Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад Азиас цөөн хэдэн улстөрч багтсан байдаг. Тэдний нэг нь Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават. Йинглак Чинават нь дөрөвдүгээр сарын 27-29-нд манай улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-ын нээлтийн ажиллагаанд оролцох юм.
Яагаад Тайланд улс вэ?
Тэр хол оршдог, хэл, соёл ба байгаль, цаг агаараас эхлээд хоол нь хүртэл асар олон зүйлээрээ эрс ялгаатай энэ улстай ийм өндөр төвшинд холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлага байна уу гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Тэгэхээр энэ улсын талаар товч тайлбарлах нь зүйтэй байх. Тайланд нь газрын нутгийн хэмжээгээр дэлхийд 50 дугаарт ордог ч хүн амын тоогоороо 20 дугаарт ордог 67 сая хүн амтай. Эдийн засгийн хүчин чадлын хувьд Зүүн Өмнөд Азид хоёрдугаарт жагсдаг. Цагаан будаа, жимс, каучук, цагаан тугалга, гянтболдын дэлхийн гол экспортлогчийн нэг. Аялал жуулчлалын салбар нь эдийн засагт нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. 2007 онд 14 сая гадаадын жуулчид ирж, нэг жуулчин дунджаар ес хоног амраад буцахдаа тайчуудад 11 тэрбум еврогийн орлого оруулаад буцсан байдаг. 2011 онд бараг 20 сая гадаадын жуулчин ирж амарсан гэхээр аялал жуулчлалын далайц улам л өсөн нэмэгдэж байгаа хэрэг. Тэгэхээр аялал жуулчлалаас эхлээд Тайланд улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, суралцах зүйл бидэнд их байна.
Энэ улсын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават ажилсаг, уйгагүй бөгөөд тууштай зан юунд хүргэдгийн тод жишээ. Тэрээр 1967 онд Тайландын Чиангмай мужид төрсөн. Орон нутгийн парламентын гишүүн Лерт Чинаватын есөн хүүхдийн хамгийн бага нь. Лерт Чинават нь гэр бүлээ тэжээхийн тулд анх кофены дэлгүүр нээж, дараа нь бизнесээ тэлэн жимс, цэцэг зардаг болж. Удалгүй өөрийн гэсэн шатахуун түгээгүүрийн газар нээж өнгөрсөн зууны 70-80 онд тухайн үеийн Тайландад дөнгөж хөгжиж эхэлж байсан телевиз, харилцаа холбооны салбарт хүч үзэж эхэлсэн байна. Ингэсээр Йинглакийг төрөх үед нутагтаа хамгийн нэр хүндтэй гэр бүлүүдийн нэг болчихсон байсан учраас тэрээр хар багаасаа дутагдаж гачигдах зүйлгүй өссөн гэж болно. Хэдий ийм ч гэлээ Йинглак нь амжилтад хүрэхийн төлөө заавал өөрийн хүчээр тэмцэх, уйгагүй урагшлах, зүтгэх хэрэгтэй гэдгийг ойлгодог байсан аж. Бангкокийн их сургуулийг улс төр судлалын бакалавр зэрэгтэй дүүргээд, дараа нь Америкийн дээд сургуульд суралцаж ирээд гэр бүлийнхээ бизнест зүтгэж эхэлжээ. Гэхдээ зарим нэг баян айлын хүүхдүүд шиг шууд удирдах албан тушаалд томилогдсонгүй, худалдааны менежерээр ажлын гараагаа эхэлжээ. Ингээд сурч мэдсэн зүйл, тууштай зан, ажилсаг байдлынхаа хүчээр шат дараалан албан тушаал ахисаар компанийн дотоод бүх л дамжлааг, илүү ба сул тал, ирээдүй зэргийг арван хуруу шигээ мэддэг мэдрэмжтэй бөгөөд ухаалаг, хүлээцтэй удирдагч гэдгээ харуулж чадсан байна.
Йинглакийг ийнхүү бизнесийн салбарт анхны амжилтаа гаргаж байхад түүний ах Таксин Чинават нь “Тайчууд тайчуудтай хайртай” гэсэн содон нэртэй нам байгуулан улс төрд хүчээ үзэн амжилтад хүрсэн юм. Таксины байгуулсан нам нь 2001 оны парламентын сонгуулиар илт давуу ялж намын үүсгэн байгуулагч нь Тайландын Ерөнхий сайд болсон. Энэ үед Чинават овгийн гэр бүлийг тай хүн болгон бахдан харж, өсөн дэвжихдээ үлгэр дуурайлал болгох гол жишээгээ болгож байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Хөгжлийн хувьд ямагт ядуу байсан хойд нутгаас гаралтай Чинаватын гэр бүл уйгагүй хөдөлмөрлөснөөр бизнес болон улс төрийн ийм өндөрлөгт хүрч чадсан юм чинь эгэл жирийн ямар ч тай хүн чадна гэсэн үг юм.
Тухайн үедээ Йинглак бизнесийн салбарт чамлахааргүй амжилтад хүрээд байсан болохоор улс төрийг огт сонирхдоггүй, улс төрийн ямар нэг эрх мэдэлтэй болох гэж огт хичээдэггүй байж. Гэтэл 2006 онд Тайландын армийнхан төрийн эргэлт гаргаж, Таксин Чинаватыг албан тушаалаас нь түлхэн унагаснаар байдал эрс өөрчлөгдсөн билээ. Төрийн эргэлт гарах үед Таксин Чинават НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцож байсан болохоор хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож чадаагүй байна. Засгийн эрхийг гартаа авсан цэргийнхэн Таксиныг авлига, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж буруутгасан болохоор нутагтаа эргэж ирэх боломжгүй болов. Хэдхэн жилийн өмнө оргил үедээ хүрээд байсан Чинават овгийн нэр хүнд ч мэдэгдэхүйц буурсан нь ойлгомжтой. Хүмүүс Таксин гадаадад цагаачлан амьдрах болсныг гутамшигтай зүйл гэж тусган авч байв. Ийм нөхцөлд гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээхийг Йинглакийг хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Энэ явдлаас хоёр жилийн дараа тэрээр ах нь хилийн чанадаас байгуулсан “Тайландын төлөө” намыг тэргүүлэн улс төр гэдэг тун ч ээдрээтэй салбарт хөл тавьжээ. Зарим атаархагчид Йинглакийг улс төрийн ямар ч туршлагагүй, өөрийн ухаанаар шийдвэр гаргадаггүй, Таксины төлөөний хүн төдий гэж байсан. Тэр тусам Тайландын улс төрд эмэгтэй хүн хэзээ ч шийдвэрлэх, чухал үүрэг гүйцэтгэж байсангүй. Гэвч Йинглак өөрийн гэсэн бодолтой, бодлоготой, хэр баргийн эрэгтэй улстөрчид байдаггүй алсын хараатай, тэвчээртэй улстөрч гэдгээ харуулж чадсан юм. Тэрээр намын тэргүүн болсныхоо дараа нь “Би үндэстнээ нэгдмэл байдалд хүргэхийн тулд шаардлагатай бүхнийг хийнэ. Үүний тулд би дипломат харилцаа, уян хатан байдал, нарийн мэдрэмж гээд эмэгтэйчүүдэд байдаг бүх л зан чанарыг ашиглана. Яг эдгээр зан чанар өнөөдөр манай улс төрд хамгийн ихээхэн үгүйлэгдэж байгаа билээ” гэж мэдэгдсэн байдаг. Үүнтэй зэрэгцэн өөрийн гол зорилгоо улс төрийн хямралд ороод байсан улс орон, үндэстнээ нэгтгэх, гэр бүлийнхээ нэр төрийг аврах гэж тодорхойлоод, улс төрийн ямар нэг өндөр дээд албан тушаал эзлэх сонирхолгүй байгаагаа мэдэгдэж байсан юм. Тэрээр “Би Ерөнхий сайд болохыг хүсэхгүй байгаа. Одоо хамгийн гол нь сөргөлдөгч талуудыг эвлэрэлд хүргэх нь хамгийн чухал” гэж байв.
Үнэхээр ч эмэгтэй хүний уян хатан зан, ухаалаг, тэвчээртэй байдлаараа тайчуудыг зүрх сэтгэл, саналыг байлдан дагуулж, өөрийн тэргүүлсэн намаа парламентын сонгуулиар ялалтад хүргэсэн юм. Тэрээр сонгуулиар таван жилийн турш үргэлжилсэн улс төрийн хямралын үр дагаврыг арилгана, төрийн эргэлт ба түүний дагасан эмх замбараагүй байдалд оролцсон бүгдэд өршөөл үзүүлнэ гэж мэдэгдсэн нь сонгуулиар ялахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Нам нь сонгуулиар ялсан болохоор 2011 онд тэрээр Тайландын Ерөнхий сайдаар сонгогдсон. Ингэснээр Йинглак нь Тайландны хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүнээр сонгогдож байсан хамгийн залуу улстөрч болсон юм.
Сонгуулиас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа ч түүнийг Ерөнхий сайд байхад хамгийн тохиромжтой хүн гэдэгт тайчууд бүр ч бат итгэлтэй болсон гэж бодно.
Товчхон хэлэхэд, гэр бүлийн нэр төрөө ч сэргээж чадсан, улс орноо ч нэгтгэн зангидаж цаашид улам хурдацтай хөгжих нөхцөл бүрдүүлсэн, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг бол яах аргагүй Йинглак Чинават мөн билээ.