Монголын үндэсний олон нийтийн телевизээс хүүхэд, залуусын дунд зарласан “Залуу зохион бүтээгч” тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Олон улсын шинж чанартай болсноос гадна шилдэг шийдэл, оновчтой гаргалгааг дэмждэг нь уг өрсөлдөөнт нэвтрүүлгийн гол онцлог. 2013 оны Залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт манай улсын гурван бүсээс 300 гаруй баг шинэ санаагаа уралдуулжээ. Харин ОХУ-ын Буриад, Өвөрмонголын оролцогчдоос нийт 45 баг тус нэвтрүүлэгт оролцсон. Аливаа зүйлийг шинэчилж, ажил хөнгөвчилж, хурдыг нэмэгдүүлэн, бүтээмж сайжруулах нь залуу зохион бүтээгчдийн нэн тэргүүний зорилт. Дээрх 350 гаруй багийн дундаас 36 шилдэг бүтээлийг шалгаруулж, олон нийтийн өмнө дэлгэлээ. Монголын залуучуудын холбооны байранд нээлтээ хийсэн үзэсгэлэнд 50 гаруй зохион бүтээгч цуглажээ. Хэдхэн сарын өмнө оюун санаанд нь бодол төдий эхэлсэн зүйл нь өнөөдөр бүтээл болж, үзэгчдийн өмнө тавигдав. Залуус баярлаж буй нь бүтээлээ танилцуулах ярианы өнгөнөөс илэрхий. Тэд тун удахгүй дараагийн шатанд орж, шинэ бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авах үгүйгээ тодорхойлно.
Шилдэгт тунасан Говь-Алтайн сурагчийн давалгаа
Хоёрдугаар шатанд өрсөлдөж буй 36 шинэ санаачилгын дотор Говь-Алтай аймгаас найман бүтээл багтжээ. Эдгээрийг зохион бүтээгчид дунд сургуулийн сурагч гэдэг нь ч анхаарал татна. Бүх аймгаас зохион бүтээгч оролцож, гурван бүсээс шалгарсан шилдгүүд энд цугларсан. Тэгвэл баруун бүсийг Говь-Алтайн хүүхдүүд давалгаалуулж чадсан ажээ. Дунд сургуулийн ширээнээс хөндийрөөгүй хэдий ч хийж бүтээх, шинийг сэтгэх хүсэл нь аль хэдийнэ хязгааргүйд хүрч. Үеийнхнээсээ “тасарчихсан” сурагчид шинэ бүтээлээ танилцуулахдаа сурамгай хэрнээ цэгцтэй ярих аж.
Танхимд цугларсан зохион бүтээгчдийн дундаас хамгийн залуу нь долдугаар ангид суралцдаг. Г.Аздалай ангийн найз Э.Цог-Эрдэнийн хамт Улаанбаатар хотод иржээ. “001” дугаартай энэ багийнхан 2013 оны “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн салхийг хагалсан оролцогч. Хоёр найз техник, хөдөлмөрийн хичээлд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн бяцхан хайрцаг бүтээсэн. “СН” хэмээн нэрлэсэн нь “Сурагч ногоон” гэх үгийн товчлол аж. Сурагч ногооны дотор модон эдлэлээр бүтээл урлахад шаардлагатай бүхий л багаж бүрдсэн. Алх, бахь, шугам, чиг, цүүц, хасуур, зүлгүүр, цоолтуур, бийр, будаг, гортиг... Гуравхан кг жинтэй бяцхан хайрцагт ийм олон зүйл яаж багтсан нь хачирхмаар. Тэд жирийн нэг хайрцаг хийсэнгүй. Харин ч бүтээлчээр сэтгэж, бариад явахад багаж нь сул холхихгүй байхаар зайг тун чадамгай ашиглажээ. Алхны ишийг зүлгүүрээр даруулж, зүлгүүр дээгүүр шугамаар чагтална гэхчлэн нэг нэгнээ хөдөлгөхгүй цоожлох тул “СН” хайрцгаа үүрээд гүйсэн ч багажнууд байраа алдахгүй.
Тэдэнтэй хамт Говь-Алтайн Есөнбулаг сумаас ирсэн залуу зохион бүтээгч бол Б.Даваадорж. Шилдэг 36-гийн дотор түүний хоёр бүтээл шалгарснаараа бусдаасаа онцгойрно. 11 дүгээр ангийн сурагч хүү “Автомашины бүх төрлийн клапанг онгойлгох төхөөрөмж”, “Арвайн гурилын тээрэм-машин” бүтээжээ. Тэр машины клапанг буруу нээж гэмтээвэл яаж хугацаа алдаж, зардал гарахыг мэднэ. Түүний шинэ бүтээлийн ачаар жолооч, засварчид хүндрэлтэй нэг асуудлаа хялбар шийдэх аж. Б.Даваадоржийн хоёр дахь бүтээл арвайн гурилын тээрэм илүү сонирхолтой. Хөдөө нутагт малчид чулуун тээрэм гараараа эргүүлж, хэдэн өдрийн дараа л их хэмжээний гурилтай болдог. Тэгвэл шинэ төхөөрөмжөөр хэдхэн цагийн дотор шуудай арвайг ч тээрэмдэж болох аж. Энэ бол хүний хөдөлмөрийг хэдэн арав дахин хөнгөвчилсөн шилдэг санаа, авсаархан бүтээл юм.
Аливаа шинэ бүтээлийн санаа ахуй орчноос л төрдөг шүү дээ. Говь-Алтай аймгийн Шарга сумын сурагч И.Элбэгзаяа шинэ бүтээлээ аав, ээждээ туслахын тулд хийжээ. Танхимд хурсан олны анхаарлыг түүний “Ааруул хатаагуур” эрхгүй татаж байв. Хатаагуурын модон тавцангуудад ааруул, борц тавьжээ. Хажууд нь бэхэлсэн хоёр сэнс 12 вольтын цэнэгээр ажиллаж, хатаах процессыг хурдасгана. Түүнчлэн тавцан хоорондын зай бага учир нар шууд тусахгүй сайн талтай. И.Элбэгзаяагийн бүтээлийг өвлийн цагт ч ашиглах боломжтой. Ялангуяа, Цагаан сарын үеэр бууз хөлдөөхөд маш их хэрэгтэй. Тортой, төмөр тавцангууд нь цоожлогчтой байх учир өвөл буузаа алдахаас сэргийлнэ гэж И.Элбэгзаяа тайлбарлалаа. Энэ мэтээр Говь-Алтайгаас “Шил зүсэгч”, “Нарийн ногооны үр суулгагч”, “Тоосго цохигч, хэвлэгч”, “Одон бөмбөгийн нөөц тавиур” зэрэг шинэ бүтээл үзэгчдийн өмнө дэлгэгджээ.
