Манай улс газрын тосны багагүй нөөцтэй ч өнөө хэр нь шатахууны хараат бус байдлаас гарч чадаагүй байгаа. ОХУ-тай “таагүй” харилцвал шатахуун нийлүүлэх гэрээгээ цуцлахаар айлгадаг болсон. Тиймээс гадаадын аль нэг орноос шатахууны хараат бус байхын тулд бид олборлосон газрын тосоо боловсруулах үйлдвэртэй болохоос өөр аргагүйд хүрээд байгаа. Шинэчлэлийн Засгийн газар Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барихаар Япончуудтай тохиролцон ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод буй. Гэтэл газрын тосны үйлдвэр барих байршил нь буруу. Ямар ч ашиггүй зүйлд мөнгө зарж, Японы талд ашигтайгаар гэрээ хийх гэж байна гэсэн яриа гарч, хүчээ аваад байна. Энэ талаар Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
-Дархан-Уул аймагт барих нефтийн үйлдвэрийн байршлын хувьд буруу гэж ярьж байна. Таныг тус аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед энэ үйлдвэрийн талаар яригдаж эхэлсэн гэсэн?
-Засгийн газар манай аймагт үйлдвэр барихаар шийдсэнээс хойш байршил нь буруу, зөв гэсэн яриа гараад байгаа. Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барих талаархи судалгааг монголчууд хийгээгүй. Намайг тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхад япончууд ирж судлан, хамгийн оновчтой байршил нь Дархан гэдгийг тогтоосон. Тэдний судалгааг нэг их хол зөрөөгүй байх гэж бодож байна. Байршил буруу гэж байгаа хүмүүс Сайншанд, Дорнодод үйлдвэрээ бариад бүтээгдэхүүнээ зөөх, Дархан-Уул аймагт бариад бүтээгдэхүүнээ түгээх хоёрын ялгааг хэлж байгаа байх. Ер нь хэрэглэгчдэдээ ойрхон байх ёстой юм. Тиймээс манай аймагт энэ үйлдвэрийг барих шаардлагатай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нефтийн үйлдвэр барих зайлшгүй хэрэгцээ бий. Харин түүхий эдээ хаанаас авах вэ гэдэг нь чухал байна. Дотооддоо олборлож буй газрын тосоор хангах талаар судалж байгаа байх. Ямартай ч эхний ээлжинд ОХУ-аас түүхий нефть авна шүү дээ. Япончууд ч энэ талаар судалгаандаа оруулсан байна лээ.
-Япончуудаас 600 сая ам.долларын зээл авч үйлдвэр барих болсон. Зээлийг хэд дахин нугалж төлнө гэсэн яриа ч байна. Ямар нөхцөлтэй зээл авч байгаа вэ?
-Япончууд ТЭЗҮ-ээ хийж, нефть боловсруулах үйлдвэр барихад 600 сая ам.доллар зарцуулна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Төсөл бэлэн болсны дараа чухам хэдэн төгрөг шаардлагатай эсэх талаар гэрээ хэлцэл хийгдэнэ шүү дээ. Үүний дараа зээл нь ямар нөхцөлтэй байх юм, тодорхой хэсгийг нь дотоодоос санхүүжүүлэх боломж бий эсэхийг ч судална.
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуульд таны бодлоор өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 60 орчим хувиар буурсан. Манай эдийн засаг маш эмзэг учраас олон зүйлээс шалтгаалж муудаж байгаа. Гэхдээ үүний нэг хүчин зүйл нь уг хуулиас үүдэлтэй. Нөгөөтэйгүүр Засгийн газрын бодлого үйл ажиллагаатай холбогдоод гадаадын хөрөнгө оруулагчид алсрах тал руугаа явж байна. Тиймээс бид маш хурдан хугацаанд зөв, ухаалаг шийдвэр гаргаж, эдийн засгаа сэргээж хөгжүүлэх ёстой. Ингэхийн тулд хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.