Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмнэлгээр үйлчлүүлэх соёл буюу ийм ч байх гэж


Бие давхар болсон нэгэн бүсгүй жирэмсний хяналтад орохоор харьяаллынхаа эмнэлэгт очиж, бухимдал, будлиан дундуур туучсан тухайгаа манай сонинд захидлаар ирүүлжээ. Нэрээ нууцлахыг хүссэн тэрээр Д.И гэж өөрийгөө танилцуулав. Түүний захидлыг дор сийрүүлье.


“Долдугаар хороо”-ны дөрвөн давхрын дунд төөрч будилсан хугас өдөр

Өнөөдөр би та бүгдэд өчигдөр сурсан зүйлээсээ хуваалцаж, нэр дурдагдах эмнэлэгт хэрхэн зөв, бухимдалгүй, будлиангүйгээр шинжилгээ өгөх аргаас танилцуулъя. “Долдугаар хороо” нэрээр нь андахгүй Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт өдрийн хугасыг өнгөрөөлөө. Дөрвөн  давхар барилгын үүдээр нь орвол хонгилын үзүүрт тулсан их дараалал угтсан юм. Цаг 6:35 минут болж байв...
Миний хувьд өрхийн эмчээс Цусны болон Шээсний ерөнхий шинжилгээ, ХДХВ/ДОХ-ын вирус, Рентген флюрын зураг, Мазокын шинжилгээ өгөх даалгавар авсан. Дугаарын төлөө 50 гаруй хүн угтагчийн цонх онгойх 7:30 минутыг хүлээн зогсож байв. Хөгшин, залуу, таягтай, жирэмсэн, гараа сойсон, толгойгоо боосон гээд янз бүрийн зовлонтой хүн эртээс эрт босч иржээ. Дугаар тараадаг хүмүүс ч ажлаа эхлүүлж, заавар тайлбар өгдөг хүн ч бараагаа харуулав. Эмчтэй уулзах, эмчилгээ хийлгэх хүмүүс л дугаар авна шүү, шинжилгээнийхэн дугаар авахгүй гэснээр олон хүн уулга алдлаа. “Өө, өчнөөн хүлээсэн шүү дээ”, “Эртхэн хэлэхэд яадаг юм бэ?”... Ийнхүү уулгалах хүн бүрийг эмнэлгийн тухай үл мэдэгч гэж нэрлэе, яг л над шиг.
Сүртэй гэмтэж, өвдөөгүй бол бид эмнэлэгт очихоос тээршаадаг нь үл мэдэхүйн үндэс болсон болов уу. Хэрэв Солонгос кинон дээр гардаг шиг хуруу исгэхийн төдийд эмнэлгийн босго алхдаг байсансан бол хар үүрээр ирээд хаана очихоо цээжилчих байв. Үл мэдэгч бид давхар давхарт хуваагдан тархаж, бусад нь дугаараа авахаар хоцорлоо.


Яг над шиг жирэмсэн эхчүүдэд зөвлөх нь

Өрхийн эмчийн зөвлөснөөр эхлээд шээсний, цусны шинжилгээ өгнө. Дараа нь, мазок, рентгенд харуулах хэрэгтэй. Хэрэв эхлээд рентген зургаа авхуулбал цусны бүтэц багахан өөрчлөгдөх магадлалтайг сануулсан юм. Ингээд л цус, шээсний шинжилгээ хаана өгдөгийг өвчтөн, шинжлүүлэгч, цэвэрлэгч, эмч гээд замд таарсан хүн бүрээс асуусаар оллоо. Цус, шээс хоёуланг нь гуравдугаар давхарт шинжлүүлдэг аж. “Цусны шинжилгээ” гэсэн үг хайгаад олсонгүй, гэтэл “Лаборатор” гэсэн хаягтай хаалганд өгөх гэнэ. “Шээсний шинжилгээ” гэх хаяг бас л олдсонгүй, харин “Тамхи татахыг хориглоно” гэсэн санамж наасан, саарал өнгийн хаалганы жижиг цонхоор өгдөг юм байна. Зургаан шинжилгээнээс цус, ХДХВ/ДОХ зэрэг гурвыг нь “Лаборатор” гэх хаягтай өрөөнд зэрэг авчихлаа. Үүний тулд урт дараалал, уур бухимдлыг гэтлэх хэрэгтэй. Хаалганы дэргэдээс эхлэн дараалалд хүмүүс хана налан сууж, зогссоор төгсгөл нь хонгилын мухарт тулаад эсрэг хана руу дугуйрчээ. Барагцаагаар 100 гаруй хүн байв. Энэ хүмүүс ч бас эртээс эрт ирээд, цоожтой хаалганд дараалан зогсож, яг над шиг. 7:30 болоход шинжээч нар ирж, зохион байгуулагч эмч ч дарааллын эхнээс “командаллаа”. Тэрээр “Жирэмсэн эмэгтэйчүүдээс бусдынх нь цусны шинжилгээг авахгүй шүү” гэж сануулсан нь зарим хүнд гомдолтой. Дахиад л “Өө, өчнөөн хүлээлээ шүү дээ”, “Эртхэн хэлэхэд яадаг юм бэ?”...

