Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд шүүх хуралдааны бичлэгтэй танилцаж, тэмдэглэлийг нь харах боломж бүрдлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, уг багц хуульд Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль багтаж байгаа юм. Ингэснээр олон жилийн турш шинэчлэлийн салхи нэвтрээгүй хэмээн шүүмжлүүлсээр ирсэн шүүх, хуулийн салбарт ардчиллын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдэж байгааг энэ салбарынхан хэлж байв.

Өнөө үеийн нийгэмд шүүхийн гүйцэтгэх үүрэг оролцоо улам их болж буй. Иймээс шүүгчийн хараат бус байдлыг хангах, ур чадвар, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, иргэдэд шүүхийн үйлчилгээг чанартай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх зэрэг олон чухал зорилтыг ганц хуулийн зохицуулалтаар бус, тус тусын нарийвчилсан хуулиар зохицуулах шаардлага бий болсон. Дээрх хуулиудыг боловсруулахдаа гадаад, дотоодын  эрдэмтэн судлаачдын зөвлөмж, хуулийн болон иргэний нийгмийн байгууллагуудын санал бодлыг сонсч, гадаадын зарим орны туршлагыг харгалзан үзсэн байна. Уг хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн шүүгч О.Зандраа нар мэдээлэл хийлээ. Шинэ хуулиуд мөрдөгдөж эхэлснээр шүүгчдийг сонгон шалгаруулах, хэргийг шүүн таслах, шийдвэр гаргах зэрэг бүх үйл ажиллагаа ил тод болж байгаа юм. Одоогийн байдлаар шүүхийн 67 мянган шийдвэрийг ил тод болгожээ.

Шүүхийн шийдвэр ийнхүү ил болсноор давхар судалгааны объект болж байна. Шинэ хуулиар Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэх үеэр шүүхийн төсвийг хасч, танадаг байдлыг зогсоох зорилгоор бие даасан засаглалын хувьд төсвөө УИХ-д шууд өргөн мэдүүлдэг болгожээ. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулж, Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны танхимын шүүгчид танхим хооронд сэлгэн ажиллахыг хориглосон байна.
Олон орны мөрөөдөөд ч хийж чадаагүй шүүхийн шинэтгэлийг Монгол Улс эхлүүлж чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр онцолж байлаа. Ирэх зургаан сарын хугацаанд зохион байгуулалтын ажил хийж энэ  оны арванхоёрдугаар сараас Монголын шүүх цоо шинэ шүүх болох гэж байна.

Энэ үеэр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч О.Зандраатай ярилцлаа.


О.ЗАНДРАА: Хуулийн хэрэгжилттэй холбоотой 43 заалт боловсруулж байна

-Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжсэнээр бидэнд ямар ач холбогдолтой вэ?
-Энэ хууль батлагдсанаар шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн захиргаа, төсвийг бие даалгах, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар шударга шүүхээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой. Мөн Монгол Улсын ардчилсан Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн зарчмыг илүү бодитой хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж, шүүхийн ажиллах эрх зүйн орчныг баталгаажуулж өгсөн. Улмаар 1993 онд Шүүхийн тухай анхны хууль гарч, 2002 онд уг хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш буюу өнгөрсөн 11 жилийн хугацаанд салбар тус бүрээр зохицуулагдаж байх ёстой хуулиудыг зөвхөн 2002 оны хуулиар зохицуулж ирсэн. Үүнийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байсан учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн зургаан хууль батлагдсан юм. Уг хуулийг өнөөдрөөс /өчигдөр/ дагаж мөрдөж эхэллээ. Монгол Улсын дээд шүүх 25-аас доошгүй шүүгчтэй байна гэсэн заалт биеллээ олж байна. Одоогийн 17 шүүгч дээр найм нэмэгдэж 25 шүүгч ажиллах юм. Шүүхийн байгууллагын эрх зүйн орчинг нээж өгсөн хэд хэдэн ач холбогдолтой зүйл уг хуульд бий.

-Тухайлбал?
-Нэгдүгээрт шүүхэд мэргэшсэн дагнасан шүүгч ажиллах боломжтой боллоо. Хоёрдугаарт захиргааны удирдлагыг шүүн таслах ажиллагааг салгаж, гуравдугаарт шүүгчийн томилгоо, шүүгчдэд тавигдах шаардлагууд шинэчлэгдсэн. Монгол Улсын Дээд  шүүх дээр хийж буй ажлууд цэгцэрчихлээ. Энэ хуулиудын хэрэгжилтийг хангахад холбогдох заалтуудыг бий болгох үүднээс 43 журам батлуулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд бүх Шүүгчдийн зөвлөл хуралдах юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван бүрэлдэхүүний гурвыг нь бүх шатны шүүхийн зөвлөлгөөнөөс томилж байгаа. Ирэх сарын 2-нд бүх шүүгчийн зөвлөлгөөн болно. Уг зөвлөлгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулахаар болсон. Захиргааны удирдлагын чиг үүргийг хангах ёстой шүүхийн ерөнхий зөвлөл шинээр байгуулагдаад шинэ шүүхийн бүтэц зохион байгуулалт, үндсэн чиглэлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, бүх тойргийн шүүх байгуулагдана. Бүх бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа. Харин эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс тус тусад нь өөрчлөлт хийнэ дээ.

