Хятадын цагдаа нар хониных гэсэн нэрээр хархны мах зардаг байсан гэмт бүлэглэлийн 60 гаруй гишүүнийг өнгөрөгч баасан гарагт баривчилсан байна. Ингэхдээ 10 гаруй тонн хархны мах хураан авчээ.
Гэмт этгээдүүд 2009 оноос эхлэн Шаньдун мужаас харх, үнэгний мах худалдан аваад давс, хүнсний амтлагчаар үнэр, амтыг нь дараад Шанхай, Зяньсу мужийн зах дээр зардаг байсныг цагдаа нар тогтоосон байна. Ийм луйвар хийх замаар гэмт этгээдүүд дөрвөн жилийн дотор 10 сая юанийн ашиг олоод байсан аж.
Бүлэглэлийг энэ оны хоёрдугаар сард явуулсан тусгай ажиллагааны явцад бүх шат дамжлага, ов мэхийг нь тодорхойлон баривчилсан нь энэ аж.
Хятадын олон нийтийн аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдээнээс үзвэл мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага, хэм хэмжээг зөрчсөн хэргээр 2010 оноос хойш 900 гаруй хүн баривчлагдаж, хүний амь нас, эрүүл мэндэд аюултай 20 мянган тонн махыг хураан аваад байгаа юм. Гэмт этгээдүүдийн хамгийн хэрэглэдэг луйвар нь өвчнөөр үхсэн амьтны махыг зарах, хархны махыг хониных гэж хуурах, жинг нэмэгдүүлэхийн тулд ус шахаж хөлдөөх гэнэ. Шанхай хотын дундуур урсдаг голоос гаргаж авсан арав гаруй мянган гахайны цогцосноос ч гэмт хэрэгтнүүд авч борлуулаагүй гэх баталгаа байхгүй юм.
Сүүлийн үед зөвхөн Хятад гэлтгүй Дэлхийн олон оронд хямд махыг өндөр үнэтэй чанартай өөр мах нэрээр зардаг луйвар гараад байгаа юм. Ирландад хамгийн анх үхрийн мах гэж дэлгүүрээр зарж байсан махнаас ДНХ-ийн нарийвчилсан шинжилгээ хийж үзэхэд адууны мах байсан нь илэрснээр ийм дуулиан дэгдсэн билээ. Ирланд, Англи зэрэг оронд адууны махыг хүнсэнд хэрэглэхийг цээрлэдэг, зөвхөн нохой, муурны хоолонд л хэрэглэдэг учраас иргэд нь ихэд уурлаж бухимдсан бөгөөд мах нийлүүлэгчид олон мянган тонн махаа буцаж татахаас өөр аргагүй болж байв.
Энэ дуулианаар Европын олон оронд зарагдаж байгаа үхрийн маханд шинжилгээ хийхэд адууны мах илэрсэн нь гал дээр тос хийсэнтэй адил болсон. Тухайлбал, Герман, Дани, Испани, Кипр, Люксембург, Швед улсад хийсэн шалгалтаар 100 хувь цэвэр үхрийн махаар хийсэн гэж мэдэгдсэн олон бүтээгдэхүүнээс адууны мах илэрсэн. Гэхдээ эдгээр орнуудад адууны махыг тодорхой хэмжээгээр хүнсэнд хэрэглэдэг болохоор дуулианы сэдэв мэхлэлт болсон билээ. Адууны махыг үхрийнх гэж өндөр үнээр зарж байсанд нь эдгээр орны иргэд дургүйцсэн. Харин анхнаасаа адууны мах гэж зарж байсан бол уурлах, бухимдах зүйл гарахгүй гэдэгт онцолсон юм.
Манай хойд хөршид Австриас гахайн махаар хийсэн гэсэн 20 тонн зайдсыг шинжлэхэд найрлагаас нь адууны мах илэрсэн болохоор хураан авч устгалд оруулсан хэрэг гарсан юм.
Дуулианы үеэр үхрийн мах нэрээр зарагдаж байгаад хураагдсан адууны мах, махан бүтээгдэхүүнийг гол төлөв нийгмийн эмзэг давхаргад тусламж үзүүлдэгтусламжийн байгууллагуудад өгсөн байна.
Дуулиан зөвхөн адууны махаар, Европоор хязгаарлагдсангүй. Далайн нөөцийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Oceana” загас, далайн гаралтай бүтээгдэхүүний найрлагад шинжилгээ хийгээд үр дүнг нь олон нийтэд танилцуулсны дараагаар хоёр тивийг хамарсан дуулиан дэгдсэн. Зоогийн газар дэлгүүрээр зарагдаж байгаа далайн загас, далайн гаралтай бүтээгдэхүүн нь шошго дээр заагдсанаас ялгаатай, өөр загас, өөр бүтээгдэхүүн байсныг энэ байгууллага тогтоосон байна. Тухайлбал, Нью-Йорк хотын худалдааны сүлжээгээр борлогдож байсан загаснуудын 40 хувьд нь өөр загас мах хольсон байжээ. Мөн Америкийн зоогийн газруудаар зарагдаж байгаа загасан хоолны 25 хувь цэсэн дээр нэрлэгдэснээс огт өөр загасны махаар хийгддэг болохыг тогтоосон байна. Европт зарагадаж байгаа далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний 30 хувь нь шошго дээрхээсээ өөр найрлагатай байжээ.
Луйварчид нь гол төлөв хямд махтай загасыг илүү өндөр үнэтэй загасан бүтээгдэхүүндээ нууцаар хольдог байжээ.
Хүнсний бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг ов мэх нь хямд бүтээгдэхүүнийг үнэтэй гэж мэдэгдэн зарах, үзүүлэлтүүдийг нь хүчээр өсгөх зорилгоор химийн хортой бодис ашиглах юм.
Тухайлбал, манай урд хөршийн хүүхдийн сүүний нэгэн үйлдвэр бүтээгдэхүүнийхээ уургийн агуулгыг нэмэгдүүлэх зорилгоор хүний биед маш хортой меланин нэртэй уураг сүүндээ нэмснээс болж олон мянган хүүхэд хордсон хэрэг гарч байсан билээ. Мөн урд хөршид үйлдвэрлэгдсэн зарим сүү илүү өтгөн болгохын тулд цардуул нэмсэн, сүүний тослогийг нэмэхийн тулд хямд ургамлын тос хийсэн байсан нь илэрч олон нийтийн бухимдлыг ихэд хүргэж байсан билээ.
Хятадын гэмт хэрэгтнүүд хархны махыг хониных гэж зарсан тухай эхэнд дурдагдсан мэдээ дэлхийн нийтээр түгсний дараагаар Хятадтай хил залгадаг, эрчимтэй арилжаа хийдэг орнууд хариу арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал, манай хойд хөршийнхөн нисэх компаниуддаа Хятадаас онгоцон дотор тараагддаг хоолонд ашиглах бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөжээ. Мөн Хятадад байгаа өөрсдийн иргэддээ хандан улаан мах хүнсэндээ хэрэглэхээс тодорхой хугацаагаар татгалзахыг зөвлөв. Хабаровын хязгаар, Амар муж зэрэг Хятадтай хил залгаа мужийн удирдлагад Хятадаас хуурамч мах орж ирж магадгүй байгаа болохоор мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналтаа нэмэгдүүлэх тухай сэрэмжлүүлэг явуулаад байгаа гэнэ.
Урд байгаа манай иргэд ч энэ тал дээр илүү анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй байх.