Шээсний шинжилгээг 8-9 цагийн хооронд авдаг гэнэ. Сайтар цэвэрлэсэн шилэн саванд битүү таглаж авчирсан шингэнээ эмчийнхээ бичигтэй хамт өгнө. Дараагийн өдөр нь шинжилгээний хариу гарахаар түүнийгээ аваад мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой. Хоёр ч бүсгүй шингэнээ хуванцар саванд авчраад “Одоо шилэн саванд хийгээд өгч болох уу” гэж лавлалаа. “Хоёр дахь шээснээс хариу нь тодорхой гардаггүй” гэх тайлбар нь маргааш өглөө эрт дахиад ирээрэй гэсэн үг аж. Үлдсэн хоёр шинжилгээ буюу Рентген, флюрын зураг, мазокыг хувийн эмнэлэгт өгч болно. Мөнгө төлөх хэдий ч дараалалд зогсож цаг алдахгүй. Гарсан хариугаа “Жирэмсэн эхийн карт”-нд дурдсан нарийн мэргэжлийн харгалзах эмч нарт үзүүлж зөвлөгөө авна. Мөн харьяа хорооныхоо эмчтэй уулзаж хяналтад орох ёстой. Хоёрдугаар давхарт “Жирэмсний хяналт” гэх хаягтай дөрвөн өрөөнд хороо, хороог хариуцсан эмч нар суудаг ажээ. Энэ олон шинжилгээ, дараалсан эмчийн үзлэг нь жирэмсний эхэн үе болон төрөхийн өмнөхөн заавал орох ёстой гэсэн шүү. Яг над шиг саяхан жирэмсэлсэн эмэгтэйчүүд 7-8 сарын дараа дахиад долдугаар хороондоо уулзах нь дээ.


Эмч, эмнэлгийнхэнд хэлэх үг минь

Эмнэлгийн давхар бүрээр дүүрэн үл мэдэгч. Мэдэхгүй хүн мэдэхгүй нөгөөгөөсөө асуухад “Мэдэхгүй ээ” гэж хариулна. Өглөө ажлаасаа урьтаж, дарааллын эхэнд зогсох гэсэндээ хүмүүс үүрээр эмнэлэгт ирдэг. Асууж мэдээд зөв оочерлохгүйгээс болж цаг алдаж, дөрвөн давхрын шатаар дээш доош холхиж, алхаандаа ядрах эмэгтэй олон байна. Үүнийг шийдвэрлэх гарц нь үйл ажиллагааны чиглэл, дараалал, хаяг байршил, заавар зөвлөгөөг тодорхой болгох явдал гэж би хувьдаа харлаа. Хаалга бүрийг татаж “Хаана вэ” гэж асуухын оронд нэгдүгээр давхраасаа чиглэлээ авчихдаг бол хэчнээн амар вэ. Гэтэл үндсэн хаалгаар ороход ийм заавар бус “Үзлэг, шинжилгээ, үйлчилгээний үнийн тариф” үнэ ханштайгаа дурайж байв. Төлбөрийн мэдээллээ ойлгомжтой хийсэн атал үйлчилгээний хаягаа тодорхой болгох сэтгэл гарсангүй бололтой.

