Хаврын чуулган нээгддэг өдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин хаврын хавсрагатай өдрийг үл ажран гадаа зогсохдоо “Махны үнэ 1200 төгрөгт хүрлээ” хэмээн хэлж олон хүний магнайг тэнийлгэх дөхсөн. Үнэндээ тэрээр 12 мянга гэж хэлэх гээд хальтирсан нь тэр юм гэнэ лээ. Тиймээс үнэхээр Ө.Энхтүвшин даргын санаа зовох төвшинд махны үнэ хүрээ юу гэдгийг мэдэхээр хэд хэдэн газраар орлоо. Саппоро дахь “Миний дэлгүүр”-ээр орвол нөөцийн үхрийн мах байна. Кг нь 5950 төгрөг гэнэ. Ууталж савласан махыг хүмүүс багагүй авч байгаа харагдав. Мэдээж, наана нь шинэ үхрийн цул мах кг нь 9000 төгрөг ч гэж байна. Гэвч хүмүүс нөөцийн махыг хоёр, гурван уутаар нь авч байна. Хэрвээ нөөцийн махтай холбоотой гомдол санал байвал 88046551, 88046552, 88046553 утсаар та нэр хаягтайгаа хэлээрэй хэмээн хэлж байхыг ч сонслоо. Өдөрт хэдэн зуун хүн үйлчлүүлдэг Саппорогийн үйлчилгээний төвд ямар ч оочер дугааргүй байгаа юмыг ченжийн гарт дамжуулах ямар хэрэг буйг ч сайн ойлгосонгүй.
Харин Хар хорин захад задгай машин дээр нөөцийн мах зарж байлаа. Хонины гулууз нь 5500 , ямааных бол 4600, үхрийн мах ууталснаар 5950 төгрөг гэнэ. Дотор захад нь үхрийн шинэ мах 8500, ясгүй нь 9000 төгрөгт хүрчээ. Харин хонины мах кг нь 7800 төгрөг байв. Ямартай ч, Ө.Энхтүвшин даргад үгийг нь бэлтгэж өгсөн хүн эндүүрсэн нь эндүүрчээ хөөрхий.
Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд байдал ямар байв. Эргээд нэг санаарай. 2012 оны хаврын хэрэгцээнд зориулж 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн гэх боловч гуравдугаар сарын сүүл гэхэд нөөцийн махны сураг тасарсан байлаа. Тиймээс ченжүүд махны үнийг дураараа удирдаж ёстой Ө.Энхтүвшин даргын хэлснээр аль хэдийнэ 12 мянган төгрөг хүргээд байсан юм. Бэлтгэсэн махны борлуулалтаар аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох аргыг тухайн үеийн Засгийн газар авч хэрэгжүүлж байлаа.
Нэг кг мах борлуулбал 650 төгрөгөөр тооцож урамшуулал олгох аргаар махны үнийг барьж чадна гэдэгт тухайн үеийн Засгийн газар итгэж байсан юм. Үнэхээр барьж чадсан уу. Анх кг нь 2600-3700 төгрөгөөр борлуулалтад гаргана гэж байсан нөөцийн мах нь яваандаа кг тутамдаа 1800 төгрөгөөр нэмсэн. Мах бэлтгэгчид кг махны борлуулалт тутамд олгодог 650 төгрөгөө 800 болго гэх мэтээр төрд эргээд шахалт үзүүлсэн гээд нөөцийн мах, ченж тойрсон хэрүүл хаваржин үргэлжилсэн гэхэд хилсдэхгүй. Арга ядахдаа Ерөнхий сайд өөрийн биеэр “Хүчит шонхор” захаар зочилж, бэлтгэсэн хэдэн машин нөөцийн махаа зах дээр зарсан нь хэрэглэгчид Ерөнхий сайдыг ад үзэх нь холгүй хөөрхөн жүжиг өрнөснийг уншигч та санаж буй биз.
Мэдээж сонгуулийн жил байсан учраас Засгийн газрын гол даалгаврын нэг бол яах аргагүй махны үнэ байлаа. Гэвч Засгийн газар хэчнээн урамшуулал олгосон ч нөөцийн мах бэлтгэгчид өндөр хүүтэй зээл авч, бараг л ажлын гарз боллоо гэх нь холгүй юм болсон. Тэгвэл үүнд Засгийн газраас урамшуулал хэмээн зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулсан байдаг.
Энэ жилийн хувьд нөөцийн махыг бэлтгэх, борлуулах үйл ажиллагааг төр аль болох өөрөөсөө холдуулсан гэхэд хилсдэхгүй. Засгийн газар Төв банктай “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр баталснаар мах бэлтгэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Харин махаа борлуулах, бэлтгэх бүхий л үйл ажиллагааг аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцахаар болсон. Гэвч төр өгсөн зээлэндээ хяналт тавих нь тодорхой. Нөөцийн махыг зооринд оруулах, чанар стандартад нийцсэн эсэхэд хяналт тавих үүргийг Төрийг төлөөлж Мэргэжлийн хяналтын газар, Улсын нөөцийн нярав, хэрэглэгчээ төлөөлж Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хүлээж байгаа аж.
Бэлтгэгчдийн хувьд хүү багатай зээл авсан ч махаа борлуулж гэмээнэ мөнгөө төлөх учраас аль болох махныхаа чанар стандартад анхаарал тавьж байгаа нь илт. Энэ жил нөөцийн мах бэлтгэх ажлын менежерээр ажиллаж буй “Жаст агро”-гийнхан хэрэглэгчийн гомдлын мөрөөр гүйж байгаа гэдгийг хэрэглэгчдэдээ дуулгая.