривчилж дэлхий нийтийг бүлтийлгэсэн. Нэг дор арван хүнээ баривчлуулж байсан тохиолдол хуучин Зөвлөлтийн үед ч тэр, Зөвлөлтийг задарсны дараа ч байгаагүй болохоор үнэхээр дуулиан тарьсан нь ойлгомжтой. Гэтэл Ерөнхийлөгч Обама утсаар Ерөнхийлөгч Путинтэй ярьсны дараа энэ олон тагнуулыг Америкийн хуулиар шийтгэлгүй суллаад явуулчихсан. Онц үйл ажиллагаа явуулж амжаагүй байсан хэдэн тагнуулчийг суллан тавих нь хоёр улс хоорондын найрсаг харилцаанд таагүй нөлөө үзүүлэхгүй гэдгээ харуулсан хэрэг. Суллагдсан хүмүүсийг дараа нь Путин хүлээн авч “Эх орон хаанаас эхэлдэг вэ” гэдэг дуу хамт дуулж суусан тухай мэдээ олон нийтэд тарсан юм. Хийх ёстой ажлаа гүйцэтгэж чадалгүй нураагаад, баригдаад ирсэн хүмүүсийг наад зах нь шийтгэх ёстой байтал ингэж төрийн хамгийн дээд хэмжээнд хүлээн авч байгаад хүмүүс гайхсан. Гэхдээ Путин өөрөө тусгай албанд олон жил ажилласан, тагнуулч байна гэдгийг сургаар бус бодитоор мэддэг болохоор ийнхүү зөөлөн хандлаа гэх яриа ч гарсан.
Энэ удаад баригдсан Америкийн тагнуул нь дипломат халдашгүй эрхтэй болохоор оросууд хүссэн, хүсээгүй суллах байсан. Гэхдээ нэгэнт л үйлдэл дээр нь барьсан болохоор Америкийн Элчин сайдыг дуудаж албан ёсоор эсэргүүцэл илэрхийлэн тайлбар хийхийг шаардсан байна. Харин ОХУ дахь Америкийн Элчин сайд Майкл Макфол нь энэ хэргийн талаар хэвлэл мэдээлэлд ямар нэг тайлбар хийхээс татгалзан.
Удахгүй АНУ, ОХУ хоёр нь Сирийн асуудлын талаархи олон улсын хэлэлцээрт оролцох гэж байгаа. Ийм үед тагнуул үйлдэл дээрээ баривчлагдана гэдэг Орост ашигтай гэсэн үг. Зөвхөн Сирийн асуудал дээр ч биш. Өөр олон асуудал дээр америкчууд танайхыг тагнах, хүмүүсийг чинь урвуулах гээгүй юм шүү гэдгээ батлан харуулах шаардлагатай болж байгаа юм. Оросын Гадаад хэргийн яам энэ хэргийн тухайд хийсэн мэдэгдэлдээ “Хүйтэн дайны үеийнхтэй адил энэ мэт өдөөн хатгасан үйлдэл нь харилцан итгэлцэлийг бэхжүүлэхэд огтхон ч нааштай нөлөөлөхгүй” гэж мэдэгдсэн нь америкчуудыг алсаас няслаад авсантай адил юм.