Шинэ санаачилга үргэлжилсээр
“Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт идэвхтэй оролцдог нь дунд сургуулийн хүүхдүүд байдаг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос сурагч Э.Сүх-Эрдэнэ шалгалтын хуудас бөглөх дардасаар оролцож байна. Тун удахгүй ахлах ангийнхан их, дээд сургуульд элсэх шалгалт өгнө. Хариултын хуудсыг бөглөх нь бага ч гэлээ цаг зарцуулдаг явдлыг дардас үзэг шийдвэрлэх аж. Тус аймгаас өөр нэг сурагч ирсэн нь Г.Амаржаргал юм. Тэрээр найзуудтайгаа “Зөөврийн хэц” бүтээжээ. Норж, сэмрэхгүй материалаар хэц хийж, түүнийгээ эвхэгддэг байдлаар бүтээсэн аж. Өөрөө эвхэгдэх хэцийг хаана ч зүүж, хэрэглэж болно. Улаанбаатар хотоос сурагчдын дөрвөн баг шилдгийн төлөө бүтээлээ сойсон байв. Тухайлбал, 33 дугаар сургуулийн сурагч О.Төгсбаясгалангийн баг “Жолоочийн туслах” хэмээх төхөөрөмж бүтээсэн. Яаруу, уймраа жолооч дугуйгаа хагарсан, гэмтсэнийг ч анзаарахгүй давхидаг. Тэгвэл “Жолоочийн туслах” тэдэнд асуудлыг даруй мэдэгдэх үүрэгтэй. Харин “Монгени” цогцолборын есдүгээр ангийн сурагч М.Золбаяр “Ярьдаг хогийн сав” бүтээжээ. Зохион бүтээгчийн хэлснээр “ухаалаг” саванд хогоо хийж байгаа хүнд зүйр цэцэн үг хэлэх гэнэ. Үнэхээр инээмсэглэсэн хүний төрхтэй савны гишгүүрийг дарахад ухаарал хайрлах үгс хэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрхийг сурахаар бэрхийг сур” гэсэн үгийг нь онцлон ярив. Хүүхдүүд шинэ бүтээл хийж эрхийг бус бэрхийг сурч байна. Хогоо гудамжинд хаядаг хүмүүс зүйр үг сонсохын тулд тэр савыг сонгоно гээд л М.Золбаярыг магтлаа. Туршилтын загвар учраас 10 зүйр үгтэй программчилжээ, цаашид талархлын үгс нэмэхээр төлөвлөсөн гэнэ. 44 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Мөнхсайханы баг “Солигддог самбар” бүтээжээ. Таван үйлдэлт самбарт шохой, маркераар бичихээс гадна өөртөө алчууртай, гэрлэн тоноглол бүрдсэн байна. Харин “Шинэ Монгол” сургуулийн А.Цэлмэг хоёр найзтайгаа хамтарч халдаг улавч бүтээжээ. Жирийн эсгий улавчны дор гар утасны батерей ашиглан халаагуурын систем хийсэн. 20 хэм хүртэл халах боломжтой төдийгүй хэт халуун болохоос сэргийлдэг программтай гэнэ.
Үзэсгэлэнгийн танхимын төвд байрлах нисэх онгоц хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан юм. Үүнийг Дорнодоос ирсэн 11 дүгээр ангийн сурагч Э.Батдоржийн баг бүтээжээ. Удирдлагатай онгоцны жин 3.5 кг, хоёр далавчны урт 2.2 метр. 10 км хүртэлх газарт удирдлагаар нисдэг болгохоор зохион бүтээгчид ажиллаж байгаа. Түүнчлэн өндөрт 4000 метр хөөргөхийг зорьж буй гэнэ. Ингэснээр хиймлээр бороо оруулах ажиллагааг өртөг багатай болгож, уг онгоцоор үүлэнд тусгай бодис аваачих юм байна. Одоогоор пуужин хөөргөж хиймэл бороо оруулах нь өндөр зардалтай учраас онгоцоо бүтээсэн гэнэ. Энэ мэтээр сурагчдын бүтээлч санаачилга дууссангүй. Орхон аймгийн “Наран” цогцолбор сургуулийн сурагч Э.Адъяа “Ашгүй оллоо” хэмээх бүтээлээ “уймраа” хүмүүст зориулжээ. Булган аймгийн Орхон сумаас ирсэн наймдугаар ангийн сурагч Ц.Баасанцогт гутлын хог, цасыг богино хугацаанд цэвэрлэх төхөөрөмж хийгээд ирсэн байлаа. Харин түрээд явахад өөрөө хог хамах тэргэнцэрийг Архангай аймгийн Тариат сумын сурагч Г.Батжаргал бүтээжээ.
