“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан гэж болно. Учир нь, БХБЯ-наас хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн сацуу бодлогын зарим арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагууд найман хувийг хэрхэн олгох журам боловсруулж байгаа бол Монголбанк арилжааны банктай хийх гэрээний хувилбарыг бэлтгэх ажилдаа оржээ. Тиймээс арилжааны банкуудын удирдлагаас эл хөтөлбөрийг дэмжиж байгаа эсэхийг тодруулахад “100 хувь дэмжинэ. Одоогоор арилжааны банкуудад “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй ингэж хамтран ажиллана гэсэн журам, мэдээлэл ирээгүй байна. Журам, гэрээ байгуулна гэвэл татгалзах зүйл үгүй” хэмээн хэлж байлаа. Ямартай ч, орон сууцны зээлээ зогсоогоод байсан банкууд зээлийнхээ урьдчилгаа, хүүг нь бууруулснаа зарлах болсон. Үүнийг зарим хүн орон сууцны хөтөлбөр хэрэгжихтэй холбоотой хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь зах зээлд шинээр ашиглалтад орох барилгуудтай холбон тайлбарлав. Ингээд банкуудын санал болгож буй орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийн талаархи мэдээллийг хүргэе.
Голомт банк
Тус банкны хувьд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг дэмжиж байгаа бөгөөд банкууд яаж, хамтран ажиллах талаархи дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй болохоор хэлэх боломжгүй байна хэмээсэн. Өнөөгийн байдлаар тус банк орон сууцны зээл хүсэгчдийг урьдчилгаа төлбөрөө 20-29 хувиар төлсөн тохиолдолд 1,50 хувийн хүүтэй, 30-39 хувиар төлбөл 1,45 хувь, 40-49 хувиар төлөхийн бол 1,40 хувийн хүү санал болгож буй. Харин 50 хувиас дээш хувиар төлбөл 1,35 хувиар тооцно гэсэн.
Хадгаламж банк
Харин тус банкны тухайд хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Засгийн газраас ямар нэгэн мэдээлэл ирээгүй болохоор банкны зүгээс хэрхэн, яаж ажиллах чиглэл гараагүй гэлээ. Хэрвээ та Хадгаламж банкны орон сууцны зээл сонирхож байвал урьчилгаа 30 хувь бөгөөд сарын 1,7 хувийн хүүтэй. Хэрвээ урьдчилгаагаа 31-хувиас дээш төлбөл 1,6 хувь гэсэн шүү.
Улаанбаатар банк
Улаанбаатар банкны тухайд хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж, орон сууцны зээл хүсэгчид нэмэгдэж байгаатай холбогдуулан орон сууцны зээлийн хүүгээ сарын 1,5 хувь болгон бууруулснаа мэдэгдээд байгаа. Бусад арилжааны банкийг бодвол хамгийн таатай нөхцөлөөр олгоно гэж сурталчилаад буй тус банкны орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувь гэсэн. Тус банктай хамтран ажилладаг барилгын компаниудаас байр авбал хөнгөлөлт бий. Харин “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухайд одоогоор ямар нэгэн мэдээлэлгүй байна гэлээ.
ХААН банк
Тус банкны хувьд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санал тавибал дэмжиж ажиллана. Одоогоор энэ талаархи журам гараагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн. Тус банкны залуу гэр бүлийг дэмжих зорилготой орон сууцны зээлд хамрагдана гэвэл урьдчилгаагаа 20-40 хувиар төлөөд сарын 1,6-1,5 хувийн хүүтэйгээр байртай болох боломж бий гэлээ.
Худалдаа хөгжлийн банк
Тус банкны хувьд орон сууцны зээлийн хүү нь мөн л урьдчилгаагаа хэр төлснөөс хамаарах гэнэ. Тухайлбал, авах гэж буй байрны төлбөрийнхөө 20-30 хувийг нь өгвөл жилийн 1,65 хувийн хүүтэй байна. Харин 30-40 хувь өгвөл 1,60, 40-ээс дээш хувиар төлбөл 1,50 хувийн хүүтэй. Орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжиж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээлэл аваагүй гэлээ.
ХАС банк
Зөв банк гэх уриатай тус банкны хувьд урьдчилгаа 30 хувь бөгөөд зээлийн хүү сарын 1,58-1,75 хувь гэсэн. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг дэмжиж байгаа. Гэхдээ бусад банктай адил ямар нэгэн мэдээлэл аваагүй. Журам, гэрээ нь гарсны дараа мэдээлэл өгөх боломжтой хэмээв.
Капитрон банк
Тус банк орон сууцны зээлийн хүүгээ буулгажээ. Өмнө нь, орон сууцны зээл сарын 1,7-1,9 хувь байсан бол одоо 1,6-1,7 хувь болгосон гэнэ. Тиймээс өрх гэрээ тусгаарлах гэж буй залуу гэр бүлийг дэмжих хүрээнд уян хатан бодлого ч барьж байгаа гэсэн.