Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Та биеэ эмнүүлэх гэж байна уу


Урин дулаан цаг наашлан хавар болохтой зэрэгцэн таны бие чилээрхэж байна уу.  Эрдэмтэд хавар нарны тусгал хурц болж, цаг агаар дулаарахад хүний бие “дасах” гэж багагүй зүдэрдэг. Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбодь орчиндоо дасан өөрчлөгдөх энэ үзэгдлийг хаврын ядаргаа хэмээдэг гэлээ. Хэрвээ таны хууч өвчин сэдэрсэн эсвэл ядраад ажил, амралтаа зохицуулан сувилалд эмнүүлэхээр шийдсэн бол дараахь мэдээллийг бэлтгэлээ.  Дашрамд, ахмад настангууд магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагаас жилд нэг удаа тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг нь нөхөн олгодгийг сануулъя.

Элэг цөсний архаг үрэвсэлтэй бол Аварга тосонг зориорой

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс 1250 метрт, Улаанбаатар хотоос 203 км зайд байрладаг.  Тус сувилал нь ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой.
Тосонгийн шавраар хязгаарын болон захын мэдрэлийн янз бүрийн үүсэлтэй үрэвсэлт өвчнүүд, ууц нурууны өвдөлт, төв мэдрэлийн өвчин, хүүхэн харааны хямрал, бруцллёз өвчний дараахь янз бүрийн үе мөчний өвчин, цусны даралт ихсэх, багасах, мэдрэлийн ядаргаа, арьс загатнах, арьсны экзим, усан гүвдрүү, диатез, хүүхдийн шөнийн шижин өвчнийг анагаадаг. Харин  шавар эмчилгээг хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаараарай.  Зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ны хооронд буюу улирлын байдлаар ажилладаг. Утас: 316637, 366880,

Нойр булчирхайн өвчнийг илааршуулах рашаан бий

Харин таны элэг, цөс ходоод өвддөг бол Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Өвөржанчивлан сувиллыг зорьж болно. Нийслэлээс 75 км-ийн зайтай байрлах эл сувилал нь элэг, цөснөөс гадна нойр булчирхайн өвчнийг илааршуулах рашаантай. Мөн тосон болон халуун рашаантай, физик эмчилгээ хийнэ. Бусад сувиллыг бодвол өвөл, зуны аль ч улиралд эмчлүүлэгсдийг хүлээж авдаг. Эрүүл мэндийн даатгалтай бол эмчилгээ, ор хоногийн мөнгөтэйгөө  нийлээд хоногийн 22 мянга, даатгалгүй бол 29,400 төгрөг. Долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт МҮЭХ-ноос өглөөний долоон цагт микро автобус явдаг. Нэг талдаа 7000 төгрөг гэсэн шүү. Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл тус сувиллын  88001511 гэсэн дугаар руу холбогдоорой.

Бөөрний өвчтэй бол Аржанчивлан сайн

Нийслэлээс 72 километрийн зайтай орших “Аржанчивлан”-гийн сувиллын хувьд элэг, цөс, даралт, бөөрний өвчнийг анагаадаг. Цагаан ямааны сүүг эмчилгээний журмаар уулгадаг тус сувилалд бариа засал, зүү, төөнүүр, физик эмчилгээг өдөр бүр эмчийн заавраар хийдэг гэнэ. Үйлчлүүлэгчдийг 7-21 хоногийн хугацаатай хүлээн авдаг.

Мэдрэлийн ядаргаанд Шаргалжуутын халуун рашаан эм

108 төрлийн халуун рашаантайгаараа алдартай  Шаргалжуут сувилал Баянхонгор аймгийн төвөөс 60 км-ийн зайд байрладаг. Тус сувилал нь үе мөч, зөөлөн эдийн эмгэг, ясны хугарал болон үрэвсэл, хэвлийн наалдац, мэдрэлийн үйл ажиллагааны өвчнийг түлхүү эмнэдэг.  Зуны болон энгийн бас люкс гэсэн өрөөнд хэвтэн эмчлүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол эмчилгээ, ор хоногийн төлбөр нийлээд 28500-47500 төгрөгийн үнэтэй. Гэхдээ энэ нь ямар өрөөнд байрлахаасаа шалтгаалсан ханш нь. Харин даатгалгүй иргэдийн хувьд эл үнэ дээр 7000 төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Ирэх сарын 1-нээс эмчлүүлэгсдээ хүлээн авах тус сувиллын хот дахь төлөөлөгчийн газар нь Өргөө кино театрын хойно  “Тана” мебелийн дэлгүүрийн хоёр давхарт байрлаж буй гэсэн. Долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт эмчлүүлэгсдээ өөрийн унаагаар ирж авдаг.  Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9401-9992 дугаар руу холбогдож болно.

Эмэгтэйчүүд, үргүйдлийг эмчилдэг Хужирт рашаан сувилал
 
Хужирт рашаан сувилал нийслэлээс 380 км-ийн зайд Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрладаг. Төрөл бүрийн рашаантай, усан болон зүү, төөнүүр, физикийн эмчилгээтэй энэ сувилал эмэгтэйчүүдийн өвчин болон үргүйдлийг эмчилдгээрээ бусдаас давуу талтай гэнэ. Мөн үе мөч, ясны хугарал зэрэг өвчлөлийг өвчтний биеийн байдлаас шалтгаалж 7-14 хоногт эмчилдэг юм байна. Нарийн мэргэжлийн гурван эмчтэй “Хужирт” рашаан сувилалд эмчлүүлэхээр бол эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд хоногт эмчилгээ, ор хоногийн төлбөр нийлээд 22 мянгаас 45 мянган төгрөг төлнө. Харин даатгалгүй тохиолдолд 7400 төгрөг нэмэгдэх аж. Байнгын үйл ажиллагаатай тус сувилал нь нэг ээлжиндээ 350-600 гаруй хүн хүлээн авах чадалтай. Долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт сувиллын автобус эмчлүүлэгсдээ авах бөгөөд өглөө долоон цагаас хөдөлдөг гэлээ. Холбогдох утас нь 9191-3860

Архины хордлогыг эмнэх халуун рашаантай

Хөвсгөл аймгийн Галт суманд байрлах Галт халуун рашаан сувилал нь халуун рашаантай. Үе мөч, архины хордлого, нөхөн сэргээх талын эмчилгээ хийдэг. Хэрвээ та эл сувиллыг зорино гэвэл Ардын эрхийн байрнаас долоо хоног нэг удаа эмчлүүлэгсдээ авч явдаг. Өмнө нь, тус сувиллын эмчилгээ, ор хоногийн мөнгө 30 орчим мянган төгрөг байсан бол энэ жилээс бага зэрэг өөрчлөлт орно хэмээлээ. Нийгмийн даатгалгүй хүний хувьд ойролцоогоор 7000 төгрөг нэмэгдэнэ.  Өрөөний хувьд люкс, энгийн болон нийтийн гэж бий.  Хэрвээ та Хөвсгөл аймгийн байгаль сайханд биеэ эмнүүлмээр байвал  99111480 руу холбогдож болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан