Төрийн өмчийн хороо үйл ажиллагааныхаа арга хэлбэрт шинэчлэл хийх шаардлага тулгарч байгаа, энэ шинэчлэлийн эхлэлээ ил тод нээлттэй байдал гэж үзэн төрийн өмчийн оролцоотой 24 компанийн үйл ажиллагаа алдагдалтай байгааг нийтэд мэдээлсэн билээ. Эдгээр компанийн үйл ажиллагаанд хийх хяналтыг шинэ шатанд гаргаж мониторинг хийх, дараа нь шинжилгээ дүгнэлтэд үндэслэн менежментийг нь шинэчлэх бодлого барьж ажиллахаар болсноо олон нийтэд мэдээлсэн.
Төрийн өмчийн хорооны удирдлагууд “Дулааны IV цахилгаан станц” болон “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. “Дулааны IV цахилгаан станц”-ын хувьд төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. Тус станц нь 2001 оны наймдугаар сараас Төрийн өмчийн Хувьцаат Компани болж, хувьцааны 41 хувийг Эрчим хүчний яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшиж байгаа юм. Станцын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны дүнд уг станцын үйлдвэрлэлийн ажилд ямар нэгэн доголдол байхгүй харин удирдлага, менежментийн ажиллагаа дутагдалтай байгаа гэж үзэн, шинэчлэлийг компанийн засаглалыг хөгжүүлэхээс эхлэх шаардлагатай байгааг Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатар онцолсон. Иймээс дотоод нөөц бололцоогоо ашиглан одоогийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж менежментээ шинэ шатанд гаргахыг “Дулааны IV цахилгаан станц”- ын удирдлагад Хорооноос үүрэг болголоо.
Харин “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд Монгол улсад байгаа үйлдвэрлэлийн технологийн уур гаргадаг цорын ганц үйлдвэр . Энэ үйлдвэр улсаас гаргаж өгсөн тоо хэмжээнд нь бүтээгдэхүүнийг цаг тухайд нь үйлдвэрлэж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа гэхчлэн сайн зүйлс олон байсан ч хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилчид, тэдний нийгмийн асуудал орхигдсон, техникийн шинэчлэл хийгдээгүй, технологийн дэвшил муу гэх мэт төр засгийн зүгээс болон удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгааг үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан Төрийн өмчийн хорооны холбогдох албаны хүмүүст танилцуулсан юм. Төрийн өмчийн хороо энэ байдалтай газар дээр нь танилцаад өөрсдийн эрх мэдлийн хүрээнд болон холбогдох яам тамгын газар, энэ байгууллагын удирдлагууд нөхцөл байдлыг анхааралдаа авч, хурдан хугацаанд боломжит байдлаар шинэчлэл хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлтэнд хүрч цаашид дээрх асуудлуудыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдлээ .