Төрд өндөр алба хашиж, төсвийн мөнгөөр халаасаа түнтийлгэсэн хүн цөөнгүй. Өдгөө хууль хяналтынхны шалгаж буй зарим хэргийн хохирол хэдэн тэрбумаар тоологдож олныг сэртхийлгэж байна. Тухайлбал, МИАТ компани, Татварын ерөнхий газар, ЭМЯ-ны зарим албан тушаалтны холбогдсон хэргийг нэрлэж болно. Тэд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж хэдэн арван, цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих хэмжээний мөнгийг хувьдаа завшиж, хөрөнгөө зузаатгажээ.
Төрд шургалсан “дээрэмчид” төсвийн мөнгөөр ингэж тоглож байхад цаана нь Монголын ирээдүй болсон 70 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, гэртээ цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байна. Хүүхдээ цэцэрлэгт явуулчихсан гэж эцэг эхчүүд ч санаа амар байх арга алга. Учир нь, улсын цэцэрлэгүүдийн барилга хуучирч, хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон байгаа. Үүнийг гэрчлэх шиг өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэгт баригдаад 45 жил болсон 59 дүгээр цэцэрлэгийн байрны шал цөмөрсөн нь олон эцэг эхийг айдаст автуулав.
Сургууль хүрэлцээгүйгээс нэг ангид 40-60 хүүхэд чихэлдэн тохой нийлүүлэн суралцаж байна. Суралцах хүүхдийн тоо байх ёстой хэмжээнээс хэтэрсэн учир өдөрт 2-3 ээлжээр хичээллэхгүй Ерөнхий боловсролын сургууль ч ховор.
Төрөх эмнэлэг нь ачааллаа дийлэхээ байсан учир тулгар биетэй ээжүүд гэртээ амаржих нь энгийн үзэгдэл боллоо. Эдгээр баримт Монгол Улсад цэцэрлэг, сургууль, эмнэлэг тулгамдсан асуудал болж буйг илтгэж байна. Тэгвэл дээрх гурван байгууллагын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд төрөөс 38.6 тэрбум төгрөг “дээрэмджээ”. Энэ мөнгөөр хэчнээн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, байгуулах боломжтой талаар бяцхан тооцоо бодъё.
Одоогоос дөрвөн жилийн өмнө гаргасан сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийн судалгаанаас үзвэл, 320 суудалтай дунд сургууль 820 сая, 320 суудалтай, спорт заалтай дунд сургууль 1.1 тэрбум, 960 суудалтай дунд сургууль нэг тэрбум 997 сая төгрөгт барьж болохоор байна. Харин цэцэрлэгийн хувьд 75 ортойг нь 350 сая, 100 ортойг нь 450 сая төгрөгт барих боломжтой.
Тэгэхээр 38.6 тэрбум төгрөгөөр хамгийн цөөн суудалтай буюу 320 суудалтай дунд сургууль 47-г сүндэрлүүлж, эсвэл хамгийн цөөн ортой буюу 75 ортой цэцэрлэг 110-ыг барьж болохоор байна. 2011-2013 оны эмнэлгийн барилгын төсвийн судалгаанаас үзвэл, Улаанбаатар хотод 100 ортой эрүүл мэндийн төвийн барилга таван тэрбум 432 сая 400 мянга, 300 ортой төрөх эмнэлэг 19 тэрбум, Завхан аймгийн төвд 50 ортой төрөх эмнэлэг хоёр тэрбум 180 сая төгрөгт барьж болохоор байгаа юм. Харин дээрх мөнгөөр 100 ортой эмнэлэг 89-ийг, эсвэл 300 ортой төрөх эмнэлэг хоёрыг барих боломжтой. Гэтэл ийм их хэмжээний мөнгийг хуруу дарам цөөхөн хүн л албан тушаалаа ашиглаж, хувьдаа завшсан гээд бод доо. Хүн тус бүрийн завшсан мөнгөөр нь тооцоо хийвэл, МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдоод буй Ч.Хоролсүрэн 960 суудалтай дунд сургууль 12-ыг барих мөнгө “идсэн” бол Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх 100 ортой 44 цэцэрлэг барих хэмжээний мөнгийг ямар замаар олсноо тайлбарлаж чадахгүй байгаа юм. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл гэхэд л ЭМЯ-наас зарласан тендерээс орон нутагт таван аймагт 50 ортой төрөх эмнэлэг тавыг барих хэмжээний мөнгө унагасан байна.
Ингээд тэдний үйлдсэн хэргийг дараахь байдлаар уншигчдадаа хүргэж байна.
БАРИМТ 1.
УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт есөн хүнийг буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад тус компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, “Монголиан айрлэйнз групп”-ийн захирал Ч.Хоролсүрэн тэргүүтэй эдгээр сэжигтэн 16 удаагийн үйлдлээр 6.8 сая ам.доллар завшсан нь тодорхой болжээ. Тодруулбал, МИАТ компанийн “Дайны эрсдэлийн даатгал”-ыг бусад компанитай байгуулсан нэрээр энэ хэмжээний мөнгийг өөрсдөө завшсан байна. Энэ хэргийг шалгах явцад хохирлын хэмжээ 16 тэрбум төгрөг болон нэмэгдэж, зарим сэжигтнийг хууль бусаар хөлжсөн гэсэн үндэслэлээр үргэлжлүүлэн шалгаж буй гэнэ. Хууль бусаар хөлжигсдийн нэг нь Ч.Хоролсүрэн. Тэрээр мөрдөн байцаалтын явцад найман тэрбум төгрөгөөр хэмжигдэхүйц барилга, объект эзэмшиж байгаа нь тогтоогджээ. Ч.Хоролсүрэн МИАТ компанийн Коммер, санхүү хариуцсан захирлаар ажиллаж байхдаа МИАТ болон “Korean Air Line” компанийн хооронд хууль бус гэрээ байгуулж, зорчигчдын ачааны нэг кг тутамд гурван ам.доллар төлүүлж байхаар тохиролцжээ. Ингэхдээ гэрээндээ нэг кг ачааг таван ам.доллараар тооцож дундаас нь хоёр ам.доллар буюу нэг зорчигчийн үнэгүй тээвэрлэх 46 кг ачаанаас 92 ам.доллар нислэг тус бүрээс залилж байсан нь тогтоогдсон байна. МИАТ компанийн Бойнг-737-800, В-737-800 онгоц бизнес 12, энгийн 150 гээд нийт 162 суудалтай. Тэгэхээр нэг удаагийн нислэгээр дунджаар 150 хүн зорчино гэж үзвэл, тэдний ачааны төлбөрөөс 19 сая 320 мянган төгрөг луйвардаж байж.
МИАТ компани Улаанбаатар-Сөүлийн чиглэлд долоо хоногийн Пүрэв гарагаас бусад өдөр нислэг үйлддэг. Жилд 312 удаа зорчигч тээвэрлэнэ гэсэн үг. Жилд үйлдсэн нислэгээр нь зорчигчдын ачаанаас хууль бусаар олох ашгийг нь тооцвол зургаан тэрбум төгрөг хол давж байна.
Мөн МИАТ компанийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд үйлдэх нислэгээс ч дээрх байдлаар мөнгө унагаж байжээ. Тодруулбал, гэрээ байгуулахдаа зорчигчдын ачаанаас нэг кг тутамд дөрвөн евро төлүүлж байхаар тохиролцож, гэрээндээ нэг кг ачааг зургаан еврогоор тооцон дундаас нь хоёр евро буюу зорчигчийн үнэгүй тээвэрлэх 46 кг ачаанаас 92 евро нислэг тус бүрээс залилж байсан нь тогтоогдсон гэнэ. Нэг нислэгээр дунджаар 150 хүн зорчино гэж тооцоход, тэдний ачаанаас 25 сая 171 мянга 200 төгрөг завшиж байсан байх нь. Мэдээж, МИАТ компани жилд энэ чиглэл рүү хэчнээн нислэг үйлдэж, хэдэн хүн тээвэрлэснээр нь тооцвол бас л өчнөөн тэрбумаар тооцогдох дүн гарах нь тодорхой. Түүнчлэн Ч.Хоролсүрэнд холбогдох дээрх хэргийг шалгах явцад түүний эхнэрийн холын хамаатан Архангай аймагт амьдардаг охины нэр дээр банкинд данс нээж таван тэрбум төгрөгийн хадгалсан нь баримтаар тогтоогджээ. Энэ мэтээр Ч.Хоролсүрэнг улсын мөнгийг хууль бусаар завшиж, хөрөнгөжсөн гэж нийт 24 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт шалгаж байгаа гэнэ.
