Тарган байна гэдэг гоо сайхны илэрхийлэл гэсэн ойлголт Суданд хэдэн зууны тэртээгээс саяхныг хүртэл хадгалагдсаар иржээ. Тарган бүсгүй нөхөрт гарахдаа инж бэлэг их авдаг байсан энэ улсад өнөөдөр харин турахыг хүсэгчид олширчээ. Таргалалт гэдэг гоо сайхан төдийгүй эрүүл мэндийн хувьд асар хор хохиролтой болохыг тэд ойлгож эхэлснээр фитнесст олноороо явах болсон байна. Суданы нийслэл Хартум хотод сүүлийн хэдхэн жилийн дотор 30 гаруй фитнес төв нээгдсэн нь өдгөө захиалгаар дүүрэн байдаг болжээ.
Гэвч 20 жилийн өмнө бол судан бүсгүйчүүд турах тухай бодох ч нөхцөлгүй байжээ. Судан охидыг гэрлэхээс нь өмнө хүчээр таргалуулдаг уламжлал бүр манай эриний 350 оны үеэс хадгалагдаж иржээ. Том өгзөг, зузаан гуя гоо сайхны илэрхийлэл хэмээн ахмадууд нь сургаж, охидыг бүр 11-12 настай байхаас нь эхлэн өндөр тослог, илчлэгтэй хоолоор таргалуулж эхэлдэг байсан гэнэ. Ингэж эрт таргалуулах нь охиноо овортой болгон харагдуулж, нөхөрт эрт гаргах гэсэн санаа бөгөөд сүйт бүсгүй хэр том, тарган болох тусмаа хүргэний талаас авах инж бэлгийн хэмжээ ихэсдэг аж.
Охидыг сүй тавьмагц орных нь голд том гэгч нь нүх гаргаад, түүнийг дүүргэх хэмжээнд хүрч таргалтал нь хоол хүнсээр борддог байж. Сүйт бүсгүй нүхийг таглахуйц таргалсан үед хурим хийхэд бэлэн боллоо гэж үзнэ. Ингэхдээ бас нэгэн ёс гүйцэтгэх бөгөөд тэр нь бэрийг хуримын өмнөх 40 хоногт акациа хэмээх үнэрт мод шатаасан уур дээр өдөр бүр суулгаж утдаг байна. Ингэж утахад бүсгүйн бие дээр зузаан гэгч нь үнэрт тос тогтоно. Энэ хугацаанд бэр нэг ч удаа угаал үйлдэх ёсгүй бөгөөд 40 хоногийн хугацаанд утаж, биед нь хуримтлагдсан тосыг хусч аваад хүргэний гэрт илгээдэг байна. Хүргэний тал бэрийнхээ биед хуримтлагдсан тосыг хэмжиж үзээд яг тэр хэмжээгээр нь цэвэр алт инжинд нь өгдөг ёстой аж. Тиймээс сүйт бүсгүй хэр тарган, хэр том биетэй байна тэр хэмжээгээрээ биедээ тос хуримтлуулж чадах учир хуримаас нь өмнө байдгаар нь таргалуулдаг уламжлалтай байж. Харин одоо судан бүсгүйчүүд инжний төлөө эрүүл мэнд, гоо сайхнаа золиослохыг хүсэхээргүй болж, эрчүүд нь ч туранхай бүсгүйчүүдэд дурлах болжээ.