Оюутан, залуусын механикжуулалтын бүтээлүүд
Шилдэг 36 бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 15 цагт өндөрлөнө. Эдгээрийг салбар салбарын мэргэжилтнүүд туршиж, шинжилж үзэх аж. Дүгнэлтэд төхөөрөмжийн хэрэгжих боломж, хэрэглээний насжилт, үйлдвэрлэх зардал зэргийг тодорхой тусгаснаар эцсийн дүн гарна. Хэрэв мэргэжлийн хүмүүсээс онц үнэлгээ авбал шилдэг бүтээлээр шалгарч, зохиогчийн эрхээ албан ёсоор гардах ажээ. 2013 оны нэвтрүүлэгт өрсөлдсөн олон бүтээлийн дунд залуус, оюутнуудын санаачилга илүү бодитой, даацтай байсныг шүүгчид хэллээ. Тэдний үг үнэн болох нь үзэсгэлэнгээс тодорхой харагдаж байв.
Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн салбарын орлогч О.Цогмандах автомат хилчин бүтээжээ. Нарны зайгаар цэнэглэгдэж, HD камераар орчны мэдээллийг баримтжуулж, хилчдээс хурдан бөгөөд нууцлаг ажиллах боломжтой “Монгол Улсын төлөө” хэмээх систем. Одоо ашиглаж буй холбооны утсыг зам болгон ашиглаж, утсан дээгүүр явахдаа орчны дүрс бичлэг, гэрэл зургийг буулгах гэнэ. Ингэснээр хил зөрчигчдийн ул мөрийг шуурхай илрүүлэх, тэднийг илүү сайн хянах нөхцөл бүрдэх аж. Авсаархан, хөнгөхөн хэрнээ долоон сая төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг хил зөрчигч аваад явчих болов уу гэж үзэгчид сэтгэл зовон асуулаа. Гэтэл тусгай маршрут, зориулалтаар яваа төхөөрөмж хил зөрчигчдөд баригдах боломж саяд нэг удаа хэмээн тооцоолсноо О.Цогмандах хэлсэн. Нийслэлд хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ц.Батмөнх “Гал ноцоох шахмалын төхөөрөмж”-өө танхим дотор танилцуулсан. Харин Б.Батзаяа авто машинд хог ачих автомат тоноглолоо Монголын залуучуудын холбооны гадна талбайд байрлуулсан юм. Машины хүчээр том савтай хогийг өргөж, тонгойлгон асгах нь хог ачигчийн хөдөлмөрийг хөнгөлж буй хэрэг. Түүний дэргэд авто засварчин Э.Батцэрэгийн “Бат Клашник” хэмээх нэмэлт төхөөрөмжийг танилцуулжээ. Энэ нь, ОХУ-д үйлдвэрлэсэн зэвсэглэл-техникийн хүчийг нэмэгдүүлж, зардлыг багасгах ач холбогдолтой гэнэ. Тэрээр орос “ах нарын” хийгээгүйг бүтээсэн аж. Хувиараа хөдөлмөр эрхлэгч Н.Шинэтөр тосоор ажилладаг нам даралтын зуух бүтээж, агаарын бохирдлыг бууруулах санаа сэдсэн нь шилдгээр шалгарсан байлаа. Энэ мэт нүсэр технологи гаднах талбайд үзэгчдийн нүдийг хужирлаж байсан бол танхим дотор ноолуурын цахилгаан сам дүнгэнэх дуу гарна. ХААИС-ийн нэгдүгээр ангийн оюутан Б.Балдандамба чичиргээтэй сам бүтээснээр ямаа самнах хөдөлмөрийг хөнгөвчилнө гэж үзжээ. ШУТИС-иас гурван ч оюутан усны асуудалд бүтээлийнхээ санааг чиглүүлсэн байлаа. Б.