БАРИМТ 2.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх, тус хэлтсийн мэргэжилтэн О.Бямбасүрэн, Улсын төсвийн орлого, хяналтын газрын эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат нарыг албан тушаалаа уруулан ашиглаж, авлига авч, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байна. Хэргийг шалгах явцад Ч.Гансүхийн аав, хоёр хүү, төрсөн дүү нар нь их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон нь тодорхой болоод буй. Тэрээр хууль бусаар олсон их хэмжээний мөнгөө аав, хүүхдүүд, дүү нарынхаа дансанд төвлөрүүлжээ. АТГ-ынхан тэдний дансанд одоогоор эх сурвалж нь тодорхойгүй 18 тэрбум төгрөг болон нэг сая ам.доллар байгааг тогтоосон байна. Тухайлбал, Ч.Гансүхийн аав У.Чимэдийн дансанд нэг сая ам.доллар болон 1,2 тэрбум төгрөг байгаа бол том хүү Г.Ганзулын Голомт банкин дахь дансаар 16 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь баримтаар тогтоогдсон аж. Бага хүү Г.Ганзулын АНУ-ын банкин дахь дансаар нэг сая ам.доллар гуйвуулж, 30 гаруй Lexus 570, Landcruiser 200 гэх мэт тансаг зэрэглэлийн авто машин Монголд оруулж ирж, худалдан мөнгө угаасан нь тогтоогджээ. Ч.Гансүхийн том хүүгийн эзэмшилд агуулах, үйлчилгээний зориулалттай дөрвөн барилга, “Экстра орос худалдааны төв”-ийн үйл ажиллагаа явуулж буй дөрвөн давхар барилга, зургаан орон сууц байгаа бол дүү Ч.Даваасүрэнгийн эзэмшилд “Гранд оффис” компанийн барилгад гурван ажлын байр, “Грийн Вилла” болон “Голден Вилл” орон сууцны хотхон тус бүрт нэг орон сууц байна. Тэд энэ их хэмжээний мөнгө, үл хөдлөх хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэдгийг ч АТГ-ынхан хэлж байна билээ.
Татварын ерөнхий газрын Төсвийн орлого, хяналтын газрын эрсдлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан 500 сая, “G-Mobile” компанид зээлдүүлсэн гэх 560 сая төгрөгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.
Эдгээр баримтаас үзвэл, АТГ-ынхан дээрх хүмүүст хамаатай 21 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тодруулахаар ажиллаж байна. ТЕГ-ын дээрх хоёр хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн ажил үүргийнхээ хуваарийн дагуу харилцаж ажиллаж байсан зарим аж ахуйн нэгж, компанийг ч шалгажээ. Ингээд Ч.Гансүхийн шалгаж байсан “ZTE” компанийн удирдлагад ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлага үүссэн аж.
БАРИМТ 3.
УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, Оношилгоо, эмчилгээ технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулж, хувьдаа завшсан, албан тушаалын давуу байдлаа ашиглаж яамнаас зарласан тендерүүдэд танил талаа шалгаруулдаг байсан гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэргийг шалгах явцад тэднийг 1.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан нь тогтоогджээ. Дээрх таван хүн нийлж “Лабтех” гэсэн компани байгуулжээ. Эл компани нь эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох эрхтэй. Сүүлийн гурван жилд ЭМЯ-наас 10 орчим тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх эл тендерүүдэд ихэнхдээ “Лабтех” компани ялдаг байж. Захирлаар нь Б.Болор гэгч эмэгтэй ажилладаг ч нууц эзэн нь Н.Түмэндэмбэрэл гэнэ.
Одоогоос хоёр сарын өмнө П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт цахилгаан соронзон оношилгооны аппарат “MRI” нийлүүлэх тендерт дөрвөн аж ахуйн нэгж өрсөлдсөнөөс “Лабтех” компани шалгарчээ. Энэ дагуу нэг тэрбум 735 сая төгрөгийн өртөгтэй “Philips” фирмийн “Intera 1.5Т” маркийн “MRI” аппарат нийлүүлэхээр болсон байна. Тиймээс Н.Түмэндэмбэрэл 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сангийн яаманд “Лабтех” компанид тоног төхөөрөмжийн үнийг шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг хүргүүлснээр нэг тэрбум 735 сая төгрөгийг шилжүүлжээ. Гэтэл “Саммитмедикал сервис” компанийн данс руу энэ мөнгийг шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн гэнэ.
Тодруулбал, өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлжээ. Анх гэрээ байгуулахдаа “Philips” компанид 2012 оны зургадугаар сард үйлдвэрлэсэн шинэ “MRI” соронзон оношилгооны аппарат нийлүүлнэ гэж тусгажээ. Гэтэл нийлүүлсэн аппарат нь “Philips” компанид капитал засвар хийлгэсэн хуучин төхөөрөмж байсан аж. Тиймээс гуравдугаар эмнэлгийн удирдлагууд засвар хийсэн хуучин аппарат хүлээн авахаас татгалзсан учир танил талаа ашиглан үүнийгээ ГССҮТ-д нийлүүлсэн байна. Түүнтэй үгсэн хуйвалдаж нэг тэрбум 735 саяын үнэтэй гэх хуучин аппарат хүлээн авсан ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг болон тендерийн ажлыг гүйцэтгэсэн “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал нарыг ч шалгаж байгаа юм.