Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрнөдийн орнууд ахиад дайн эхлүүлэх үү


АНУ-ын Батлан хамгаалахын сайд  Чак Хейгель нь Сирийн арми босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн байх магадлал маш өндөр болоод байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Ингэснээр олон улсын бусад чухал үйл явдлын сүрэнд дарагдаад, анхаарлын төвөөс гараад байсан Сирийн иргэний дайныг тойрсон асуудал дахин дэлхийн анхаарлын төвд оров. Хэргийн учир нь Ерөнхийлөгч Обамагийн нэлээд эрт хийсэн мэдэгдэлд байгаа аж.

Тэрээр Америкийн тал Сирийн босогчдыг зэвсэг, хүн, мөнгөөр дэмжих ч шууд цэргээ оруулахгүй. Гэхдээ Башар Асад химийн зэвсэг хэрэглэвэл ямар ч эргэлзээгүй шууд оролцоно, химийн зэвсэг хэрэглэнэ гэдэг улаан зураасыг давлаа гэсэн үг хэмээн анхааруулаад байсан билээ.  Гэтэл ийм өндөр төвшинд Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгана гэдэг байдал тун ээдрээтэй болсныг илтгэнэ. Тэрээр Асадын арми нь “зарин” нэртэй мэдрэл саажуулагч хорт хийг маш бага хэмжээгээр, тухайлсан цэгэн довтолгоо хийх замаар ашигласан гэсэн юм.  Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн Асадыг шийтгэхийн тулд дайнд оролцоно гэдэг Сирийн босогчдын хувьд тун сайхан мэдээ. Тийм ч болохоор Сирийн сөрөг хүчний Үндэсний эвсэл нь “улаан зураас”-ын талаарх мэдэгдэл хоосон үг төдий биш л байсан юм бол нэн даруй бөгөөд шийдэмгийгээр албан ёсны Засгийн газрыг түлхэн унагахаар дайнд оролцох ёстой гэсэн мэдэгдэл хийлээ. 

Ливид АНУ, Франц, Их Британи гэсэн гурван улс сөрөг хүчнийг дэмжин Засгийн газрын армийг агаараас идэвхтэй бөмбөгдөн үйл ажиллагааг нь хямруулаад дараа нь тусгай хүчний цэргийн ангиудаа оруулж Каддафийг түлхэн унагасантай адил үйл явдал болохыг Сирийн сөрөг хүчин тэсэн ядан хүлээж байгаа бололтой.
Гэвч Каддафиг түлхэн унагаснаас хойш дэлхийд нэлээд зүйл өөрчлөгдсөн. Ардчиллыг тогтооно гээд гараад ирсэн сөрөг хүчин юун ардчилал, юун хүний эрх гээд шууд л газрын тосоор баялаг нутгуудыг хэн мэдэлдээ авах вэ, өрнөдөөс ирж байгаа хүмүүнлэгийн туслалцааны гол урсгалыг хэн нь хянах вэ гэж талцаж байлдаад эхэлсэн. Тус улсад энх тайван тогтоогүйн дээр Каддафийн армид байсан асар их сум, зэвсгийг алан хядагчдад нийлүүлж эхэлсэн тухай мэдээ олон гарах болсон. Лалын хэт явцуу үзэлтнүүд ч энэ оронд байр сууриа алдаагүйгээр барахгүй улам бэхжүүлсэн гэж болно.

Башар Асадыг түлхэн унагахын тулд ээлжит цэргийн ажиллагаа явуулсны дараа Сирид бүр долоон дор байдал үүсэхгүй гэсэн баталгааг дэлхий нийт шаардаж байгаад гайхах зүйлгүй. Тэр тусам Сирийн сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлээд байгаа алаг цоог олон бүлэглэлийн дотроос байлдах чадвараар хамгийн өндөр, хамгийн их зэвсэглэсэн нь лалын хэт явцуу үзэлтэй, “Аль Кайда” мэт бүлэглэлтэй нягт уялдаа холбоотой ажилладаг гэдгээ ил цагаан мэдэгдэх болсон. Сүүлийн үед шашны, улс төрийн гэх мэт үзэл бодлын ялгаанаас болж сөрөг хүчний бүлэглэлүүд нь хоорондоо дайтах нь жирийн үзэгдэл болсон мэдээ ч ирж байгаа. Ингээд хэрэв Асадыг түлхэн унагаж сөрөг хүчин засгийн эрх гартаа авбал бараг маргааш нь шахуу байлдаж эхэлнэ гэсэн магадлал маш өндөр. Энэ ээлжит иргэний дайнд нь харин лалын хэт явцуу үзэлтнүүд ялах магадлалтай.

