Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ эрүүгийн 47 хэрэг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрынхан өчигдөр энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлаа тайлагналаа. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 87 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Үүний 11-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, 32-т нь хэрэг үүсгэхээс татгалзсан бол 37-г нь харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлсэн байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн олонх нь Засаг дарга, ЗДТГ, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байсан гэнэ. Тус хэлтэс энэ он гарсаар 307 үйлдэлтэй, эрүүгийн 76 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Эдгээрийн дийлэнх нь буюу 33 нь төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн хэрэг байгаа бол авлига өгсөн болон авсан хэрэг 22 байна. Түүнчлэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зургаан хэргийг шалгасан аж. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийг шийдвэрлүүлсэн байдлыг үзвэл, долоон хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 11-ийг нь хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, гурвыг нь өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, хоёрынх нь мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлжээ. Одоогоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн  эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ.
Ингээд тэдний шалгасан олны анхаарал татаж буй зарим хэргийн талаар уншигчиддаа хүргэе.   


Т.Билэгтийг Интерполоор эрэн сурвалжилна

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамсаатан болох зарим хүн өнөөдрийг хүртэл хууль хяналтынхнаас зугатаж, гадаадад орогнож байгаа. Тэдний нэг бол НИТХ-ын дарга асан Т.Билэгт. АТГ-аас түүнийг эрэн сурвалжлах хүсэлтээ Интерполд хүргүүлжээ. Түүнээс гадна Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлуулж байгаа юм. Т.Билэгтийн хувьд АТГ-аас түүнийг гэмт хэргийн сэжигтнээр татан шалгаж эхлэх үед эмчлүүлэх нэрээр АНУ руу яваад сураггүй болсон. Тэрээр 2004 онд НИТХ-ын дарга байхдаа Сүхбаатар хэвлэх үйлдвэр болон “Улаанбаатар таймс” сониныг хувьчлах шийдвэр гаргасан нь эрүүгийн хэрэг үүсгэхэд хүрсэн билээ.


ҮТЕГ-ын Ч.Гансүх 19 тэрбум төгрөгийн авлига авсан бололтой

АТГ-ынхан Үндэсний татварын ерөнхий газрын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, Хяналт, шалгалт арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний бага хүү болон эгч  Ч.Даваасүрэн, байцаагч О.Бямбасүрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэднийг бусдаас их хэмжээний авлига авсан, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Мөрдөн байцаалтын явцад ҮТЕГ-ын Хяналт, шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүхийн бага хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон. Мөн Америкт амьдардаг том хүүгийнх нь дансаар сая орчим ам.доллар эргэлтэд орсныг тогтоогоод байна. Ч.Гансүхийн аав Н.Чимэдийн төгрөгийн дансанд 1.2 тэрбум, ам.долларын дансаар нэг сая гаруй ам.доллар байгааг тогтоолоо. Ч.Энхбатын дансанд мөн их хэмжээний мөнгө байсан. Хэрхэн, яаж олсноо өөрөө тайлбарлаж чадахгүй байна. Бид эх үүсвэрийг олохоор ажиллаж байна” гэв. Энэ ярианаас үзвэл, ҮТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх 19 тэрбум төгрөгийн авлига авсан бололтой. Энэ хэргийг шалгахын тулд багагүй хугацаа шаардлагатай гэдгийг ч АТГ-ынхан хэлж байлаа.


 “Саус Гоби Сэндс”-ийн мөнгө угаасан хэргийг УМБГ-т шилжүүлжээ

АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийг шалгах явцад “Саус Гоби Сэндс” компанийн удирдлагууд бусдад хээл хахууль өгсөн, мөнгө угаасан, Монгол Улсад татвар төлөхөөс зайлсхийсэн хууль бус үйлдэл “өндөглөсөн”. Өөрөөр хэлбэл, тус компанийн удирдлагуудад холбогдох хэргийг Д.Батхуягийнхаас тусгаарласан билээ. Шүүх АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын  Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар хууль бусаар лиценз олгож, бусдаас авлига авсан гэж буруутган ял сонсгочихоод буй. Тодруулбал, Д.Батхуягийг хайгуул хийх эрхийг нь цуцалсан “Саус Гоби Сэндс” компаниас хахууль авч, дөрвөн тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн  гэж буруутгасан юм. Харин тус компанитай холбоотой мөнгө угаах болон татвараас зугтсан хэрэг нь АТГ-ынхны шалгах харьяаллынх биш учир УМБГ-т шилжүүлжээ.


УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгогчдын санал худалдаж авсан гэж буруутгах нь

АТГ-ынхан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад Сангийн сайдын албан тушаалыг урвуулан ашиглаж, сонгуулийн үеэр тойргийнхоо /Дархан-Уул аймагт/ хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настанд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болох 330 мянган төгрөг тараасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тус газрынхан түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаагүй гэж үзжээ. Гэхдээ түүний тойрогтоо мөнгө тараасан үйлдэлд Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж УМБГ-т шилжүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, хуулийн энэ хэсэгт зааснаар бол түүнд иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд саад хийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ.


УБЕГ-ын дарга асан Л.Амарсанаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанааг өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын нэрсийг давхардуулж, сонгууль будлиантуулсан хэрэгт буруутгаж шалгасан билээ. Гэвч прокурор түүнд холбогдох хэргийг хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон байна.
АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат “Мөрдөн байцаалтын явцад 1200 гаруй хэсгийн хороонд санал өгсөн иргэдийн нэрийг шалгаж үзэхэд давхардаж санал өгсөн нэг ч иргэн илрээгүй. Тиймээс УБЕГ-ын дарга асан Л.Амарсанааг гэм буруугүй гэж үзсэн” хэмээн ярьсан юм.  


Төрийн банкны экс удирдлага, ТУЗ-ийн гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэв

АТГ-т Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүнийг шалгах тухай гомдол иржээ. Гэвч тэдний шалгах харьяаллын хэрэг биш учир энэ асуудлыг УМБГ-т шилжүүлсэн аж.
Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Тэднийг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танил талынхаа хүмүүст орон сууц олгосон, банкнаас мөнгө завшсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа гэнэ.
Дээрх хүмүүс Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа ашигтай ажиллуулсан, байрны дэмжлэг, хөнгөлөлтэй зээл гээд нийтдээ тэрбум гаруй төгрөг авсан тухай баримт сөхөгдсөн юм.


Ховдын Засаг дарга асан Г.Нямдаваагийн хэргийг прокурор хянаж эхэлжээ

Өнгөрсөн онд цөөнгүй аймаг, дүүргийн Засаг дарга эрүүгийн хэрэгт холбогдсон. Тэднээс өдгөө Ховд аймгийн Засаг дарга асан Г.Нямдаваа, Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очир нарт холбогдох хэрэг шийдэгдээгүй байгаа. АТГ-ынхан Г.Нямдаваад холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг БНХАУ-аас аймгийнхаа гэрэлтүүлгийн хэрэгслийг авч, оронд нь их хэмжээний загас бариулах зөвшөөрөл өгсөн, Хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой хэд хэдэн тендерийг будлиантуулж, танил талдаа давуу эрх олгосон гэсэн үндэслэлээр буруутгажээ. Харин Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очирт холбогдох хэргийг удахгүй прокурорт шилжүүлэх юм байна. Түүнийг албан тушаалаа ашиглаж, хууль бусаар газар олгосон үндэслэлээр шалгасан.
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Очирхуягийг тендерийн сонгон шалгаруулалт хууль бусаар явуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Тус аймгийн хэмжээнд 2009-2011 онд зарласан тендерүүд хууль зөрчсөн тухай гомдлын мөрөөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна.  


ИНЕГ-ын удирдлагуудын хэргийг ид шалгаж байна

АТГ-ынхан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх, тэргүүн дэд дарга П.Мөнхжаргал, санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Наранцэцэг, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд дарга Ж.Чулуунбаатар нарт холбоотой хэргийг ид шалгаж байна. Тэднийг 600 хүнд 14 тэрбум 64 сая төгрөгийн орон сууц, орон сууцны дэмжлэг үзүүлсэн, 2012 онд 223 хүний гадаад томилолтын зардалд нэг тэрбум 248 сая төгрөг зарцуулсан, төсөв хөрөнгө орлого, зарлагатай холбоотой хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа гэнэ. Түүнчлэн ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх барилга угсралт үйлдвэрлэл болон оффисын засварын ажилд гүйцэтгэгч компанийг тендер зарлалгүйгээр сонгож, 200 сая төгрөг төсөвлөн олгосон гэсэн үндэслэлээр шалгаж байна.

0 Сэтгэгдэл
Gobi-alta d Erdehenebat gej avilgalch baidag ard irged ulsad alban tushaalaa ashiglan iheehen hohirol uchiruulsan daa ene hereg arai zamharch bnauu el tod chiideh heregtei busddaa surgamj bolno
тендерийн холбоотой хэрэг байхгүй байгаа юм уу тендер гэсэн нэрийн дор улсын мөнгийг хувьдаа завшсан маш олон үйлдэл байна энийг яаж зохицуулж байгаа юм бэ олигтой араас нь хөөцөлддөг хүн ч алга яам тамгын газрууд тендер зарлаж бөөн мөнгө гаргачаал эргээл шалгаж ч ирэхгүй байна. тендерээр ялсан комдани нь хүртэл ажлаа маш муу хийж татвар төлөгч ард иргэдийн мөнгийг завшаад байна
САЙН ШҮҮ
BAYARTSOGTIIN HERGIIG YAH GEED BN!!! TA NAR CHADDAGUIMAA GEHED HARIUTSLAG UURUULCHIH ZALUUCHUUD ZUNDUU SHU!!!
Хамгийн их уншсан