Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин 2012 онд 5.8 сая рублийн орлоготой ажиллажээ

Манайд хойд хөршийн гүйцэтгэх ба хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэлтнүүд энэ сарын 12-нд өнгөрсөн жил олсон хөрөнгө орлогын мэдүүлгээ дэлгэжээ. Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев, Засгийн газрын бусад өндөр дээд албан тушаалтан, парламентын дээд танхимын гишүүд бүгд нэг өдөр хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд ил болгон танилцуулав. Орост өндөр албан тушаалтнуудын дунд авлига хэрээс хэтэрч ард олны бухимдлыг асар ихээр төрүүлж, олон тооны жагсаал цуглаан хийх шалтгаан болсон. Иймд Оросын удирдлага нь удирдах албан тушаалтнуудаасаа өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэг төдийгүй эхнэр, хүүхдийн орлогыг хүртэл шаардах болж, мэдүүлгийг олон нийтэд ил зарлаж байгаа. Мөн Засгийн газар, парламентын гишүүдийг хилийн чанадад үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон. Орлогын мэдүүлгийг прокурорын газраас маш нарийн эхнэр, насанд хүрээгүй хүүхэд хүртэл бүгдийг шалгаж, зөрсөн тохиолдолд албан тушаал бууруулахаас эхлээд хатуу шийтгэл ногдуулах аж.

Мэдүүлгээс үзвэл Ерөнхийлөгч. В.Путин 2012 онд 5,79 сая рублийн орлого олсон нь өмнөх жил нь буюу Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийнхээс нь хоёр саяар нэмэгдсэн байгаа юм. Нийт 1500 ам.метр талбайтай байр, гараж, эдлэн газар, “ГАЗ” ба “Нива” машин, “Скиф” авточиргүүл зэрэг нь бүгд эхнэрийх нь нэр дээр бүртгэгдсэн болохоор өөрөө хөрөнгө гээд байхаар юмгүй.  В.Путиний эхнэр өнгөрсөн жил 121 374 рублийн орлого олжээ.
Ерөнхий сайд Д.Медведев өнгөрсөн жил 5,8 сая рублийн орлоготой ажилласан нь мөн л 2011 оныхоос нэмэгджээ. Тэрээр 367,8 ам.метр талбайтай байр, “ГАЗ-20”, “ГАЗ-21” машинтай, 4700 ам.метр талбай газар түрээслэдэг, эхнэр нь “Volkswagen Golf” машинтай. Харин эхнэр нь өнгөрсөн жил ямар ч орлого олоогүй гэж мэдүүлсэн байна.
Сонирхолтой нь найман жилийн турш Оросын экологи, байгалийн нөөцийн сайд хийж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх болсон Юрий Трутнев нь 2012 онд 210 сая рублийн орлого олсноор боссоосоо ч илүү, тодруулбал Ерөнхийлөгчийн албаны хамгийн өндөр орлоготой хүнээр тодорчээ.

Харин Оросын Засгийн газрын албан тушаалтнуудын дотроос хамгийн их орлоготой нь Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Шувалов. Тэрээр 2011 онд орлогын мэдүүлэгтээ ердөө 9,6 сая рублийн орлоготой ажилласан гэж мэдэгдэж байсан. Харин 2012 онд 226 ,4 сая рублийн орлоготой ажилласан гэжээ. Эхнэр нь 222 сая рублийн орлого олсон гэж мэдүүлсэн болохоор өрхийн орлогын хэмжээгээрээ Шуваловын гэр бүл хамгийн лут болж байгаа хэрэг юм. Орлогчийн орлого ингэж огцом өсөх болсон шалтгаан бол урд нь эхнэрийнхээ нэр дээр байсан хөрөнгө оруулалтын компанийнхаа хагасыг өөрийн нэр дээр бүртгүүлснээс болсон юм байна. Эдний хөрөнгө оруулалтын компани юунд хөрөнгө оруулдаг нь тодорхойгүй ч сүүлийн жил орлого нь нэлээд буурсан аж. Хөрөнгийн тухайд Орост 4200 ам.метр талбайтай байртай төдийгүй газар түрээслэдэг, Аравийн Эмиратад байшинтай, Австри ба Их Британид байртай юм.
Төрийн албан хаагч хилийн чанадад өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөтэй байж болохгүй гэсэн шинэ заалт Оросын хуульд орсон болохоор цаашид нэлээд өмчөө зарах хэрэгтэй болж ч магадгүй юм.Оросын албан тушаалтнууд энэ сарын 30-наас өмнө орлогын мэдүүлгээ өгч дууссан байх ёстой.
Энэ жилээс Оросын удирдах албан тушаалтнууд  орлогын мэдүүлэгтээ өөрийн төдийгүй эхнэр, хүүхдүүдийн орлого, тэдний нэр дээр байгаа бүх хөрөнгийг заах ёстой болжээ. Ингээд ч зогсохгүй нийлбэр дүнгээрээ гэр бүлийн гурван жилийн орлогоос хэтэрсэн зарлага гаргасан тохиолдолд мэдэгдэж байх заалт нэмж оруулсан төдийгүй зардлын эх үүсвэрээ тайлбарлаж байхыг шаардах болжээ. Орост авлигын хөрөнгийн нийт эргэлт 300 сая гаруй ам.доллар байдаг тухай Авлигатай тэмцэх үндэсний хорооны дарга Кабанов нь мэдээлж байгаа юм. Улмаар авлигын хүрээг хумих зорилгоор НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 20 зүйлд нэгдэхийг санал болгоод байгаа аж. Хэрэв ингэвэл Оросын хууль зүйд “Хууль бусаар хөрөнгөжсөн” гэсэн шинэ ойлголт орж ирэх бөгөөд улмаар авлига хэлбэрээр авсан бүх өмч хөрөнгө, түүний дотор хилийн чанадад дахийг хураан авч улсын орлого болох боломжтой болох юм.
АНУ-ын Ерөнхийлөгч нь гүйцэтгэх ба хууль тогтоох засаглал дахь авлигатай хатуу тэмцэх талаар олон санаачилга гаргасан. Тухайл­бал, Конгрессийн гишүүн өөрийн нөлөөлж байгаа үйлдвэрлэлийн салбартаа хувьцаа эзэмшихийг хориглох, сонгуулийн хандив цуглуулж байгаа хүн конгресст лоббидох гэх мэт үзэгдлийг нэг мөр халахыг уриалсан. АНУ-д Төрийн албан хаагчид нь зөвхөн орлогын мэдүүлгээ л жил болгон танилцуулдаг. Орлогын мэдүүлэгтээ Ерөнхийлөгч Барак Обама ба Мишель Обама  хоёр нь 2012 онд 608 мянга 611 ам.долларын орлого олсон, үүнээсээ татвар болгож 112 мянгыг, буяны үйл хэрэгт 150 мянгыг зориулсан байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нь мөн л авлигатай эрс шийдэмгий тэмцэхээр амласан. Энэ амлалтаа биелүүлэх хүрээнд оффшор бүсүүдийн үйл ажиллагааг бүрэн хяналтад оруулахыг шаардсан. Гэтэл саяхан өөрийнх нь томилсон хүн болох Төсвийн сайд Жером Каюзак нь Швейцарьт нууц данстай, түүн рүүгээ мөнгө шилжүүлэх замаар татвараас зугтдаг байсан нь илэрч бөөн дуулиан дэгдсэн билээ. Үүний дараагаар Олланд нь парламентын гишүүдийн орлогын мэдүүлгийг хянах тусгай алба, санхүүгийн салбар дахь хууль бус ажиллагаатай тэмцдэг алба гэсэн хоёр шинэ байгууллага бий болгосноо албан ёсоор мэдэгдсэн. Мөн өнөөдрөөс эхлээд бүх сайд нь орлогын  мэдүүлгээ заавал гаргаж өгч байхаар болсон. Франсуа Олланд нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа орлогын мэдүүлгээ олон нийтэд ил зарласан. Үүнээс үзвэл тэрээр 2012 онд 1,17 сая еврогийн орлоготой ажиллаж.
Тэрээр банкны дансандаа 8200 евротой, 15 мянган еврогийн тавилгатай, 3500 еврогийн даатгалтай. Мужен нэртэй амралт хотод байдаг байшин нь энэ өмчийнх нь дийлэнх. Канн хотод хоёр байрыг хамтран эзэмшдэг, эзэлдэг хувь нь 370 мянган евро.

Энэ мэтээр зөвхөн өөрийн төдийгүй ойр дотны хүмүүсийн орлого, эзэмшдэг өмч хөрөнгө, гаргасан зардлыг заавал мэдүүлэхийг дэлхийн олон оронд авлигатай тэмцэхэд ихээхэн үр дүнтэй арга гэж үзэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, манай урд хөршийн төрийн бүх албан хаагч жил болгон өөрийн болон ойр дотны хүмүүсийн бүх орлого ба зарлагын талаарх мэдээллийг заавал гаргаж өгөх ёстой байдаг. Хятадад авлигатай тун ч хатуу тэмцдэг болохоор мэдүүлэхгүй бол үр дүн нь ямар байх нь тодорхой.
Швед, Норвеги, Канадад Төрийн албан хаагч төдийгүй бүх иргэн жил болгон орлогын мэдүүлгээ гаргаж өгч байх ёстой. Харин Финлянд ба Сингапурт төрийн албан хаагчид нь жил болгон зарлагын албан мэдүүлгээ гаргаж өгч байх ёстой гэнэ.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан