Юу, юугүй төрөх дөхсөн эхийг гэрийнхэн нь түшиж, тулсаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн тасагт авчрахад Хүлээн авахын сувилагч “Манайх харьяалалгүй хүн авахгүй. Сонгинохайрхан дүүргийн иргэн бол Хоёрдугаар амаржих газар руу яв” хэмээв. Жирэмсэн бүсгүйн нөхөр “Манайх 3,4 дүгээр хороололд нүүж ирээд удсан. Төрөхөөс нь өмнө хаягаа солиулах гээд очиход сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөн зогсоосон гэсэн.
Манай хүн юу, юугүй төрлөө шүү дээ, хүлээгээд авчих л даа“ хэмээн учирлан гуйсаар зогсов. Гэсэн ч хүлээн авахын сувилагч миний эрх мэдэл хүрэхгүй ээ. Харьяалалгүй байтугай өөрсдийн хүнээ яая гэж байхад гээд хаалгаа тас хийтэл хаав. Тогоо шиг том гэдэстэй түүнийг хараад хэрвээ би энэ сувилагчийн оронд байсан бол ч... гэсэн бодол толгойд эргэлдэв.
Эмэгтэйн ээж “Манайх Толгойтод байдаг. Хүү маань 3,4 дүгээр хороололд байр аваад шилжилт хөдөлгөөнөө хийлгэхээр хороондоо хандсан юм.
Гэвч Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болохтой холбогдуулан шилжилт хөдөлгөөн зогсоосон гэсэн. Уг нь, сар гаруйн өмнө шилжсэн бичгээ өгсөн. Одоо бас Ерөнхийлөгчийн сонгууль гээд хойшлуулах байх даа. Охин маань ингэж хоёр эмнэлгийн хооронд явж байгаад замдаа төрчихвөл яах юм бэ” хэмээн бухимдан ярьсан юм. Үүний дараа Өвөрхангайгаас ирсэн гэх жирэмсэн эмэгтэй мөн л хүлээн авахаас буцав. Авахгүй гэж эмнэлгийнхэн гэдийсний учир нь, өнөө л харьяаллын асуудал байлаа. Тэрээр “Хожуу төрөлт болохоор хүндрэлтэй төрж магадгүй гэж манай аймгийн эмч нар хэлсэн юм. Тэгэхээр нь нөхөр бид хоёр яриад хот бараадаж төрвөл дээр гэж бодсон юм. Гэтэл 13 дугаар маягтаа авахаа мартаад ирж. Одоо тэр маягтыг иртэл намайг хаана ч авахгүй гэх нь тодорхой боллоо. Хувийн эмнэлэг л бараадахаас. Төр засгийн зүгээс олон хүүхэд төрүүлсэн эхийг шагнаж урамшуулна, дэмжинэ гэж ярьдаг ч наад захын төрөх эмнэлгүүд харьяа биш гэж буцааж байгаа нь хэцүү байна шүү дээ” хэмээн гомдонгуй хэлсэн. Дээрх үйл явдлууд өнгөрсөн баасан гарагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэдхэн минутын хооронд л өрнөсөн үйл явц. Гэхдээ энд эмчийн буруу гэж юу байхав. Эрүүл мэндийн өнөөгийн тогтолцоо нь ийм болохоор элдэв дүрэм журмаа зөрчих аргагүй биз ээ. Дээрээс нь ачааллаа дийлэхгүйд хүрсэн төрөх эмнэлгүүд аль болох жирэмсэн эхчүүдийг нэмж авахгүй байх бодлого баримталдаг нь нууц биш.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийг сайн хэмээн эмэгтэйчүүд ам сайтай байдаг. Нөгөө талаар, сүүлийн үед янз бүрийн гадны сөрөг нөлөөлөл болон хожуу төрөлт зэрэг нь хүндрэл дагуулах болсон учир тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж буй гэсэн. Жилдээ 42 мянга гаруй эмэгтэй үйлчлүүлж байгаагийн 40-өөд хувь нь орон нутгийнхан гэхээр аргагүй мэт. Үүний дараа Хоёрдугаар амаржих газрыг зорилоо. Тулгар биетэй эхчүүд ар араасаа түргэний тэрэг, өөрсдийн унаагаар ирнэ. Түргэний машинаар ирж байгаа эхчүүд төрөхийн тасаг руу асуудалгүй орох аж. Харин өөрсдөө ирсэнийг нь төрөх хугацаа болоогүй, савны амсар нээгдээгүй, манай харьяалал биш гэх мэт асуудлаар буцаасан нь /хөөгдөж байгаа мэт/ хөөрхийлөлтэй харагдав. Улсын хэмжээнд 2012 онд нийт төрсөн эхчүүдийн 98.6 хувь нь эмнэлэгт, 1.4 хувь нь гэртээ төржээ. Гэтэл гэртээ төрсөн эхчүүдийн 14 хувь нь эндсэн гэнэ. Энэ нь, гэртээ төрөх нь эхийн эндэгдэл гарахад нөлөөлдөг юм байна. Эмнэлэг хүлээн аваагүй, төрөх хугацаа нь болоогүй, ор байхгүй, харъяа биш хэмээн буцаадгаас гэртээ төрсөн тохиолдол олонтаа гарчээ. Төрөхөөр ирж байгаа эхчүүдийн 50 гаруй хувь нь буцаж, үлдсэн нь хэвтдэг гэсэн статистик тоо ч бий. Эрүүл мэндийн энэ гажиг тогтолцоог их ярьдаг ч, өнөөг хүртэл нэг мөр шийдсэн нь үгүй. Иймээс эрүүл мэндийн шинэчлэлийг ярих биш бодитоор хийе хэмээж буй өнөө үед үрээ тээж яваа эмэгтэйчүүдийг харьяалал гэлгүйгээр хүлээж авч эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэдэг болъё. Тэр дундаа эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах гэж холоос зорин ирсэн орон нутгийн эмэгтэйчүүдэд наанатай цаанатай хандах хэрэгтэй санагдана.
Үнэндээ төрөх эмнэлгийн хүрэлцээ муу, харьяалал зэргээр далимдуулан танил тал, гар хүндрүүлдэг сөрөг үр үзэгдэл энэ салбарт бугшсан. Ор байхгүй, харьяалалгүй хүн авахгүй гэсэн хэрнээ л тэр эмчийн хүн, энэ сувилагчийн хамаатан гэхэд л найр тавин угтана. Энэ байдлаас ч үүдэн найз нөхөд, хамаатан садных нь нэг нь төрөх гэж байгаа бол “Хаана төрөх гэж байгаа вэ. Одоо цагт танил эмч, сувилагчгүй бол төрнө гэдэг хэцүү болсон” хэмээн сануулах болжээ. Магадгүй, төр эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь төгс төгөлдөр байлгах гэж нуруундаа дааж давшгүй ачаалал үүрэхийн оронд эмнэлгээ сонгодог, төлбөр мөнгөө ил цагаан авдаг болгочихвол хамгийн шударга зарчим байж мэднэ. Хамгийн ойр жишээ гэхэд, БНСУ-д жирэмсэн эхчүүд нь өөрийн хүссэн, дуртай эмнэлгээ сонгон төлбөрөө төлж үйлчлүүлдэг юм билээ. Мөн АНУ-д ч гэсэн. Нэгэнт танил тал, гар хүндрүүлнэ гэж ил, далдаар мөнгө өгч авалцаж байгаагаас хойш арай боломжтой жишгийг судалбал яасан юм бэ.