Манайхан дүүрэг, хорооны хуралд ирж суугаарай гэх хэсгийн ахлагчийн үгийг ихэнх нь чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Учир нь, “Ямар л олигтой зүйл ярив гэж. Хийгээгүй ажлаа хийсэн мэтээр тайлагнасан дүр эсгэж ярих гэж байгаа биз. Тэр гудамжинд гэрэлтүүлэг, дугаар тоотын хажуу талын хогийн цэгийг устгах хэрэгтэй байхад ажлаа хийхгүй байж.
Хорооны үйл ажиллагаанд бид ямар оролцож чадах биш. Дуугүй л хараад өмнөх ажлаа хийгээд явахад хангалттай” хэмээн бухимдан хурлаас хойш сууж, хойргошдог нийтлэг ойлголт бидний дунд явсаар ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэнээр таны, миний амьдарч буй хороонд тулгамдаж буй зүйлийг бидний оролцоотойгоор хийж, хэрэгжүүлэх боломжтой болсон талаар өмнөх сурвалжлагууддаа дурдсан билээ.
Харин одоо дүүрэг, хорооны Засаг дарга нар иргэдтэйгээ жилд нэг удаа хурал зохион байгуулж уулздаг цаг ард хоцорч буйг хэлэх гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай шинэ хууль хэрэгжээд гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Хуульд зааснаар амьдарч буй хороонд тань тулгамдаж байгаа асуудлыг иргэд нь хуралдаад олонхийн санал авсан ажлыг эрэмбэлж, тэр дагуу нь хорооны удирдлагууд хийж гүйцэтгэх юм. “Шууд ардчилал-Иргэний оролцоо”-ны жилийн хүрээнд уг ажлыг эхлүүлж чаджээ. Хорооныхоо даргыг шүүмжилснийхээ төлөө ад үзэгдэн амьдардаг байдал ор мөргүй арилж, харин ч эсрэгээрээ олонхийн санал авсан ажлыг хийхгүй, Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгөө зориулалтын бус зүйлд зарцуулсан удирдлагуудаа иргэд нь огцруулах эрхтэй болж байна. Дэлхийн олон орон энэ зарчмаар явж, өндөр хөгжилтэй орон болж чадсан. Энэ мөнгийг нийгмийн халамж үйлчилгээ болон хуульд зааснаас бусад зүйлд ашиглаж болохгүй гэж заасан учир бид сониноороо дамжуулан иргэдэд сурталчлан таниулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ. Учир нь, орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэнээр ардчилал жинхэнэ утгаараа манайд хөгжиж, Монгол Улс хөгжлийн галт тэргэндээ суух юм. Тиймээс манай сонин дээрх ажилд идэвхтэй оролцож, Монгол орны өнцөг булан бүрт суугаа малчин Дорж, оюутан Болорт мэдээлэл хүргэх гэж зорьж буйг энэ дашрамд дурдах нь зүйтэй байх.
Бид энэ удаа Хан-Уул дүүргийн VIII хороог зорив. Уг хороо дүүргийнхээ хамгийн олон хүн амтай гэр хороолол гэдгээрээ онцлогтой. 11 мянга орчим оршин суугчтай, 2700 орчим өрхтэй тус хорооны нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын сургууль, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгээс өөр төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаггүй. Хүн ам ихтэй ч, нутаг дэвсгэрийнх нь хэмжээ ердөө 210-хан га байжээ. Тиймээс Иргэдийн хурлын тогтоолоор 2009 онд хилийн заагийг нь өөрчилж, 4556 га болгосон гэх. Өөрөөр хэлбэл, Нүхтийн замаас Төв аймагт хүртэлх уулзварыг тус хорооны нутаг дэвсгэрт харьяалуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн оролцоог дээшлүүлж, идэвх зүтгэлийг нь нэмэгдүүлэх үүднээс аймаг, дүүрэг бүрт Иргэний танхим байгуулах зарлиг гаргасан. Энэ ажлын эхлэл нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт хэрэгжжээ. Тус дүүрэг хамгийн анх Иргэний танхим байгуулсан байна. Мөн VIII хороо өнгөрсөн сард дээрх танхимыг ашиглалтад оруулсан нь мөн л нийслэлийн хороодоос анхдагч нь болсон гэх. Тэд Иргэний танхимаа нийслэл, дүүргээс хөрөнгө гаргуулалгүйгээр нийтийн аж ахуйг сайжруулах төслийнхэнтэй хамтарч ажилласны дүнд хөрөнгө оруулалт авч чаджээ. Энэ яриаг ингэсхийгээд өндөрлөж, үндсэн сурвалжлагадаа оръё.
