Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ 379 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖИНЭ


Иргэдийн худалдан авах чадварт тохирсон үнэтэй, чанартай орон сууц Улаанбаатарыг утаанаас салгана гэх. Гэтэл орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд өсчихлөө. Одоогоос 10 жилийн өмнө нэг ам метр талбай нь 460 гаруй мянган төгрөг байв. Өнөөдөр доод тал нь 1.5 сая төгрөг болсон. Орон сууцны үнэ  2010 оноос өсч эхэлсэн. Гэтэл УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө 100 мянган айлын орон сууц хөтөлбөр зарлаж, жилийн хугацаатай зургаан хувийн хүүтэй 20 хүртэлх жилийн зээлээр орон сууц олгоно хэмээн Засгийн газар зарласан нь үнийн өсөлтөд хурд нэмсэн. Үүний нөлөөгөөр ам.метр талбайн үнэ 300-500 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдэг судалгаа бий. Орон сууцны үнэ ингэж өсөхөд дэд бүтцийг нь улсаас шийдээгүй, барилга барих газраа өндөр үнээр авдаг гэх мэт олон шалтгаан нөлөөлжээ. Мөн барилгын материалаа импортоор авдгаас Замын-Үүд боомтод түгжрэл үүсч, бараа материал тасрах тусам үнэ нь өсдөг билээ. Нөгөө талаар, урин дулаан цагт монголчуудын худалдан авалт нэмэгдэхээр урд хөршийн үйлдвэрлэгчид барилгын материалынхаа үнийг нэмдэг заншилтай болжээ. Энэ жилээс орон сууцны үнийг тогтворжуулах талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ аваад буй юм. Үүний нэг нь барилгын материалын хангамжийг жигдрүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх. Ингээд барилгын материалын хангамж, үйлдвэрлэл, орон сууцны үнэ ханшийн талаар  Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өчигдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа. Энэ үеэр тэрээр “Засгийн газраас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд орон нутагт барилгын материалын үйлдвэртэй болгох, ажиллаж байгааг нь өргөтгөх, технологийн шинэчлэл хийхийг дэмжинэ. Дээр нь, үндэсний үйлдвэрүүддээ эргэлтийн хөрөнгөөр туслах бодлого барьж байна.

Барилгын материал үйлдвэрлэх 50 гаруй төслийг бэлэн болгож, Засгийн газарт танилцуулсан. Одоо Эдийн засгийн хөгжлийн яаманд хандаж,  энэ төслүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг олохоор ярьж байна. Мөн Засгийн газрын тогтоолоор импортын албан татвараас чөлөөлөх жагсаалтад барилгын зарим материалыг оруулсан. Барилгын материалын үнийг өсгөхгүй байх, улирлын шинжтэй нөлөөллөөс гаргах, үйлдвэрлэлийг нь дэмжих чиглэлд 370 орчим тэрбум төгрөг төлөвлөсөн. Эргэлтийн тодорхой хөрөнгийг олгоод явж байна” гэлээ.
Энэ зун барилгын материал тасалдахгүй, үнэ нь өсөхгүй байх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авч буй. Жишээ нь, Замын-Үүд боомтод бараа материалын гацаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлээд байна. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын яам Монголбанктай 379 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулсан. Энэ мөнгөөр барилгын материалын импорт, хангамжийг дэмжих юм. Зээл олгохдоо нэг компанид 100 саяас дээш төгрөг олгоно. Гэрээ байгуулсан бол энэ мөнгө аж ахуйн нэгжүүдэд  шууд хувиарлагдан очихгүй. Төв банкнаас олгож байгаа энэ зээлийн эрсдэлийг тухайн арилжааны банк өөрөө хариуцах юм. Иймд уг мөнгийг банкууд  зээлийн  шаардлага хангасан компанид өгөх ажээ. Тухайлбал цемент, арматур оруулж ирдэг компани сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай, агуулах савтай, борлуулалтын сүлжээтэй бол зээлд хамрагдах боломжтой.


Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадал нэг сая тоннд хүрнэ

Барилгын материалын үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөөр дутагддаг. Энэ нь, байнгын борлуулалттай, жилийн турш тасралтгүй ажиллаж чаддаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, өвөл барилгын ажил зогсохоор дагаад амарчихдаг. Иймд барилгын материалаа тасралтгүй үйлдвэрлэн барилгын ажил эхлэхээр захиалгыг нь цаг тухайд нийлүүлдэг олох  ёстой. Тиймээс барилгын материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгө, технологийн шинэчлэл хийхэд нь дэмжих болсон. Мөн урд нь ажиллаж байгаад зогссон үйлдвэрүүдийг сэргээх нь. Тухайлбал, угсармал барилгын материал үйлдвэрлэж байгаад зах зээлийн ороо бусгаа үед дампуурсан “БҮҮК-1”-ийг дахин сэргээх юм.

Манай улс барилгын материал үйлдвэрлэх түгээмэл тархацтай ашигт малтмал ихтэй. Жишээлбэл, элс, хайрга, шохойн орд хаа сайгүй л байна. Тэгэхээр импортоор авдаг цемент, арматураа дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангах боломжтой. Эдүгээ Монгол Улс жилд гурван сая орчим тонн цемент хэрэглэдэг. Үүнийхээ бараг талыг нь урд хөршөөс авдаг. Ирэх жилүүдэд цементийн хэрэглээ улам л нэмэгдэнэ.  Учир нь, орон сууц, уул уурхайн аж үйлдвэрийн бүтээн байгуулалт гээд барилгын ажил ид өрнөнө. Энэ хэрэглээг импортоор хангах боломжгүй. Цементийн болон тухайн барилгын үнэ ханш, босох өртөг зардал нь нэмэгдэх дүр зураг бий юм. Эрээнээс өнөөдөр оруулж ирж буй нэг тонн цемент 55-60 ам.доллар байдаг. Гэвч Улаанбаатарт ирэхдээ үндсэн үнэ дээр бүх зардал нь шингээд 130 орчим ам.доллар болдог тооцоо бий. Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Баатар “Манай холбоо энэ оны гуравдугаар сарын 15-нд байгуулагдсан.   Барилга барьж байх ид үед цементийн үнэ нэмэгдэж, нэг тонн нь 210 мянган төгрөгт хүрч  байсан удаатай. Тиймээс задгай цементийн үнийг  дунджаар 170, ууттайг нь 165 мянган төгрөг гэж тооцвол үнэ  нэмэлгүй нийлүүлэх бүрэн боломжтой” гэсэн байдаг.

Тэгэхээр жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ дагаад цементийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Манай улсад  цементийн хэдхэн үйлдвэр байдаг. Үүний  нэг нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр. Уг үйлдвэр технологийн шинэчлэлт, өргөтгөл хийж байгаа ч хөрөнгө мөнгөний улмаас олон жилийн нүүр буй. Гэсэн ч шинэчлэлийн ачаар жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх болно. Тус компани урд нь цементээ нойтон аргаар үйлдвэрлэдэг байсан. Ийм технологийн үйлдвэрлэлийн зардал өндөр гардаг. Шинэчлэлт хийснээр ирэх зургадугаар сараас эхлэн хямд зардалтай хуурай аргаар цемент үйлдвэрлэх нь.  Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хуурай аргаар жилд нэг сая тонн цемент зах зээлд нийлүүлэх үйлдвэр барьж эхэлжээ. Тус үйлдвэр 2016 онд ашиглалтад орох төлөв бий. Мөн Ховд аймагт жилд 100 мянган тонн цемент гаргах үйлдвэр барихыг Засгийн газар дэмжсэн.
Өнөөгийн байдлаар манай улс жилд 200 орчим мянган тонн арматур импортоор авдаг гэдэг. Засгийн газар барилгын арматур болон төмөр эдлэлийн үйлдвэрийн  зургаан төслийг дэмжинэ.  Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай.

Гэвч жилд 50-60 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлж буй юм. Харин үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, технологийн шинэчлэлт хийснээр 2015 он гэхэд жилд 400 мянган тонн арматур үйлдвэрлэдэг болох төлөв бий. Энэ үед арматурын хэрэглээгээ бүрэн хангах боломжтой болох нь. Үүнээс гадна Эрдэнэт хотын “Хөх ган” ХХК арматур болон барилгын төмөр хийц үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнийх нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ч дэмжиж ажиллах гэнэ. Эцэст нь хэлэхэд, барилгын гол материал цемент арматураа дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангавал орон сууцны үнэ тогтворжино. Ингэснээр чанартай боломжийн үнэтэй орон сууцтай болох үүд хаалга монголчуудад нээгдэх учиртай.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан