Нийслэлийн өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангах ТЭЦ-5 бууриа засах гэж хэчнээн их зүдрэв дээ. Худалч хүнд бараг 10 гаруй жил салбарын яам, Засгийн газар нь яриад ч тусыг эс олон мартагнах шахсан эл станц “төөрсөөр төрөлдөө” гэгчээр анх сонгосон газартаа л баригдах учиртай байж.
Ашгүй дээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хоорондох Хөлийн голын хөндийн 43 га газрыг “Улаанбаатар дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар ЭХЯ-нд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсүгэй хэмээн А/406 тоот газар эзэмших эрх олгох тухай захирамж гаргажээ. Түүгээр ч зогсохгүй тус станцын барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсны дагуу зураг төслийг батлах, барилга угсралтын ажилд хяналт тавин ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгаж.
Мөн ч их ярьж, хүлээлээ дээ нийслэлчүүд энэ шийдвэр. Аль 2004 оноос л газраа олохгүй мунгинах сураг нь дуулдсан ч, алдарсан уг станцын техник судалгааг Азийн хөгжлийн банкны 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хийж, байгаль орчны үнэлгээ болон усны нөөцийн тайланг гаргасан хэмээн тухайн үеийн ЭБЭХЯ-ныхан мэдэгдэж байлаа. Яамны дэргэдэх ШУТЗ-ийн гишүүд болон эрдэмтэн, зөвлөх инженерүүдийн саналыг харгалзан станцын эрчим хүч 850 мВт, дулаан 1100Гкал/цаг хүчин чадалтайгаар барьж эргэлтэт, буцламтгай үетэй орчин үеийн зуухны технологийг ашиглана хэмээн техник технологийн шийдлийг нь ярьсан ч, газраа олохгүй ийнхүү хэдэн жил будилсан хэрэг. Харин мунгинах зуур Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ нь нийлүүлэлтээсээ давж буйг Дэлхийн банкнаас үе үе сануулж байв. Эрдэмтдийн судалгаагаар 2015-2030 он гэхэд төвийн болон хойд бүсэд 3000 мВт эрчим хүч шаардлагатай хэмээсэн. Энэ нь, одоо үйлдвэрлэж буй 800 мВт эрчим хүчийг гурван дахин нугалсан гэсэн үг. Өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангахын тулд ярих биш гараа хөдөлгөх цаг ирснийг ч Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг салбарын мэргэжилтнүүдтэй уулзах үеэрээ хэлж байлаа.
Түүнчлэн Диспетчерийн үндэсний төвийн захирал С.Төмөрхүү “Эрчим хүчний хэрэглээ өсч буй энэ үед цахилгаанаа хэмнэхгүй бол 2014 оны нэгдүгээр сарын 15-наас эрчим хүчний хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл үүснэ. Өнөөгийн эрчим хүчний чадал өсөлтөө гүйцэхгүй байна. Тиймээс олон нийтэд энэ тухай ойлгуулан урамшууллын зөв тогтолцоог ашиглаж чадвал 28 хувь хүртэл дулаан, цахилгаанаа хэмнэх боломж бий. Гэхдээ эрчим хүч, дулааны нийлүүлэлт бага байгаа өнөө үед хэмнэхээс гадна өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад яах аргагүй ТЭЦ-5 чухал” хэмээж байв. Тэгэхээр хот өргөжин тэлэх цаашлаад нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэхэд дулааны тавдугаар станцын үүрэг их байх нь. Тиймээс ч газраасаа болж гацаанд орсон эл станцын сүндэрлэх байршлыг хотын удирдлага шийдэж өглөө. Энэ жил Улаанбаатар хотод томоохон бүтээн байгуулалт өрнөн гэр хорооллыг дахин төлөвлөх их ажил нийслэлчүүдийн өмнө буй. Харин олон жил ярин бодож, боловсруулан цаасан дээр буулгасан тооцоо үндэслэлээ амьдралд буулгах цаг ирлээ Эрчим хүчний салбарынхан...