Тэмүүлэн зөөврийн устай худгийн ус хэр хэмжээтэй байгааг илтгэх төхөөрөмж хийсэн. Усны төвшинг мэдээлснээр түгээгч усаа дууссан эсэхийг шалгахаар байн байн худаг дээр гарахгүй. Нөгөө талаас, оочерлох иргэд өөрт нь ус үлдэх эсэхийг төхөөрөмж рүү хараад л тооцоолох боломжтой гэнэ. Харин дөрөвдүгээр ангийн оюутан Т.Ренчин ус түгээх хоолойг гар хавхлагатай болгожээ. Өдөр бүр худаг дээр “Хаагаарай, нээгээрэй” гэж орилдогоо болих аж. Оюутан Э.Батбилэг саарал буюу бохир усыг цэвэршүүлэх төрөл бүрийн шүүлтүүрээ танилцуулж, дахин ашиглахыг уриаллаа. ШУТИС-ийн өөр нэг оюутан Ч.Мөнгөнтулга механик угаалгын машин хийжээ. Гишгүүрт хөлөөрөө дарахад угаалгын машин эргэж цахилгаан угаалгын машинтай яг адилхан үр дүн үзүүлнэ. Завхан аймгийн хоёр оюутан гэрийн тооно дээр суурилуулах вакум цамхраа хийсэн байв. Гэрийн тооныг өрхөөр бүтээж, тоос шороо, цас борооноос хамгаалдаг. Тэгвэл Б.Далай-Эрдэнэ дүүгийнхээ хамт тоононд бэхлэх шилэн цамхраагаар асуудлыг шийдэх аж. Ингэснээр монгол гэрт бүтэн тооноор гэгээ тусч, илүү цэвэрхэн болох гэнэ. Төгсгөлд нь залуу зохион бүтээгч Б.Мөнхбаярын бүтээл зөөврийн дугуй засварын төхөөрөмжийг танилцуулъя. ОХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн техникийн их сургуульд суралцдаг тэрээр үүнийг хаана ч хэрэглэх боломжтой нь давуу тал гэсэн юм. Ямар ч хэмжээний дугуй задалж, нөхөхөөс гадна цахилгаан шаардахгүй тул хагарсан дугуйнаас болж хээр суухгүй гэдгийг баталлаа. Ажиллах зарчим нь яг л дугуй засварын газрынх шиг хөдөлгөөнгүй барьсан дугуйн дээр урт хөшүүрэг эргүүлэхэд хаймар нь салах юм. Нийт жин 30 кг, зориулалтын сав нь нэг метр урт, 35 см өргөнтэй авсаархан учраас машиндаа байнга авч явах боломжтой.
Ийнхүү хүүхэд, залуус санаа бодлоо уралдуулсаар шилдэг хэмээх алдрын эзэн боллоо. Бүтээлээ амьдралд хэрэгжүүлж, бодит бүтээгдэхүүн болгох их замын эхэнд иржээ. Монгол ухаанаар бусдын хийгээгүйг сэдсэн хүүхдүүдээр бахархаж буйгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн. Эхний гурван байрт шалгарсан залуус МУИС, ШУТИС, ХААИС-ийн аль нэгэнд хүссэн мэргэжлээрээ сонгон суралцах эрх өвөртөлнө. Өнгөрсөн хоёр жилийн нэвтрүүлэгт шилдгээр шалгарсан 20 орчим залуу өнөөдөр сонгосон мэргэжлээрээ суралцаж буй юм. Түүнчлэн бүтээлээ үйлдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр мөнгөн шагнал ч авах юм. Нийт 15 шилдэг оролцогч нэвтрүүлгийн бэлэг, мөнгөн шагналын эзэн болно. Хүсэл мөрөөдөл, хобби сонирхлоо хөгжүүлж амьдрах нь хамгийн жаргалтай гэдгийг хэлэх, залуусыг урамшуулах хүн үзэгчдийн дунд цөөнгүй байлаа. Залуу зохион бүтээгчид бодсоор, сэтгэсээр, бүтээсээр...