Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

25 жилийн өмнөх дайснууд тэврэлдэн уулзлаа

Яг 25 жилийн өмнө 1988 оны тавдугаар сарын 15-нд Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарч эхэлсэн байна. 10 жил үргэлжилсэн утга учиргүй дайн дуусч афганчууд ч амарч, хүний нутагт 10 жил байлдсан зөвлөлтийн цэргүүд ч нутагтаа буцаж эхэлсэн нь тэр.
Энэ өдрийг дурсч РИА Новости агентлагийн сурвалжлагч  25 жилийн өмнө Афганд байлдаж явсан, тухайн үедээ батальон захирагч байсан Валерий Вощевозыг дагуулан Афганистанд сурвалжлага хийгээд иржээ. Тэр батальон захирагчийн хамтран зүтгэгч дайчин нөхдөөс гадна тэр үед дайсан нь байсан можахедын төлөөллийг олж уулзах нь бүр сонин байж.

“30 жилийн өмнө уулзаагүй нь сайн болж”

Тэр надад “Чи сайн эр юм. З0 жилийн өмнө уулзаагүй нь тоогүй” гэж хэлсэн. Хариуд нь би “Харин ч тэгэхэд уулзаагүй нь сайн хэрэг. Тэгсэн бол аль нэг нь өнөөдөр энд байхгүй байх байсан” гэсэн хэмээн батальон захирагч Валера тэр үеийн дайсан байсан, можахедуудын хээрийн ангийн захирагч Суфи Паяндатай уулзсанаа  ярьж байна.
Валера Вощевоз бол Алс Дорнодын хязгаараас ирсэн ёстой л Любэгийн дуулдаг комбат. Алс дорнодод ажиллаж байсан 30 настай ахмад афганистанд 1986 онд сайн дураараа явсан. “Би тэр үед хошууч болох ёстой байлаа. Тэгээд л Афган руу явсан. Би ясны цэрэг хүн болохоор дайны утаа үнэрлээгүй бол ямар цэрэг байхав,  тэгээд л явсан” гэж тэр ярьж байна.
Мотобуудлагын 108 дугаар дивизийн 177 дугаар хороонд эхлээд салаа командалж, дараа нь батальон захирагч болсон. Гол үүрэг бол ЗХУ-ын өмнөд хил рүү Термез хотоос ирэх 60 км замыг хамгаалах, цэрэг зэвсгийн цувааг саадгүй нэвтрүүлэх явдал.

Хараал идсэн Саланг хавцал

Кабулаас хойд зүгт энэ замд Саланг хавцал гэж бий. “Тэр хавиар можахедууд уулаар дамжаад гүйхдээ сайн, бид ч хариуд нь намнаад өгнө л дөө” гэж тэр дурсч байна. Саланг хавцал нь түүний хариуцаж байсан замын хамгийн өндөрлөг, далайн түвшнээс 3800 метр, бас хэд хэдэн хонгилтой. Үнэндээ ч душманууд байнга отож байдаг, хамгийн авултай газрын нэг.
Уг нь бетондсон зам байсан ч өнөөдөр эвдрээд бүр муудсан, аргагүй л дээ, зөвлөлтийн цэрэг явснаас хойш хэн ч засаагүй юм байна. Нэг хонгилд нь орж үзэхэд бас л их эвдэрсэн, бензин л үнэртэж байлаа. 1980 онд энэ хонгилд зөвлөлтийн танкийн цуваа явж байгаад  зогсох үед 16 цэрэг амиа алдсан гэдэг. 1982 оны арваннэгдүгээр сард  бүр аймшигтай юм болж бензин тээвэрлэгч дэлбэрэн 176 хүн амь алдсан гэнэ.

Валера яг л 30 жилийн өмнө явж байсан шигээ бидэнд замыг маш сайн зааж газарчилж байсан. Бидэнд үйлчилж байсан афганчууд ч түүний үгийг дуулгавартай дагаж оросоор хальт мөлт ярин ойлголцоод байсан. Харин Валерагийн командлах аялга андашгүй байсан шүү.

“Комбат” бүхнийг нягталж байлаа


Хонгилоос гармагц Валерагийн батальон байсан ангийн туурин дээр ирсэн. Одоо тэнд нь жолооч нарт ус хатаасан төмсхөн зардаг афган худалдааны майхнууд л байх шив дээ. Валера тэдний нэгнээс хэдэн жилийн өмнө эзэнд нь бэлэглэсэн лангуутайгаа хамт өгсөн цэргийн таних дэмдгээ шаардсан. Харин нөгөөх нь тоос болсон тэмдэг гаргаж харуулна билээ. Тэрхэн хавьд нь зөвлөлтийн цэрэгт зориулсан орос цэргийн цорын ганц хөшөө байдаг юм байна. Армийн ачааны машин даваан дээр хурдтай гарч ирээд олон энгийн хүн тээсэн машиныг мөргөчихгүйн тулд жолоогоо өөр тийш залж онхолдож жолооч нь нас барсан гэнэ. Афганчууд олон хүний амь аварсан жолоочид талархаж хөшөө босгосон нь тэр гэнэ. Хөшөөг сайхан цэвэрлэж тордоорой, эргэж ирээд шалгана шүү. Цэвэрлэсэн байвал 100 доллар өгнө гэж Валера худалдаачдад тушаагаад хөдөлсөн. Худалдаачдаас бас тухайн үед зөвлөлтийн цэрэгтэй байлдаж явсан ямар ямар хүн байгааг асуугаад авна билээ.
Афганистаны аюулгүй байдлын албанд алба хааж, зөвлөлтийн талын холбоотон байсан хүн ч нэлээд хэд байдаг гэнэ. Гэхдээ тэд бол ихэнхдээ можахедуудтай холбоотой, ер нь итгэхэд бэрх байсан гэдэг. “Усман гэж нэг нөхөр байгаа гэнэ. Түүнийг надад өгөхөд бид тагнуулд явахдаа үргэлж Усманы ард нь явдаг байлаа. Тэгэхгүй бол нуруунд сум зоож мэднэ” гэж Валера ярьж явлаа. Гэхдээ л тэднийг Валерагийн батальонд өгч хамт байлдаж явж.
Гэхдээ Усманы аавыг душманууд алсан болохоор тэр тэднийг цусан өшөөт дайсан гэж үздэг байж. “Миний эцгийг душманууд миний нүдэн дээр алсан. Ах  минь Кабулд засгийн газарт ажилладаг байсан болохоор тэр. Тэгээд л хүүгээ эргүүлж авчир гэхэд аав минь дургүйцсэн хэрэг” гэж өөрийнхөө түүхийг Усман ярьж байна. Ийнхүү афганд 25 жил үргэлжилсэн  иргэний дайн өнөө ч үргэлжилсээр байна.
Ийм цусан өшөөт хүмүүсээр бүрдсэн афганы арми, аюулгүйн алба хамгийн дайчин чадварлаг хэсэг нь байсан гэнэ.
Валера харин афганд хоёр жил дайтаад Москвад Фрунзын нэрэмжит цэргийн академи төгсч, 1996 онд Амур муж дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч болж байж. Одоо Амур дахь афганы ахмад дайчдын холбооны удирдагч.

Нэг хорооныхон


Төдхөн бид Хинжан тосгонд ирж Усман, түүний нэг адил аюулгүйн албаны дайчин Гульрахман нарыг олж уулзсан. Тэд ч батальон захирагчаа баяртай угтаж авлаа. Афган үндэсний хувцастай, цагаан сахалтай энэ өвгөдийг Валера бараг л танихгүй өнгөрөх шахсан. Арга ч үгүй юм даа, тэр үед цэргийн хувцастай залуучууд байсан юм чинь. Усман Хожи гэхэд л 57 настай, Гульрахман Нури 50 настай.
Зөвлөлтийн цэрэг гарсны дараа  тэдний хувьд можахедуудаас жаахан эмээж байсан байна. Яагаад гэвэл мэдээж тэд Валерагийн нөхөд байсан болохоор.
Дараа нь талиб-пуштунуудтай байлдах иргэний дайн эхэлсэн. Усман, Гульрахман хоёр ч дахиад л буу барьсан гэнэ. Гэхдээ өнөөх Суфи Паяндатайгаа нэг талд шүү дээ.

