Монгол Улсын Жолоочийн даатгалын тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу авто машин эзэмшигч болон жолооч нарыг “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-д заавал хамрагдах болсон билээ. Өнгөрсөн онд уг даатгалын хураамжаас нийт 16.7 тэрбум төгрөг Албан журмын даатгагчдын холбооны “Даатгалын сан”-д төвлөрүүлсэн аж. Үүнээс 4.8 тэрбум төгрөгийг нөхөн олговорт өгчээ. Тэгвэл он гарснаас хойш жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар 1.8 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд хариуцлага алдсан жолоочийн нөхөн олговорт 2.9 тэрбум өгөөд байна. Одоогоор 24 мянган жолооч даатгуулсан аж.
Ямар нэгэн авто осол гарсан тохиолдолд замын цагдаа дуудлагаар очиж дүгнэлт гаргаж буурутай этгээдийг тогтоодог. Жишээлбэл, Дорж, Дондог хоёр авто машин жолоодож яваад мөргөлдлөө гэж бодъё. Замын цагдаа ослын газарт ажиллаж тэдний хэн нь буруутайг тогтооно. Тэгээд Дорж буруутай бол хариуцлагын даатгал хийлгэсэн компанидаа хандах учиртай. Даатгалын компани нь ирж, Дондогийн авто машины хохирлыг тогтоогоод засварлахад шаардагдах мөнгийг нь гаргаж өгөх буюу гэрээтэй засварын газартаа аваачих ёстой. Дорж жолоочийн хариуцлагаас гадна авто машинаа даатгуулсан бол бас л хохирлоо нөхөн төлүүлэх юм. Хэрэв Дорж жолоочийн хариуцлагын албан журамын даатгалд даатгуулагүй бол гарсан хохирлыг өөрийн халааснаас гаргаж барагдуулна. Дээр нь, Жолоочийн даатгалын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгуулах ажээ.
Жолоочийн хариуцлагын тухай даатгалын хууль хэрэгжиж эхлээд жил гаруй боллоо. Энэ хугацаанд нийтлэг зөрчил нэлээд гарч. Тухайлбал, жолоочийн даатгалын мэдүүлгийн маягтад тухайн авто машиныг жолоодох зөвшөөрөгдсөн жолоочийн тоо гэсэн хүснэгт бий. Уг хүснэгтэд жолоочийн тоог хязгаарлахгүй, хязгаарлана гэсэн сонголт байдаг. Хэрэв хязгаарласан тохиолдолд мэдүүлгийн маягтад бичигдсэн бүх жолооч тухайн авто машиныг хөлөглөхөд жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсанд тооцогдох юм. Харин өөр тээврийн хэрэгсэл жолоодвол та дээрхтэй адил нэр заагдаж бичүүлээгүй тохиолдолд даатгалгүй гэж үзэх учиртай. Уг хүснэгтэд дөрвөн жолоочийн нэр бичихээр байдаг. Гэвч үүнээс олон жолоочийн нэр бичиж болох бөгөөд хүснэгт хийж даатгалын маягтад хавсаргаж болох ажээ. Гэтэл даатгалын компаниуд зөвхөн дөрвөн жолоочийн нэр бичнэ хэмээн тайлбарласан байна. Мөн зөвхөн гэрээ байгуулж буй авто машины өмчлөгч л түүнийгээ жолоодох даатгалын эрхтэй хэмээн төөрөгдүүлсэн явдал гарчээ. Харин жолоочийн тоог хязгаарлахгүй гэвэл тухайн авто машины зөвшөөрөгдсөн ангиллын эрхийн үнэмлэхтэй хүн болгон жолоодож болно. Бас даатгалын гэрээ хийсэн боловч мөнгөө төлөөгүй хүмүүс ч байжээ. Тэгээд осол гарсны дараа даатгалын компанид хандахад гэрээ нь хүчингүй тохиолдол гарсан байна.
Үүнээс гадна хууль хэрэгжихэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд холбогдох дүрэм, журам, заавруудад өөрчлөлт оруулах шаардлага бий аж. Иймд энэ оны эхээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар уг нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх талаар дүгнэлт хийх, хуулийг хэрэгжүүлэхэд оролцох байгууллагуудын 2013 онд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулсан байна.