Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХБНГУ-ын Тюссен Крупп болон Лурги компанийн нүүрс шингэрүүлэх технологитой танилцав


Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний экспортын хараат байдлаас гарах асуудлыг шийдвэрлэхээр бодлогын баримт бичгүүд болон үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой асуудлуудыг тусгасаар ирсэн. Монгол Улсад хамгийн элбэг тархацтай байгалийн баялаг болох нүүрсийг шингэрүүлэн түлш үйлдвэрлэх асуудлыг мөн Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн хооронд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” стратегийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэгч ХБНГУ-ын "Тюссен Крупп", "Лурги" компаниуд дотоодын үндэсний аж ахуйн нэгжүүдтэй төслийн бүх шатанд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шатанд ажиллаж байна.

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Аж үйлдвэр, технологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай” стратегийн түншлэлийн хэлэлцээр болон энэ оны 5 дугаар сарын эхээр Улаанбаатар хотноо болох  Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлох зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид 4 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Европод ажиллалаа.

 Сайд Х.Баттулга тус айлчлалын хүрээнд Германы  "Тюссен Крупп" компанийн нүүрснээс синтетик хий буюу газ ( СО/Н2 ) гаргаж авдаг технологийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг Испанийн Вант Улсын Пуэртоллано хот дахь "Элкогаз" үйлдвэрт зочлов. Энэхүү үйлдвэр нь 1998 онд байгуулагдсан "Тюссен Крупп" компанийн  PRENFLO™- хийжүүлэх төхөөрөмжийг ашиглан нүүрснээс синтетик хий гаргадаг үйлдвэр нь одоогоор Европ тивд ажиллаж байгаа энэ төрлийн цорын ганц үйлдвэр юм. Мөн ХБНГУ-ын Дуйсбург хотод “Тюссен Крупп Уде” компанийн технологиор баригдсан коксын үйлдвэрт зочилж чулуун нүүрсийг боловсруулж, кокс үйлдвэрлэдэг Германы коксын орчин үеийн томоохон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнчлэн Бүгд найрамдах Франц Улсын нийслэл Парис хотод “Лурги” компанийн толгой компани болох “Эйр Ликид” (Air Liquide) компанийн удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус компани нь Францын компани бөгөөд  Фишер- Тропишийн нүүрс шингэрүүлэх технологи эзэмшсэн германы "Лурги" компанийг 2008 онд худалдан авсан бөгөөд хийжүүлэх процесст хэрэглэгддэг агаар задлагч тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэж, нийлүүлдэг байна.
"Лурги" компани ҮХАА-н Сайд Х.Баттулгыг ХБНГУ-ын  Франкфурт хотноо байрлах өөрийн төв байрандаа хүлээн авч өөрийн технологио бүрэн танилцуулсан юм. “Лурги” компанийн технологийг  ӨАБНУ-д Сасол ХК ашигладаг ба  тэд хүрэн нүүрснээс  дизель үйлдвэрлэж байна. Мөн АНУ-ын Хойд Дакодад хийжүүлэх үйлдвэрийг барьсан арвин туршлагатай компани юм.

Ийнхүү Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Европын технологийн томоохон компаниудад зочилж, орчин үеийн техник, технологийг үзэж, Монголд нэвтрүүлэх талаар ярилцсан нь ихээхэн чухал ач холбогдолтой ажил болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан