Америкийн эрх бүхий албан тушаалтнууд “Талибан” хөдөлгөөнийг наанадаж хүч алдуулах, цаанадаж бүрэн устгахын тулд Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн тойрон хүрээлэлд бэлэн мөнгө өгч байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Харамсалтай нь тэр их бэлэн мөнгө өгсний үр дүнд”Талибан” хөдөлгөөн устаагүй төдийгүй шинэ Афганистаны төрийг авлигад идэгдэх үндэс нь болсон тухай “New York Times” сонины интернэт хувилбарт мэдээлжээ. Тус сонины сайтын мэдээлж байгаагаар 10 гаруй жилийн туршид Америкийн Тагнуулын төв газар нь Афганистаны Ерөнхийлөгчийн тамгын газрыг санхүүжүүлж байж. Америкийн Засгийн газар дахь нэрээ хэлээгүй эх сурвалжийн хэлж байгаагаар “Бид Карзайн Засгийн газрыг Талибан хөдөлгөөнийг сөнөө гэж санхүүжүүлсэн” гэжээ.
Санхүүжилт гэдэг нь ямар хэмжээнд байсан талаар Карзайн Засгийн газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн хэлснээр “Чемодан, үүргэвч, гялгар уутанд хийсэн ам. долларуудыг Ерөнхийлөгчийн оффис руу явуулдаг” гэсэн байх юм. Энэ их мөнгөөр Карзайн Засгийн газар нь “Талибан” хөдөлгөөний нэгжийн захирагч нарыг авлигадан буулган авдаг байсан аж. Гэтэл энэ их мөнгө нь яваандаа эсрэг утгаар нөлөө үзүүлэх болж, Афганистан дахь авлигын асар том эх сурвалж болсон тухай АНУ-ын Засгийн газрын томоохон албан тушаалтан хэлсэн байна.
Жишээлэхэд, бодитоор дайн хийж алан хядах бүлэглэлийн устгахын тулд тодорхой хугацаанд зэвсэг хэрэглэхгүй болгох гэж мөнгө өгдөг. Эвслийн зэвсэгт хүчний эсрэг буу дуугаргахгүй л бол хар тамхины төрлийн ургамал тариалж, ургацаа хураан, хилийн чанад руу гаргахыг харсан ч хараагүй царайлдаг. Үүний дээр эвслийн зэвсэгт хүчний эсрэг зэвсэг хөдөлгөөгүй гэж мөнгө төлдөг болжээ. Бодит байдал дээр “Талибан” хөдөлгөөнийг устгадаггүй юм гэхэд амирлуулах зориулалттай энэ их мөнгө Карзайг тойрон хүрээлэгчдийн халаасанд орж байгааг америкчууд мэдээгүй биш мэдэж байсан. Гол нь талибуудыг ялаад байна, ялаад байна гэсэн илтгэл л байсан болохоор мэдээгүй дүр эсгэсэн гэж болно. Энэ хооронд мөнгө тэдний халаасанд ороод л байна ороод л байна.
Ингэсээр сүүлдээ “Талибан” хөдөлгөөний эсрэг тэмцэл нь хорын үндсийг угаар нь тайрах ажиллагаа биш эрх бүхий хэдэн хүн хоорондын мөнгөний солилцоо төдий зүйл болж хувирчээ.
Энэ нь яваандаа хэрээс хэтрээд Карзайн гэр бүл нь Америкаас ирж байгаа энэ их бэлэн мөнгөний урсгалыг цэгцтэй болгохын тулд банк байгуулж угаадаг байсан нь илэрч нэлээд дуулиан тарьж байсан. Асар их мөнгө тэр тусмаа америкчуудын татварын мөнгийг “Талибан” хөдөлгөөнийг устгах нэрийдлээр Швейцарь мэт улсууд дахь Карзай овгийн данс руу орж байсан нь илрэхээр шударга америкчууд дургүйцэхгүй гээд яалтай. Харамсалтай нь, Афганистанд Карзайгаас өөр Америк тэргүүтэй орнуудыг дэмжигч овог ч гарч ирээгүй болохоор нүдэн балай, чихэн дүлий явахаас өөр аргагүй болсон аж. Явсаар “Талибан” хөдөлгөөн Афганистанд төр барьж байх үед бараг үгүй болоод байсан хар тамхины тариалан, үйлдвэрлэл нь одоо Афганы дийлэнх иргэдийн орлогын гол эх үүсвэр болж хувирчээ. НҮБ-аас гаргасан мэдээнээс үзвэл энэ жил Афганистанд хураах хар тамхины түүхий эдийн ургацын хэмжээ түүхэн дээд амжилт тогтооно.
Ийм байдлаараа Афганистан дахь Карзайн овог нь 70 гаруй жилийн өмнө, америкчуудын дэмжлэгээр засгийн эрхэнд гарч, олон арван жилийн турш Никарагуа нэртэй улсыг эрхшээсэн генерал Сомосын дэглэмтэй төстэй. Зөвлөлттэй л сөргөлдөж байвал ямар ч байсан хамаагүй гэж Латин Америкийн олон орны цуст дарангуйлагч нарыг төсвийн мөнгөөр санхүүжүүлж байсан үе. Өнөөдөр Зөвлөлт нэгэнт байхгүй болж, түүнийг алан хядагч, “Аль-Кайда”, “Талибан” гэсэн ойлголтоор сольчихсон хэрэг. Тэдгээр дарангуйлагч дэглэмүүд нь улайм цайм идсээр атал харсан ч хараагүй байхыг илүүд үздэг байв. Никарагуад Америкийн шууд дэмжлэгтэйгээр Засгийн эрхийг гартаа авч, 300 мянган хүний аминд хүрсэн генерал Сомосаг адгийн шаар гэж ярихыг сонссон Америкийн Ерөнхийлөгч Франклин Рузвельт “Тэр адгийн шаар байж болно. Гэхдээ наадах чинь манай адгийн шаар” гэж тайлбарласан байдаг. Оросуудынх, өөрөөр хэлбэл Зөвлөлтийн адгийн шаар л биш бол хамаагүй гэсэн үг.
Гэтэл энэ “адгийн шаар” нь 1939 онд төрийн эрхийг гартаа авснаас хойш тавхан жилийн дотор тухайн үедээ хүний ухаан санаанд багтамгүй их хөрөнгийг “базаж” чадсан байдаг. Нарийвчилбал, 51 мал үржүүлгийн ферм, 46 кофений тариалан, 400 тамхины тариалан, алтны уурхай, Никарагуагийн цорын ганц цементийн үйлдвэрийн хувьцааны 50 хувь, гадаадаас асаагуур оруулж ирэхийг хорьж байгаад шүдэнзний үйлдвэрийн 50 хувь, Никарагуа улсын мод боловсруулах бүх үйлдвэрүүдийн 50 хувь, дөрвөн цахилгаан станц, Мексик, Майами, Коста-Рико дахь хөлсний байрууд, дөрвөн мах комбинат, хамгийн том сүүний үйлдвэр.
Тухайн үед, өөрөөр хэлбэл 1940-1950 онд дарангуйлагч болгон иддэг нь хэвийн үзэгдэл байсан ч зүгээр л тоочоод байхаар лут сонсогдож байгаа нь гарцаагүй. Энэ бүхнийг америкчууд харсаар л байсан.
Үүний дээр Никарагуад үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын татвар гэж жил болгон төлдөг 175 мянган ам.долларыг Сомос генерал өөрийн дансанд шууд оруулдаг байж. 1940-1950 оны 175 мянган ам.доллар гэдэг одоогийн инфляц энэ тэрийг тооцвол асар их мөнгө.
Тиймээс Никарагуа нь Америкийн голдуу хөрөнгө оруулагчдын шахалтын дагуу хөвөн асар ихээр тариалах болсон байдаг. Никарагуа улсын эдийн засгийн хөгжлийн хэрэгцээнд огт үл нийцэх атал Сомос генералд таалагддаг болохоор л тариалаад байдаг. Жижиг газартай тариаланчдыг хүчээр дампууруулан америкийн хөрөнгө оруулагчдын бий болгосон асар том хөвөнгийн тариаланд ажилчнаар албан хүчээр оруулдаг байж. Улаан буудай, эрдэнэ шиш мэтийн хүн амын хүнсний хамгийн гол эх үүсвэрүүдийн тариаланг албан хүчээр мартаад зөвхөн л хөвөн тариалдаг. Энэ их хөвөнгийн “хүчиндэлтийн” үр дүнд Никарагуа нь хүнсний бүтээгдэхүүнээ гадаадаас импортоор оруулж ирэхээс өөр аргагүй болж асар том уналтад орсон байдаг. Өөрт нь хайртай Сомосын дэглэмийг дэмжихийн тулд Америк жил болгон олон сая ам.долларын тусламж үзүүлдэг байсан нь ойлгомжтой. Энэ мөнгөний дийлэнх нь хэний халаасанд орсон нь ойлгомжтой.
Ингэсээр атал “Манай л адгийн шаар бол болоо” гэсэн зарчмаар хандсаар Никарагуад дарангуйлагчдын удам үүсгэн бий болгосон. Энэ бүхэн хэрээс хэтрээд социалист хувьсгал гарахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Хувьсгал гарсны дараагаар америкчуудын дэмжлэгийг авч чадалгүй унасан ач Сомосын гэр бүл гачигдаж дутагдах зүйлгүйгээр өөр улс руу дүрвэн эсэн мэнд амьдарч байсан ч хувьсгалчид тусгай ажиллагаа явуулж хөнөөсөн байдаг. Сомосаг алагдсан сургаар никарагуачууд гашуудаж байсан нь юу л бол.
Харин одоогийн Афганистанд социалист хувьсгал биш лалын хэт явцуу үзлийн, талибаны хувьсгал гарч таарах байх. Харин хилийн чанад руу дүрвэж эсэн мэнд амьдарч магдагүй хүмүүсийн ирээдүй Сомоса генералын удмынхаас өөр байх гэж найдахаас.