Энэ мэт ээдрээ байгаа болохоор Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэх хөдлөшгүй нотлох баримт америкчуудад шаардлагатай байгаа юм. Одоо байгаа баримтыг Израйлийн тагнуулын албанаас өгсөн аж. Израйлийн талын өгсөн мэдээ нь бас л хангалттай нотлох баримт болж чадахгүй. Учир нь Башар Асадыг түлхэн унагаад Сирийг эх зах, хөл толгой нь олдохгүй замбараагүй байдалд оруулах замаар бүс нутаг дахь гол түнш Ираныг ганцаардуулах, цаашлаад Палестин, Ливанд үйл ажиллагаа явуулдаг “Хэзболла” байгууллагын санхжүүжилт, нөлөөг багасгах өөрийн гэсэн зорилго Израйльд бий.

Нэгэн үед Каддафигийн Ливи, Саддамын Ирак нь Ливан, Палестинд Израйлийн эсрэг зэвсэгт ажиллагаа явуулдаг бүлэглэлийг мөнгө, зэвсгээр дэмждэг байсан. Одоо эдгээр орон улс төдий нэрнээс цаашгүй байгаа болохоор Израйлийн эсрэг алан хядах ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдийг дэмжиж чадахгүй болсон. Сири харин тэсээд байгаа. Израйлийн Гадаад хэргийн сайдын орлогч Зеэв Элькин энэ тухайд “Сирид цэргийн ажиллагаа явуулахад АНУ оролцох эсэх нь маш чухал ач холбогдолтой. Хэрэв химийн зэвсэг хэрэглэсний хариуд Сирид цэргийн ажиллагаа явуулахгүй орхивол Иран улс өөрийнх нь цөмийн хөтөлбөртэй холбоотой тогтоосон улаан шугамыг уян хатан ойлголт гэсэн дүгнэлт гаргаж магадгүй” гэсэн нь үүнийг батлаж байгаа юм.

Сирид байлдаж байгаа лалын зэвсэгт бүлэглэл ба Израйль улс гэсэн бие биенээ тэвчиж чаддаггүй хоёр талын ашиг сонирхол Башар Асадыг түлхэн унагах дээр ийм сонирхолтой байдлаар нэгдэж, парадокс үүсгээд байгаа юм.
Сирийн Засгийн газарт гадаадын зэвсэгт хүчин гэнэт шалтаг гарган нутагт нь байлдааны ажиллагаа эхлүүлэх гээд байгаа нь таалагдахгүй нь мэдээж. Сирийн Мэдээллийн сайд Омрана аз-Зоуби сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийхдээ босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглээгүй гээд “Химийн зэвсэгтэй пуужин харвасан бүс нутаг нь алан хядагчдын бүрэн хяналтад байдаг. Туркийн хилийн ойролцоох газар. Тэгэхээр тэр химийн бодис нь Турк гаралтай гэж таамаглаж байна. Пуужин харвахад ашигласан байлдааны төхөөрөмж ч Турк тэмдэглэгээтэй байсан.Химийн зэвсэг хэрэглэсэн гээд байгаа газар мөрдөн байцаалт явуулах шаардлага гарвал оросын мэргэжилтнүүд ажиллах ёстой гэж үзэж байна” гэжээ. Тэгээд ч Алеппо хотын орчим Сирийн сөрөг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэсэн гэж Башар Асадын тал мэдэгдээд тухайн газар химийн зэвсгийн мэргэжилтнүүд ажиллуулах хүсэлт тавиад байсан юм. НҮБ энэ хүсэлтэд хариу өгөөгүй байснаа энэ сарын 25-нд гэнэт өөрсдөд нь байгаа мэдээллийн дагуу химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн газар болгонд нэн даруй, ямар ч саадгүйгээр шалгалт хийх эрх өгөхийг шаардсан.

Өөрөөр хэлбэл босогчид химийн зэвсэгтэй пуужин харвасан гэх Алеппо хотод шалгалт хийхгүй харин Засгийн газрын мэдлийн ангиуд химийн зэвсэг хэрэглэсэн байж магадгүй гэж үзсэн газруудад л шалгалт хийнэ гэжээ. Үүний дээр Сирийн сөрөг хүчин нь Оросын мэргэжилтнүүд ирж ажиллахыг эрс эсэргүүцэж байгаа юм. Тэгэхээр шалгалт ирвэл Орос мэргэжилтэн ямар ч байсан дотор нь байхгүй болж таарлаа. Харин америк, англи, францын химийн зэвсгийн мэргэжилтнүүд НҮБ-ын мандатаар ирж шинжилгээ хийвэл шууд л Башар Асадыг буруутгасан дүгнэлт гаргаж, улмаар  Америк тэргүүтэй улсад зэвсэг хэрэглэх бодит шалтгаан болж ирнэ.

Ямартай ч, АНУ юу юуны духанд хүрэлгүй зэвсэг хэрэглэх гэж яарахгүй байгаа бол Их Британи, Франц хоёр ямар ч байсан ойрын үед илүү идэвхтэй байр суурь баримтална гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн. Идэвхтэй байр суурь гэдэг нь энэ хоёр улс Сирийн босогчдод үзүүлж байгаа зэвсгийн тусламжаа дангаар нэмэгдүүлэх төдийгүй яваандаа хязгаарлагдмал тооны цэргийн хүчийг оруулах замаар асуудлыг нэг мөр шийдэхийн төлөө байгааг хэлж буй юм. Сирийн албан ёсны Засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авсан атлаа саяхнаас босогчдын эзэлсэн бүс нутагт байрладаг газраас олборлосон газрын тосыг худалдан авахыг зөвшөөрсөн. Асадыг унагаж л байвал ямар аргаар, хэнтэй яах нь хамаагүй болж таарлаа.

АНУ, Франц, Их Британи тэргүүтэй өрнөдийн орон нь Саддамыг цөмийн зэвсэгтэй, өнөө маргаашгүй хэрэглэх гээд байна, дээр нь ард түмнээ дарангуйлаад болохоо байлаа гээд Иракийг “чөлөөлчихсөн”.  Каддафиг алан хядлагыг дэмждэг, ард түмнээ аймшигтай дарамтлаж, дарангуйлдаг, зэвсэгт сөрөг хүчний эсрэг хэт их хүч хэрэглэх гээд байна гээд Ливийг “чөлөөлчихсөн”. Одоо Башар Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй, зэвсэгт бослого гаргасан сөрөг хүчин “томоотой” байлдаж байхад тэдний эсрэг хэт их танк, онгоц хэрэглээд байна гээд Сирийг чөлөөлөх дээр бараг л санал нийлээд байх шиг байна. Тэгэхээр удахгүй Ахмединижад, Хомейни хоёрыг цөмийн зэвсэг бэлдэж байж магадгүй гээд Ираныг “чөлөөлөх” байх.

Дандаа газрын тос, шатдаг хий гэх мэт стратегийн маш чухал нөөц баялагтай орнуудыг түүж чөлөөлөөд байгаа. Гэхдээ зүгээр нэг чөлөөлчихдөггүй эхлээд сөрөг хүчин нь зэвсэг барин ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэлд гараад дараа нь ялахгүй болоод ирэхээр гаднаас тусламж ирж идэвхтэй чөлөөлдөг.
Тэгэхээр ойрын үед ийм баялагтай, авторитар засаглалтай  бусад улсын ард иргэдийг энэ гурван орон тэргүүлэн чөлөөлж тун магадгүй байна. Чөлөөлөгдөж магадгүй орнуудын дотор бүх насаараа Ерөнхийлөгч болсон Назарбаевтай Ка­захстан, энхрий хайрт удир­дагч Бердымухамедовтой Турк­менистан, 1990 оноос хойш тасралтгүй төр барьж байгаа Каримовтой Узбекистан зэрэг улс багтаж байгаа нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан