Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МоАХ-ны зохицуулагч Д.Батбаяртай ярилцлаа. Тэрээр өөрийнхөө суманд үүсээд буй хууль бус томилгоо болон орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөний захиран зарцуулалтын талаар ярьсан юм.
-Танай суманд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярихгүй юу?
-Манай сумын Засаг дарга хууль бусаар томилогдсон. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхан шалгаж дуусаагүй байтал аймгийн Засаг дарга томилгоо хийж Баярбаатар гэдэг хүн манай сумыг удирдаж байна. Иргэдийн хурлаас энэ хүн олонхийн санал авсан нь үнэн. Орон нутгийн сонгуулиар манай суманд АН, МАН-д нэг суудлын зөрүүгээр ялагдсан. Өөрөөр хэлбэл, Баярбаатар манай намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн хүнийг “Сумын Засаг даргын орлогч болгоно” гэж хэлээд түүний саналыг өөрийнхөө талд өгүүлсэн байгаа юм. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн бүрт тэрбум төгрөг хуваарилсан. Энэ мөнгөө Э.Бат-Үүл гишүүн манай аймгийн сум бүрт тараахад Шаамар суманд 34 сая төгрөг хуваарилагдсан юм билээ. Уг мөнгөний зарцуулалтыг бид аймгийн удирдлагуудаас асуухад “Бид мэдэхгүй. Танай сумын МАН-ын даргад өгсөн” гэсэн. Тухайн үед манай сумын МАН-ын даргаар Баярбаатар ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байгаа. Тэгээд уг мөнгөний талаар асуухад “Би аваагүй. Энэ тухай сонсоогүй” гээд өнгөрсөн. Үүнээс гадна манай аймагт “Бороо гоулд” компани хөрөнгө оруулалт хийсэн. Үүний дүнд манай суманд сүү хөргөөх болон ногоо даршлах цех байгуулж өгсөн. Сүү хөргөөх цех нь мөн л Баярбаатарынх болчихоод байна. Энэ мэт шалтгааныг би олон удаа иргэдийн нийтийн хурал дээр хэлж байв. Тэр бүхэнд тэрээр “Энэ цехүүд суманд хамааралгүй. Намын шугамаар ирсэн” гэж хариу өгсөн. Гэвч булавч бултайна гэгчээр энэ бүхэн ил болсон. Тэгээд дахиад асуутал “Би сүү хөргөөх цехийн эд ангийг нь дутуу авчихсан байгаа. Бүрэн болгож байгаад ажиллуулна” гэсэн хариу хэлээд өнгөрлөө.
Дөрвөн яамны хамтарсан ажлын хэсэг гарч сумдаар явж, иргэдээс санал асуулга авах гэж ирсэн юм. Тэр үеэр уг асуудлыг би хөндөж ярьсан. Манай сумын иргэдийн 80 гаруй хувь нь газар тариалан эрхэлж амьдардаг. Томоохон улсын үйлдвэр байдаггүй. Хувийн хэвшлийн компани ч байхгүй. Дээрх ажлын хэсгийнхэн “Танай сумыг хөгжүүлж, олон зуун ажлын байр бий болгоно” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Манай суманд хөрөнгө оруулалт хийж, ажлын байр нэмэгдүүлэх гэж байгаа нь сайн хэрэг. Өмнө нь өгсөн хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт тавихгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Баярбаатар “Сүү хөргөөх цех ажиллахгүй байсан учир аймгийн Засаг дарга “Шим” компанид өг гэсэн. Тэгээд өгчихсөн” гэж хэлж байна лээ. Би үүнд огтхон ч итгэхгүй байгаа. Учир нь, аймгийн Засаг даргад сумын хөрөнгийг өөр компанид хуваарилах эрх байхгүй биз дээ.
-Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан гэсэн. Ямар хариу өгсөн бэ?
-Шүүхэд гомдол гаргасан. Өнөөг хүртэл нэг мөр асуудал нь шийдэгдээгүй байна. Цагдаагийн байгууллага нэг талд үйлчлээд байгаа юм шиг санагдсан. Тиймээс энэ хүний асуудлыг олон нийтэд ил болгох үүднээс би явж байгаа юм. Шударга бус байдал цаашид үргэлжлэн газар авбал олон нийтэд мэдэгдэх бодолтой байна.
-Танай сумын орон нутгийг хөгжүүлэх санд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Энэ талаар мэдээлэл бий юү?
-Баярбаатар манай сумын Засаг даргаар сонгогдоод 20 гаруй хонож байна. Сонгогдсон даруйдаа хууль бус зүйл хийж эхэлсэн. Учир нь, сумын орон нутгийг хөгжүүлэх санд 180 орчим сая төгрөг төвлөрөөд байгаа. Энэ мөнгийг сум, багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, бидний амьдарч буй орчинд тулгамдаж байгаа ажилд зарцуулна гэж хуульд заасан. Хурал хийлгүйгээр энэ мөнгийг хэн ч хөдөлгөх эрхгүй гэж Ерөнхийлөгч “Шууд ардчилал-Иргэний оролцоо”-ны хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд олон нийтийн телевизээр хичээл заахдаа хэлсэн. Гэтэл энэ хүн Засаг дарга болонгуутаа иргэдийн хурал хийлгүйгээр мөнгийг захиран зарцуулж эхлээд байна. Түүнчлэн суманд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Халамж үйлчилгээний газраас сум бүрт таван сая төгрөгийн зээл олгодог. Энэ мөнгөнөөс ч тэрээр хувьдаа завшсан. Уг нь, дээрх мөнгийг сумын амьжиргаа дэмжих төслийн багийнхан хуралдаж, хэнд хэдэн төгрөг зээлэх талаар ярилцдаг юм. Бага хүүтэй авсан энэ мөнгөө буцаагаад төлөх учиртай. Харин энэ төслийн багийн гишүүд өөрсдөө авах эрхгүй байдаг. Гэтэл энэ хүмүүс хуралдаад өөрсдөө хуваагаад авчихдаг. Тэгэхэд Баярбаатар өөртөө таван сая төгрөг хуваарилаад авсан байгаа юм. Энэ мэт хууль бус ажиллагаа маш их байна.
-Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгөөр хийх ажлын санал та бүхнээс авсан уу?
-Аваагүй. Багийн иргэдийн нийтийн хурлаар энэ талаар огт яригдаагүй. Уг нь, иргэдийн хурлаа зохион байгуулаад тулгамдаж буй асуудлуудыг нь амаар болон бичгээр авах ёстой. Үүнийхээ дараа нэн түрүүнд хийх ёстой хамгийн олон санал авсан ажлыг нь хийнэ биз дээ. Гэтэл манайд өнөөдрийг хүртэл ийм ажил ерөөсөө зохион байгуулаагүй.