Афганчуудын Бакшиш буюу бэлэг


Эндээс 60 км зайд Пули-Хумри хотод өнөөх дайсан Суфи Паянда амьдардаг гэнэ. Харин замд нэг жижиг гол таарсан, жолооч минь тийшээ зааж “Тэнд талибууд амьдардаг” гэсэн юм. Талибууд одоо нутгийн иргэдийн дэмжлэгийг их авдаг гэсэн. Тэд охидын сургуулийг хориглож, телевизийг бас хаажээ. Тэгээд ч тосгонд цахилгаан байхгүй. Талибууд ер нь улс орныхоо газар нутгийн 50-70 хувийг хянадаг гэнэ. Энд бол шөнөдөө аюултай гэдэг бол афганы өмнөд нутагт өдөр ч аймшигтай гэнэ. Уулзахаас өмнө дэлгүүр орж айлд зочлох гэж байгаа юм байна даа гээд “бакшиш” авсан. Энэ нь бэлэг гэсэн үг гэнэ. Валера өөрийн “дайсандаа” жимс л авна билээ.
Гэрт нь очвол нэгэн цагт бүхий л тойрог, мужаа айлгаж явсан можахед гэмээргүй 80 настай жижигхэн өвгөн л байлаа. Тэр одоо овгийн тэргүүн 20 гаруй ачтай гэнэ.
Можахедуудын хээрийн ангийн захирагч өнөөдөр хоёр давхар байшинд сууж арилжаа эрхэлдэг байна. Тэр цагт байлдаж дайтаж байсан хүмүүс өнөөдөр ямар ч тэтгэмж тэтгэлэггүй амьдардаг юм байна.
Та ямар мэргэжилтэй вэ гэхэд жихад болохоосоо өмнө би махны наймаачин байсан гэж байна. Харин тэр зохион байгуулах авьяастай байсан бололтой, жихадын хээрийн ангийн захирагч болж 500 душман захирч явж. Тэд нь ч яахав ихэнх нь партизаны маягаар байлдаж, зөвлөлтийн цэргээс олзолж авсан зэвсгээр зэвсэглэсэн нутгийн иргэд л дээ.
“Дайны үед танай хэдэн хүн амь алдсан бэ” гэхэд “200 гаруй хүн шахид болсон доо” гэж өөрсдийн ариун дайны талаар ярьж сууна. Та өөрөө хэдэн цэрэг алсан бэ гэхэд “тоолоогүй” гэсэн.
“Оросууд бидэн рүү дайрсан болохоор бид тэдэнд дургүй байсан. Тэгээд ч урилгагүй зочиддоо хариуг нь барьж гомдоохгүйг л хичээсэн. Харин оросууд зоригтой, эрэлхэг хүмүүс. Бид тэднийг хүндэлдэг” гэж ярьж байна.

Аллахын хүслээр


Тулааны үед Суфи Паяндаг батальон захирагч Валера хэзээ ч хараагүй. Гэхдээ эсрэг талыг нь хэн командалж байгааг тус бүртээ сонссон байж. “Хэрэв тэр үед бид хоёр зэрэгцэж суугаад цай ууж байх юм гэж хэн нэгэн хэлсэн бол үнэмшихгүй байсан. Гэхдээ бүх зүйл аллахын ивээлээр болдог шүү дээ. Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй гэдэг” хэмээн махны худалдаачин маань жинхэнэ улстөрч шиг ярьж сууна. Харин Валера “Бидний хувьд тэднийг бодвол илүү буруутай л даа. Яагаад гэвэл бид бусдын сүмд дайран орсон” гэж хэллээ. Нэгэн цагт уул тойрон бие биеэ агнах гэж явсан дайснууд өнөөдөр төрөл төрөгсөд шиг л бие бизнээ дотно нүдээр харан ярьж суусан.

Орой мөргөлийн цаг болж айлынхан сүм рүү явах болж бидний уулзалт өндөрлөсөн. Суфи Паяндатай гадаа гарахад хэсэг залуу ярилцаад зогсч харагдсан. Харин хээрийн ангийн захирагч жихад нөхөр нь Валерад хандаж “Дараа ирэхдээ бакшиш болгож хөл бөмбөг авчраарай. Хөл бөмбөг тогломоор байна” гэж захина билээ.  
 
Хөшөөг цэвэрлэчихэж


Буцах замдаа өнөөх Саланг хавцал, хонгилд ирэхэд Валера орос цэргийн хөшөөг цэвэрлэж үү үгүй юу гэдгийг шалгахаар явсан. Үнэхээр сайхан тохижуулаад цэвэрлэчихсэн байна билээ. Валера халааснаасаа 100 ногоон гаргаж худалдаачдад өгөөд, хөшөөн дээрх дайчдын нэрсийг удаан харж байснаа санаа алдан машиндаа сууж хөдөллөө.

Лавлах:


1979-1989 он хүртэл үргэлжилсэн энэ дайнд ЗХУ нийтдээ 14,5 мянган цэрэг дайчин амь алдаж. 53,7 мняган цэрэг шархадсанаас 10,7 мянга нь тахир дутуу болсон. Зөвьлөлтийн тал 118 нисэх онгоц, 333 нисдэг тэрэг, 147 танк, 1314 хуягт машин, төрөл бүрийн 13 мянга орчим машин техникээ алдсан юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
Хамгийн их уншсан