Цусны шинжилгээний дугаарын төгсгөлд 105, 106 дахь магадгүй 107 дахь хүн нь жирэмсэн эмэгтэй байлаа. Дээр өгүүлсэн зохион байгуулагч эмэгтэй түүний шинжилгээний баримт бичгийг хураан аваад “Миний дүү дарааллын төгсгөл шүү. Ардаа хүн битгий зогсоогоорой” гэж захисан. Гэвч түүний ард хүн нэмэгдсээр л байв. Өнөөх жирэмсэн бүсгүй үүргээ биелүүлж, надаар дараалал тасалсан гэж хэлсэн нь мэдээж. Гэвч өөрөөс нь ялгаагүй дугаарлах хүний үгийг тоосонгүй, итгээгүй болоод л тэр олон хүн жагсч зогссон байж таарна. Эндээс маргаан, бухимдал үүсэхэд зохион байгуулагч эмэгтэй дарааллын урдаас арын үзүүрт ирээд “Би энэ эмэгтэйгээр тасалбар болгосон. Чамайг хэлээрэй гэсэн биз дээ” хэмээв. Загнах аястай хэлэх үгнийх нь цаана жирэмсэн бүсгүй ялд унах шинжтэй болчихлоо. Ард нь зогссон олон хүний цагийг эмнэлгийнхэн биш хөөрхий жирэмсэн эмэгтэй л дэмий үрсэн мэт. Тэр хүн эмчид үзүүлье гээд ирээ юү, үйлчлэгч болж, оочер тасалдаг хашлагын үүрэг хүлээе гэж өглөө эрт ирсэн хэрэг үү. Өдөртөө 100 хүний шинжилгээ хийх хүчин чадалтай юм бол түүнийгээ тодорхой сануулж бичвэл зохихсон.

Энэ мэт өглөө бүр давтагддаг хэрнээ өчүүхэн сэтгэл зүтгэлээр л шийдвэрлэчихэж болох ажлыг “Долдугаар хороо”-ны хамт олон үл тоосоор. Ядаж “Хаалга тогшиж орно уу”, “Бүү саад бол”, “Гадуур хувцсаа өлгүүлнэ үү” гэсэн энгийн журам нэгээхэн ч үзэгдээгүй. Эмч, эмнэлгийнхэн хийж амждаггүй юм бол эрхлэгч, аж ахуйн дарга нь хэвлээд наачихаж болмоор. Тэд бүгд завгүй гэвэл дадлага хийж буй оюутнуудад захихад ганц цагийн л ажил шүү дээ. Үнэхээр болдоггүй юм бол би төрж амаржсаныхаа дараа хэдэн заавар хадаж өгье. Бухимдал, будлианаар дүүрсэн “Долдугаар хороо”-нд жирэмсэн байхдаа л дахиж очихгүй юм шүү.

0 Сэтгэгдэл
Uilchilgeee yavuulah talaar tolgoi hurehgui bol beleehen bgaa budas orni turshlagig sudlaad heregjuulehed yaadag bnaa. hajuud hyatad solongos japan geed bidnees olon hun amtai uls ornuudiin emnelguud irgeddee chiregdelgui uilchleed bolood l bh uym. Manaih gej yaachikhsan uls oron bdag uym.
жирэмсний шинжилгээ хийнэ гээд хаяг хадчихсан газрууд гадуур байдаг гэтэл тэнд хийлгэсэн шинжилгээг хяналтын эмч нар хүлээж авдаггүй гэсэн хэрэг болдоггүй л юм бол аль аль нь хүний цаг мөнгөөр тоглож байхаа болимоор юм магнай даргаа анхаараарай
odoo tegeed yaaltai bilee dee. negent l iim bgaa hoino heleed bicheed l yamar zasarch bgaa bish. harin ch neg vyee bodohod bas chgej saijrah geed l bgaa.
BGDEMNegdel ugaasaa aimar hund surtaltai gazar.emch nar ni tsagaaraa uzene gej hezee ch baihgui.baahan darga nar.bolj ugvul tiishee biygii ochooroi
өнөөдөр 3 р эмнэлэгт рентгэнд зургаа авахуулсан чин асрагч нь нэг нэгээр нь нэрийг дуудаад оруулж байсан юм хувцсыг нь энд тавь гэж тавиулаад л гараад ирсэн түрийвчтэй мөнгө байхгүй. хэн авсан нь ойлгомжтой тэгсэн асрагчаа хайцаалаад танихгүй мэдэхгүй гэх юм хулгай ихтэй ш дээ гээд тоосон ч юм алга.
Ene neereee yag unen shuu bi bas jiremsen 7-r tuwd shinjilgeegee ugsun. ter ih ocheriin 100-d bagtaj unendee amjagvi tul huwiin lobratorit shinjilgeegee uguud ochtol emch nar ni zaawal manaid uguh yostoi gej zagnaad halgaagvi. uursduu achaallaa dahgvi bj hund tegj chiregdel uchruulah yamar hereg bdg bnaa. taawchig umsuj yawtsgaa teg inge toos bosloo geedl aashtaio emch nar ni hudluh gishgehiig hurtel zaaana. bicheed bwl duusahgviee uneeer hetsuu
Хамгийн их уншсан