Монгол Улсын Барилгын дүрмийн гуравдугаар заалтад “Тэргэнцэртэй болон өндөр настай иргэн явахад зориулсан явган хүний замын налуу уртаашаа таван хувь, хөндлөн чиглэлд нэг хувиас илүүгүй байна. Газрын гадаргын нөхцөлөөс хамаарч, заагдсан хязгаарыг баримтлах боломжгүй бол 12 мм-ээс багагүй урттай замын налууг 10 хувиар нэмж болно. Тэгэхдээ уруудах замын дунд хэсэгт хэвтээ талбай төлөвлөнө” гэж заажээ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд ороход чухал үүрэгтэй гэгдэх зам талбай, орох, гарах гарцыг нь Барилгын тухай хууль, дүрэмдээ тусгаад ч хэрэгжихгүй байгааг тэд шүүмжилж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэхийг зорьсон дугуй ширээний ярилцлагад Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч М.Баясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ая тухтай зорчих явган зам байтугай барилгуудын орох, гарах налуу гарц ховор байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр хэлнэ. Жил болгон энэ талаар ярьдаг ч, хэрэгжүүлдэг нь нүдний гэм” хэмээн шүүмжлэв. 2012 оны статистик судалгаагаар Улаанбаатарт 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Харин жилд 10 мянга орчим барилга баригддаг ч хөгжлийн бэрхшээлтэй нэгнийг бусдын дэмжлэггүйгээр саадгүй орж, гарах налуу замтай тун цөөхөн гэдгийг төр, захиргааны байгууллагынхан хүлээн зөвшөөрч буй. Энэ талаар Нийслэлийн авто замын газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга Ж.Даваасүрэн 1990 оноос энэ асуудал сөхөгдөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих налуу замын талаар яригдах болсон. 2004 онд зураг төсөлдөө тусгаж ирсэн ч зам, барилгын салбарт нэвтэрсэнгүй. Гэхдээ олон жил ярьсны хүчинд ахиц гарч байна. Судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай зам барихад зам барилгынхны нэг хувь нь сайн, 29 хувь нь сайн, 80 хувь нь оролдож байна гэсэн үнэлгээ авсан. Гэвч бүгд дүрэм, заалтаа мөрдөн хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс цаашдаа Нийслэлийн авто замын газраас заалтуудаа өрдөхийг аж ахуйн нэгж, гүйцэтгэгч байгууллагуудаас шаардахаас гадна явган хүний зам 03 мл барзгар гадаргуутай байх, дуут дохио нэвтрүүлэх талаар бодлогодоо тусгаж ажиллана. Уг нь, 10 жилийн өмнө 120 мянгатын буудлын гэрлэн дохиог дуут болгосон ч, иргэд чимээ ихтэй байна гээд эсэргүүцээд ашиглахаа больсон. Ямар ч гэсэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжийг тохижуулах хүрээнд гэрлэн дохиог нь дуут болгоно гэж тусгасан. НИТХ-аар зургаан гүүрэн гарц барихаар төлөвлөсний нэг нь Хан-Уул дүүргийн хараагүйчүүдийн байрны ойролцоо баригдана” гэсэн мэдээлэл өгөв. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход хэцүүхэн унаа гэгдээд буй автобусны талаар нийслэлийн авто тээврийн газрын мэргэжилтэн н.Оюунцэцэг “Удахгүй 20 гаруй тэрбум төгрөгөөр нийслэл шинэ автобус авах гэж байна. Энэ хүрээнд дөрөв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ая тухтай зорчиход зориулсан шат, суудалтай. Өмнө нь, нэг автобус авсан ч зогсоолын хашлага хэт өндөр түвэгтэй байгаа нь ажиглагдаад больсон” хэмээлээ.
Энэ мэт зам барилгын орох, гарах гарц цаашлаад нийтийн тээврийн автобусных нь шат, суудал нь ч “харшилтай” байгаа учраас хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэн машин барих ч сонирхолтой байдаг гэнэ. Даанч төрийн байгууллагынхан бас л авч хэлэлцдэггүй хэмээн гомдоллож байсан юм. Энэ хүсэлт нь биелэх боломжтой эсэхэд нийслэлийн Цагдаагийн газрын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авто замаар саадгүй гарахад шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээний асуудлыг холбогдох хууль, дүрэмд өөрчлөлт оруулах ёстой л доо. Харин жолооч болоход асуудалгүй. Гол нь, жолоо барина гэдэг жолоочийн таван мэдрэхүй зэрэг ажилладаг, анхаарал болгоомжтой байхыг шаарддаг. Осол аваар гарлаа гэхэд Эрүүгийн хууль хэнд ч тэгш үйлчилнэ гэдгийг санах хэрэгтэй” хэмээлээ.
Ямартай ч төр захиргааныхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд ороход саад болж буй барилгын орох, гарах гарц, зам харгуй, автобус унаа цаашлаад жолооч болох эрхийг нь хүндэтгэн анхаарч ажиллана гэлээ. Гэхдээ ярих, хэлэх нэг өөр. Хэчнээн ярьж суугаад хэрэгжих шатандаа мартагнадгаас биелэхгүй байгааг ч албаныхан хүлээн зөвшөөрлөө. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны дарга н.Баатаржав “Налуу зам болон барилгын орох гарах гарц барих тендерийн үйл ажиллагаа төдийгүй барьсан барилга, замыг хүлээн авах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулаач. Бид цалин хөлс гэхгүйгээр өөрсдийнхөө төлөө ажиллана” хэмээв. Харин нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Буяндалай энэ талаар цаашид анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг өөрсдийнх нь оролцоотой шийднэ гэж амлалаа.