Хан-Уул дүүргийн хэмжээнд тэрбум 200 гаруй сая төгрөг Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрснийг 16 хороондоо хуваан өгчээ. Ингэхдээ хорооныхоо газар нутаг, хүн амынх нь тоог харгалзан үзэж харилцан адилгүй хуваарилсан аж. Тухайлбал, VIII хорооны Орон нутгийг хөгжүүлэх санд 129 сая 500 мянган төгрөг өгсөн байна. Энэ ажлын хүрээнд хороо бүр иргэдийнхээ хурлыг зохион байгуулж, нэгдсэн дүрмээ батлах ёстой. Тус хорооныхон Иргэний танхим бидэнд ямар хэрэгтэй вэ гэх сургалтыг иргэдийнхээ дунд дөрвөн долоо хоног зохион байгуулсан аж. Үүний дараа Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хорооны иргэдийн нийтийн хурлын даргаа сургагч багшаар бэлтгэсэн байна. Мөн хорооны болон иргэдийн нийтийн хурлын дүрэм батлах, Орон нутгийг хөгжүүлэх сангийн талаар иргэдэд сургалт зохион байгуулжээ. Өмнө нь, очиж сурвалжлага хийж байсан хороодоос тус дүүрэг нэг зүйлээрээ ялгаатай байв. Иргэдээ цуглуулж хуралдах гэхээр байр савны багтаамжийн хүрэлцээнээс болж олон хүн цуглуулж чаддаггүй тухайгаа бусад дүүргийн хороодын удирдлага хэлж байсан. Харин Хан-Уул дүүргийнхэн иргэддээ санал асуулгын хуудас хэвлүүлж тараажээ. Тухайлбал, VIII хороо 2664 өрхтэй бөгөөд айл бүрт ийм хуудас тарааж эхэлсэн байна. Уг саналын хуудаст “Танай хороонд нэн түрүүнд тулгамдаж буй гурван асуудлыг бичнэ үү” гэж бичжээ. Иргэдээс саналыг нь авсны дараа эрэмблэх аж. Үүний дараа хорооны дүрмээ баталж, иргэдийн нийтийн хурлаа хийж, дүрэм журамдаа нийцүүлэн мөрдөх юм байна.
Энэ талаар тус хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа “Манай хороонд 18-аас дээш насны 7000 гаруй хүн бий. Хүн бүрт дээрх мэдээллийг хүргэж чадсан гэж хэлж чадахгүй. Ямартай ч, өрх бүрт санал асуулгын хуудсыг тарааж эхэлсэн нь үр дүнтэй байгаа. Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар дүүргийнхээ бүх хороонд нийтийн зар мэдээ самбар хийж өгсөн. Уг самбарыг хорооноос гадна томоохон зарим дэлгүүрт байрлуулж, иргэдэд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна. Гэхдээ зарим хүн заавал хүнээр хэлүүлж байж ойлгодог. Энэ мэт зүйлээс шалтгаалаад мэдээлэл бүрэн хүрсэн гэж ойлгож болохгүй. Манай хороо огт цэцэрлэггүй. Гэтэл орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгөөр цэцэрлэг барих боломжгүй. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг өнгөрсөн жил 550 орчим сая төгрөгөөр барьж байсан. Тиймээс энэ асуудлаа нийслэл, дүүргийн удирдлагуудад тавьсан. Үүнээс гадна зах руугаа амьдардаг иргэн хороогоор үйлчлүүлэхийн тулд 3-4 км явж байж ирдэг. Дундаа жалгатай учраас нийтийн тээврийн хэрэгсэл явдаггүй. Тиймээс иргэд бага оврын автобус шугаманд явуулах санал тавьсан. Мөн манай хороонд гэрэлтүүлэг тавих зайлшгүй шаардлагатай байгаа. Тахир муруй, мухар гудамж ихтэй учраас гэрэлтүүлэг тавихаас өөр аргагүй. Орон нутгаас шилжиж ирсэн иргэд олноор суурьшсан байдгаас гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай байгаа учраас камержуулах шаардлагатай байгаа. Намайг 2009 онд ажлаа авч байхад манай хороо хур хогондоо дарагдсан байсан. Тухайн үед 50 машин хог ачуулж байлаа. Одоо манай хороонд “Эко орчин” компани ажиллаж байгаа учраас өрхүүдийн 80 гаруй хувь нь хоггүй болсон. 2200 гаруй ам.метр үргэлжилсэн жалгатай учраас тэнд хур хог үүсдэг нь үнэн. Тэр жалга Туул голтой нийлдэг учраас булах ямар ч боломжгүй. Харин ногоон байгууламж болгох боломж бий. Энэ талаар иргэдийн санал их ирсэн учир Орон нутгийн хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргана” гэв.
Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэнтэй холбогдуулан тус хорооны иргэд ямар мэдээлэлтэй байгааг сонирхлоо. “Танай дүүрэг, хороонд ямар асуудал хамгийн их тулгамдаж байна вэ” хэмээн иргэдээс асуухад ихэнх нь сургууль, цэцэрлэг, хогны асуудлыг хэлж байв.
А.Туяа / VIII хорооны иргэн/
-Асуулга авах саналын хуудас бидэнд тарааж өгөөгүй. Харин энэ жил хороондоо ийм ажлууд хийхээр болсон гэдгээ хуралд очиж суусан хүмүүст хэлсэн байна лээ. Цэцэрлэг, сургууль барина гэсэн. Бусад хийх ажил нь шал дэмий юм билээ. Хурал хийснийг нь ч мэдэхгүй байна. Хорооны үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл алга.
С.Батбаяр /VIII хорооны иргэн/
-Манай хорооны Орон нутгийг хөгжүүлэх санд 130 орчим сая төгрөг төсөвлөсөн гэж сонссон. Бидэнд саналын хуудас өгсөн. Энэ хуудсанд хороонд тулгамдаж буй асуудлыг эрэмбэлж бичих юм билээ. Энэ мөнгөөр нэн түрүүнд гудамж бүрийг гэрэлтэй болгох, хоёрдугаарт явган хүний замтай болмоор байна. Учир нь, өвөлд хальтиргаа гулгаа ихэсдэг болохоор иргэд унаж бэртэх нь их байдаг. Мөн гудамжны өнцөг бүрт алсаас харах камер тавьчихвал бидэнд их хэрэгтэй байна. Харин ирэх жилүүдэд иргэдийн энэ талаархи мэдээлэл сайжирч, идэвхтэй оролцох байх. Тэгэхээр хаана, ямар ажил хийх хэрэгтэй байгаа нь мэдэгдэнэ шүү дээ.