НИТХ-ын тэргүүлэгчид даваа гарагт хуралдаж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмын төслийг хэлэлцэн баталсан. Ингэснээр түр зөвшөөрлийг нийслэлийн Тээврийн газар олгохоор болсон. Харин нийслэлийн хэмжээнд ганц байгууллага түр зөвшөөрлийг олгох болсон нь жолооч нарт хүндрэл учруулах болжээ. Тиймээс байдал ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн Тээврийн газрыг зорьсон юм. Өглөөний 11:00 цагийн үед тус газарт очиход Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэг давхрын урд урт гэгчийн дараалал биднийг угтсан юм.
Дотогш орох хаалганы үүдэнд хамгаалагч зогсч хүмүүсийг тав таваар нь дотогш нэвтрүүлж байлаа. Бүгд л уурлаж, бухимдана. Өөрийгөө Л.Халтар хэмээн танилцуулсан жолооч “Би портер машин барьж “Барс” захаас ачаа зөөж, хоолоо олж иддэг.
Гэтэл зөвшөөрөл байхгүй болохоор хаашаа ч гарах алга. Зөвшөөрөл авсан ч шөнийн цагаар төв зам руу орох эрхтэй юм билээ. Энд зөвшөөрөл авах гэж хоёр өдрийн ажлаа алдлаа. Машины татвартай хамт өгч болдоггүй л юм байх даа. Заавал ингэж оочер дараалал үүсгэх ямар шаардлага байна. Биднийг цагдаа дарамтална. Дээр нь Тээврийн газар нэмэгдлээ” хэмээн бухимдангуй өгүүлсэн. Мөн том ачааны машин барьдаг гэх залуу “Интернэт, цахим ертөнц хөгжчихөөд байхад манай төрийн байгууллагын үйлчилгээ өнөө л дараалалд дарагддаг зарчмаараа л явна. Уг нь, материалуудаа интернэтээр явуулдаг болох хэрэгтэй. Энэ хүмүүс чинь өглөө 6:00 цагт ирж дугаарлан материалаа өгөхийн даваан дээр цайны 12 цаг нь болчихдог. Түр зөвшөөрлөө авбал Хан-Уул дүүргийн Говь үйлдвэрийн орчмын замаар Чулуун овоо орж болно гэсэн. Одоо бүтээн байгуулалтын ажил ид эхлэх гэж байна. Засгийн газраас барилгын компани, үйлдвэрүүдийг дэмжинэ гэсэн. Гэтэл гол үүрэг гүйцэтгэгч нь хүнд даацын машинууд шүү дээ” хэмээн ярьсан юм. Харин “Өлзийт” хорооллоос ирсэн гэх жолооч “Уг нь, түр зөвшөөрлийг өмнө нь дүүрэг, дүүргийнхээ Замын цагдаагийн газраар дамжуулан авдаг байхад амар байсан. Гэтэл ачааны авто машины түр зөвшөөрөл авахаар бол заавал хотын төв рүү орж, Тээврийн газраас авах хэрэгтэй болох нь” гэв.
Үнэндээ нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор дээрх журмыг баталсан. ИТХ-аас 2009 онд батлагдсан журмаар бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашинд “С”, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны автомашиныг “В” гэсэн ангиллаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. Тодруулбал, “В” ангиллын автомашиныг 10:00-21:00 цагийн хооронд бага тойруугаас дотогш зам болон Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг. Харин “С” ангиллынх өдрийн 07:00-21:00 цагийн хооронд Москвагийн гудамжинд, Геологийн төв лабораториос Офицеруудын ордны аюулгүйн тойрог, Өнөр хорооллын гудамж зэрэг замаар хөдөлгөөнд оролцохыг тухайлан хориглосон. Шинэчилсэн журмаар бүх жин нь 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг “С” ангиллаар гэж өөрчлөн, чиргүүлтэй автомашиныг “Е“ гэсэн ангиллаар зөвшөөрөл олгохоор болсон. Мөн "В” ангиллын ачааны автомашиныг өдрийн 10:00-20:00 цагийн хооронд хотын зарим гудамжны хөдөлгөөнд оролцохыг хориглосон байсныг 11:00-20:00 цаг болгон өөрчилсөн юм.
Харин цэвэр усны шугам хоолойн дуудлагын болон гэмтлийн машин, хотын зам барилга, засвар, арчлалт хамгаалалт, хотын тохижилт үйлчилгээний автомашин зайлшгүй тохиолдолд замын болон дагалдах хуудсанд заагдсан маршрутаар хориглосон замд нэвтэрч, хөдөлгөөнд оролцох учиртай.
Б.Цолмонбаяр: Ачааны машины түр зөвшөөрлөө цахим үйлчилгээгээр авах боломжтойНийслэлийн Тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Энэ үеэр зарим жолоочтой уулзлаа.
дарга Б.Цолмонбаяраас ачааны автомашины түр зөвшөөрөл олгохтой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Түр
зөвшөөрлийг ганц байгууллагаар дамжуулан олгож байгаа нь жолооч нарыг
бухимдуулах болсон. Танайх иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд ямар ажил
хийж байна вэ?
-НИТХ-ын тогтоол энэ сарын 28-нд гарч, өнгөрсөн оны
зургадугаар сараас олгогдоогүй түр зөвшөөрлийн ажлыг Замын цагдаагаас
манай газарт шилжүүлж өгсөн. Нийтдээ зургаан дүүргийн 20 мянга гаруй
тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл өгөх учраас байгууллагадаа, тухайн
үйлчлүүлэгчдээ ч хүндрэлтэй. Иймээс манай удирдлага цахим хэлбэрт
оруулахаар онлайн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байгаа. Ингэснээр биеэр
ирж дугаарлан зогсч, цаг алдахгүйгээр онлайн үйлчилгээгээр маягт
бөглөөд, машиныхаа зургийг оруулчихвал мөнгөө тушаасан баримттайгаа ирж
зөвшөөрлөө авах юм.
-Цахим хэлбэрээр материалаа өгөхөд хариу нь хэзээ гарах вэ?
-Гурав
хоногийн дотор шийднэ. Ер нь, төрийн иймэрхүү үйлчилгээг бүгдийг нь
цахим хэлбэрт шилжүүлсэн нь зүйтэй. Тэгэхгүй бол их ачаалал үүсч,
иргэдийг бухимдуулдаг. Мэдээж, жолооч нар интернэт мэдэхгүй гэж байгаа ч
цагаа хэмнэх үүднээс ашиглаж сурах хэрэгтэй.
-Мөнгөө бэлнээр тушааж байна гэсэн?
-Хураамж
төлөх дансны дугаар шилжиж ирэх гэсээр нэлээд удсан. Иргэдийг хүлээлгэж
чирэгдүүлж байхаар гээд энэ сарын эхээр бэлэн мөнгийг нь хураан авч
үйлчилгээ үзүүлж байсан. Иргэддээ хандаж хэлэхэд, Нийслэлийн тээврийн
газрын www.transport.uv.gov.mn вэб сайтаар орж, шуурхай үйлчлүүлээрэй
гэж хэлмээр байна.

-Түр зөвшөөрөл авах гэсэн жолооч нар нэлээд их байгаа бололтой. Үүдэнд дугаарласныг харахад?
-Өнгөрсөн жилээс хойш өгөөгүй болохоор ачаалал ихэсч байна л даа. Аль зургадугаар сараас хойш ахиж олгоогүй юм шүү дээ. Тэгэхээр бараг жил шахам болсон гэсэн үг.
-Машиныхаа зургийг олон талаас нь авч ир гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Зургийг нь авч байгаа нь техникийн ерөнхий байдлыг харж байгаа хэрэг. Энэ нь, иргэдийг ийш тийш нь олон газар явуулж чирэгдүүлэхгүй гэсэндээ манайхаас оношилгооны төвд мэдээллийг нь явуулаад техникийн шаардлага хангаж байна гэж үзвэл зөвшөөрлийг нь олгоно.
-Танайхаас хэдэн хүн материал хүлээн авч байгаа вэ?
-Гурван мэргэжилтэн ажиллаж байна. Нэг мэргэжилтэн өдөрт 150-200 материал хүлээж авдаг. Мэдээллийг нь компьютерт шивээд зөвшөөрөл нь хоёр өдрийн дараа гардаг. Журмандаа ажлын гурав хоногт багтааж олгоно гэж заасан байдаг.
-Өдрийн 12:00 цагаас хойш материал хүлээн авахгүй байна гэж иргэд ярьж байна лээ?
-Бид үдээс өмнө материалаа хүлээж аваад, үдээс хойш уржигдрынхаа зөвшөөрлийг олгодог.
-Нийт тэдэн машинд зөвшөөрөл өгнө гэсэн юм байгаа юу. Одоогоор нийт хэдэн машинд олгов?
-Тоо хязгаарласан юм байхгүй. Шаардлагад нийцэж байвал олгож байгаа. Дөрөвдүгээр сарын 8-наас эхэлж 5800 материал хүлээн авсан. Үүнээс “B”ангилалын 2856, “C” 2091, “CE” 353 байсан. Ингээд ачааны автомашины 3035 түр зөвшөөрөл олгосон. Зарим хүн зөвшөөрөл нь гарчихсан байхад ирж авахгүй юм.
-Түр зөвшөөрөлтэй ачааны автомашин хотын аль хэсгээр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй вэ?
-Зөвшөөрлийг гурван ангиллаар олгож байгаа. Үүнд, бүх жин нь 3500 килограммаас доош жинтэй тээврийн хэрэгсэлд “B” ангиллын зөвшөөрөл, бүх жин нь 3500 килограммаас дээш жинтэй машинд “C”, чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд “CE” зөвшөөрөл олгож байна. Харин “B” ангиллын тээврийн хэрэгсэл Бага тойрог руу 11:00 цагаас 21:00 цагийн хооронд орж болохгүй. Бусад хэсгээр чөлөөтэй явж болно.
/Сонгинохайрхан дүүргийн иргэн/

-Иргэдэд чирэгдэл учруулахгүй гэж л хийсэн өөрчлөлт байх. Гэхдээ бидэнд дарамт болж байна.
-Гол нь, том оврын машинууд зам эвдэж байгаагаас ийм арга хэмжээ авсан байх?
-Замаа олигтой барьж чадахгүй байж олон шалтаг хэлэх юм. Тавьсан зам нь анхны борооноор л эвдэрдэг. Дулааны дөрөвдүгээр цахилгааны станцын урд талын зам машин явах боломжгүй болтлоо эвдэрсэн байна лээ шүү дээ. Зам эвдрэхээр буруутныг нь том оврын машин гэдэг. Нэг жишээ хэлье. Портерын жин нэг тонн байдаг. Үүн дээрээ ачаа нэмэхээр хоёр тонн болно. Гэтэл жийп машины зөвхөн өөрийнх нь жин дөрвөн тонн гэдгийг хэн ч ярихгүй л байгаа биз дээ.