-Уг хуультай уялдуулан зарим хуульд өөрчлөлт орно гэсэн. Чухам ямар хуулиудад өөрчлөлт орох вэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орно. Уг өөрч­лөлтийн эхний хэсгийг Хууль зүйн яамнаас байгуулагдсан ажлын хэсэгт бид өгсөн. Үүнтэй холбогдуулан Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зөвлөл байгуулагдах юм. Өмнө нь, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах бүхий л үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг байгууллага нь Тамгын газар, түүний алба хэл­тэс байсан. Үүнийг Шүүхийн ту­хай хуулиар эрхзүйн орчин, ажил­лах нөхцөл, боловсон хүчнийг нэ­мэгдүүлсэн. Тамгын газруудын зо­хион байгуулалт хийгдэх учиртай. Үүний дараа үйл ажиллагаа нь жигдрэх юм. Өнөөдрөөс /өчиг­дөр/ эхлэн шүүгчид танхим хооронд сэлгэн ажиллахгүй. Эрх нь зөрчигдөж эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан хүмүүст хэрэг тус бүрээр нь төрөлжиж, дагнан ажиллах учраас үнэхээр чухал ач холбогдолтой. Өмнө нь мөрдөгдөж байсан эрхзүйн орчин нь хяналтын шатны хоёр чиг үүргээр хэрэгжиж байсан. Уг хуулиудын хамгийн гол онцлог нь иргэдэд нээлттэй байх орчинг бүрдүүлж өгсөн. Өчигдрийн /уржигдар/ шүүх хуралдаанаас эхлээд бүх шүүх хурал дээр бичлэг хийж байгаа. Бүх шүүхийн танхимуудад видео бичлэг хийх аппарат суурилуулсан. Иргэд шүүх хуралдааны бичлэгтэй танилцах, тэмдэглэл нь хууль дүрмийн дагуу хийгдсэн эсэх, ямар журмаар зохион байгуулсан зэргийг харах боломж бүрдсэн.

-Шүүгчдийн орон тоо нэмэгдэж байгаа. Ингэснээр шүүхийн үйл ажиллагаа сайжрах байх л даа.
-Хот хөдөөгийн шүүхийн байгууллагын ачаалал тэнцвэржсэн. УИХ шүүгчдийн орон тоо нэмэхэд гар татаагүй. Монгол Улсын хэмжээнд 445 шүүгч ажилладаг байсан бол одоо 693 болсон. Шинээр нэмэгдэж ирсэн шүүгчид чиглэл тус бүрээр ажиллах юм. Дүүргүүдэд нэг шүүгчийн хийж байсан ажил одоо багасна. Энэ хэрээр хэрэг маргааныг хянан хэлэлцэхэд шүүгчээс тавих анхаарал сайжирна. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр хуульд нийцэн гарах юм. Энэ бүх бэлтгэл ажлууд хуучин Шүүхийн зөвлөлийн хүрээнд хийгдэж дууссан. Хууль тус бүр дээр ажлын хэсэг байгууллаа. Зургаан ажлын хэсэг хамгийн дээд тал нь 12, багадаа дөрвөн журам боловсруулсан.


Ж.Баярцэцэг:  Шүүхийн шинэчлэлийн хоёр дахь алхмыг манай яам эхлүүлнэ

Уг хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн яам ямар ажил хийж буйг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээс тодрууллаа.

-Энэ хууль хэрэгжсэнээр ямар давуу талтай вэ?
-Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр энэ салбарт томоохон шинэчлэлт хийх үндэс суурь тавигдлаа. Ганц шүүхийн салбарын шинэтгэл төдийгүй хууль эрхзүйн салбарт мэргэжлийн хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, хуульчдын удирдах байгууллагын анх удаа бий болгосон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль шинээр бий боллоо. Хууль зүйн яамнаас хуульчийн эрхзүйн байдлын хэрэгжилтэд голлож анхаарч ажиллаж байна. Хуульчдын анхны холбоо байгуулагдах ёстой. Хуульчдын нэгдсэн бүртгэлийг өчигдрөөс /уржигдар/ хийж эхэллээ. Ирэх арваннэгдүгээр сарын 1-н гэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуульчийн мэргэжлийн гэр­чилгээ бүхий нэгдсэн бүртгэлийг хийнэ. Мөн гадаадын хуулийн ком­паниудын бүртгэлийг ч хийхээр төлөвлөлөө.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд зохион байгуулалтын бүхий л ажлыг Хууль зүйн яам гардан хийнэ. Бид социалист нийгмийн үеэс явж ирсэн тогтолцоог зах зээлийн системд тохируулах гэж чадан ядан ажиллаж байсан. Одоо дэлхийн нийтийн жишигт нийцүүлээд “хуульч” гэх шинэ нэр томъёог оруулж ирж байна. Ингэснээр хуульчийн хариуцлага, мэргэшил, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал алхам болох юм. Ялангуяа Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хуульчдын оруулах үүрэг оролцоо маш чухал шинэчлэл болж байна. Шүүхийн шинэчлэлийн хоёр дахь давалгааг манай ам эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд шаардлагатай дараагийн цогц шинэчлэлтийг Хууль зүйн яам хэрэгжүүлж эхэлснийг дурдах нь зүйтэй байх.

-Ямар шинэчлэлт хийнэ гэсэн үг вэ?
-Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн яамнаас Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай зэрэг зургаан хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Сайн шүүх ажиллахад хэрэг­цээ шаардлагатай цагдаа, мөрдөх алба, өмгөөлөл нь байвал нэгдсэн тогтолцоо бүрддэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг Гэмт хэргийг хянан шийдвэрлэх хууль болгон өөрчлөхөөр болсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхийн тухай багц хуулийнхаа үзэл санаанд нийцүүлэн концевцийн шинэчлэлтийг хийхээр манай яам ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан