Чингис зочид буудалд өнөөдөр “Ардчилал ба Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус хуралд УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл, Доктор, Профессор Т.Баасансүрэн зэрэг эрдэмтэн, судлаачид оролцов. Шинэ үеийн гэж нэрлэгдээд байгаа XXI зууны улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос нь хэн болох, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын тулд юу хийх ёстойг эрдэмтэн судлаачид ярилцлаа. Тус эрдэм шинжилгээний хуралд ирсэн зочид төлөөлөгчид Монгол орныг тэр чигээр нь нөмрөөд байгаа аюул бол улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэгтэй дуу нэгтэй байлаа. Хурлын уур амьсгал ч халуухан өрнөж Ардчилсан гэгдээд байгаа өнөөгийн нийгэмд хүн бүрийг айдаст автуулаад байгаа шинэ үеийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох үйлсэд уриалж байсан юм.
Улс төрийн хэмгэдүүлэлтийг зогсоож нийгэмд ардчилалыг жинхэнэ утгаар нь цогцлооход өөрсдийн дуу хоолойг хүргэхээр ирсэн төлөөлөгчдийн нэг Геологи, эрдэсзүйн ухааны доктор Ч.Хурц “Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдгийг зөвхөн нэг хүнийг барьж хориод байгаагаар дүгнэж болохгүй. Нарийндаа энэ хэлмэгдүүлэлтийг гадаадын хөрөнгөтнүүд хийдэг. Тэд нам, улс төрийн хүчнүүдийн дунд хагарал үүсгэж, талцуулж эхэлдэг. Дараа нь хагарч, сул дорой болсон эрх мэдэлтнүүдийн тархийг угааж газар нутаг, байгалийн баялагт нь эзэн суухыг хичээдэг. Ийм хэлмэгдүүлэлтийг Монгол хүн бүр бэлхнээ харж байна шүү дээ. Улс орныг цөлмөж хүслээ гүйцэлдүүлэхээр улайрсан тэдэнд саад болсон хэнийг ч тэд өршөөхгүй. Өнөөх л тархиа угаалгасан, амин хувиа хичээсэн эрх мэдэлтнүүдээр дамжуулан хууль хяналтын байгууллагыг гартаа авч өөрсдөд нь саад болсон хэнийг ч золиос болгож чадна. Үүний тод жишээ бол МАХН-ын дарга Н.Энхбаяр” хэмээн ярилаа. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр “Улс төрийн хэлмэгдүүлэлт бол маш олон талтай. 1937 оны хэлмэгдүүлэлт тодорхой хэсэг хүмүүсийг золиосолж, амьдралыг нь сүйрүүлсэн бол нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлт Монголчууд биднийг бүгдийг хамарч байна. Учир нь өөрсдийн эрх мэдэл, ашиг сонирхолын төлөө олигархууд Монголын ард түмний өмч болох байгалийн баялагийг хууль бусаар эзэмшиж гадаадын банкуудад мөнгөө байршуулдаг. Тэднийг манай хэвлэлийнхэн гаргаж чадахгүй байгаа нь мөн л эрхшээлд нь орчихсон байгаагийнх. Харин гадаадын хэвлэл гаргаж ирсэн нь сайн хэрэг. Одоо тэд бидний амьдралаас хумсалж дуусаад ирээдүйгээс хумсалж эхэллээ. Бонд гэх нэрийн дор үр хүүхдүүдийг минь хоосолж байна. Гэтэл тэр олон лицензтэй, гадаадад данстай хүмүүсийг барьж хорихын оронд нэг ч лицензгүй Н.Энхбаярыг хорьж байгаа нь хэлмэгдүүлэлт биш гэж үү” гэлээ.
Эх орнынхоо төлөө насаараа зүтгэсэн эрдэмтэн докторууд үр хүүхдүүдийнхээ ирээдүйг шинэ үеийн хэлмэгдүүлэлтээс аварч үлдэхийн тулд хатуу зогсох ёстойг уриласан. Тэд газар нутгийн баялагаа харийнханд алдахын эсрэг зогссоныхоо төлөө, хэн нэгний эрх ашгийн төлөө дахин хэн ч золиослогдохгүй байхын тулд хамтдаа тэмцэх ёстойг санууллаа.