Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Нисдэг бордоо” буюу зөгийн аж ахуйг хөгжүүлье

Байгаль экологид хамгийн ээлтэй үйлдвэрлэлийг зөгийн аж ахуй хэмээн байгаль орчны мэргэжилтнүүд нэрлэдэг. Эл аж ахуйг эрхэлснээр балыг нь ашиглахаас гадна тоос хүртэлтийг хийж өгснөөр жимсны гарц, ургалт сайжирдаг гээд давуу тал олон. Энэ бүгдийг хүнсний гэхээсээ илүү эмчилгээнд хэрэглэж болохыг ч эрдэмтэд батлаад буй. Тухайлбал, үхсэн зөгийг эмчилгээнд ашиглаж болдгоороо онцлогтой. Зөгийн аж ахуй оршин тогтнож байна гэдэг нь цэвэр экологи байгаагийн илрэл хэмээн ч үздэг. Иймээс ч эрүүл бүс нутгаас ямар нэгэн химийн хордлогогүй бал бэлтгэдэг байна. 

Монгол орны хувьд байгаль орчин нь цэвэр, ямар нэгэн химийн хордлогогүй учир зөгийн балны эрэлт асар их байдаг гэнэ.  Гэвч  одоогоор хэдэн нөхөрлөл, хоршоо  байгаа нь тодорхойгүй. Энэ нь зөгийн аж ахуйг хөгжүүлэх талаар төр засгийн зүгээс дорвитой ажил хийхгүй байгаагийн нэгэн илрэл биз ээ. Өдгөө эл аж ахуй үүсээд 50 гаруй жилийн нүүр үзэж байна. Уг нь, амжилттай хөгжиж байсан туршлага бий ч, одоогоор уналтад орсон салбарын нэг. Тиймээс “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас зөгийчдийн гуравдугаар чуулганыг хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр бүх зөгий эрхлэгчийн тоог гаргах, салбараа хөгжүүлэх, бусад иргэнд таниулах зэрэг ажил хийх юм байна. Одоогоор тус олон улсын байгууллагын шугамаар 227 зөгийчин бэлтгэгджээ. Зөгийчид байгалийн гарцаа дагаад отор нүүдэл хийдэг. Тиймээс Сэлэнгийн зөгийчид нийслэлд ирдэг эсвэл Төв аймагт оторлодог гэнэ. Зөгийчдийг бэлтгэхийн тулд  ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэргэжилтэн авчирч, сургалт явуулсны үр дүнд одоо 1500 гаруй зөгийтэй болсон гэнэ. Энэ жил 3000 хүргэх зорилт тавьсан хэмээн зөгийчин Л.Хүрэлтөмөр хэлж байв. Мөн тэрээр  Монголд зөгийн аж ахуйг хөгжүүлэх талаар төрөөс илүү “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас нэлээд анхаардаг гэдгийг онцолсон.

Түүнчлэн зөгийн аж ахуйг хөгжүүлэн өрх гэрээ өөд нь татан авч яваа олон хүн бий гэсэн. Энэ талаар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хөдөө аж ахуй байгаль орчны мэргэжилтэн, “Нисдэг сүргийн гайхамшиг ой хамгаалал ба өрхийн амьжиргаа дээшлүүлэх төсөл”-ийн менежер Б.Занданхүү “Манай олон улсын байгууллага 2009 оноос эхлэн нисдэг сүргийн гайхамшиг гэдэг төсөл санаачлан эхний шат нь 2012 онд амжилттай хэрэгжиж дууссан. Донор байгууллагуудын зүгээс эл төслийг цааш үргэлжлүүлэх нь хэрэгтэй гээд хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэж өгсөн. Ингээд 2013-2016 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Хоёр дахь шатны төслөөрөө өрхийн амьжиргааг дээшлүүлэх юм. Энэхүү төсөлд долоон аймгийг хамруулахаар болсон. Үүнд, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум, Булганы Сэлэнгэ, Архангайн Цэнхэр, Өвөрхангайн Бат-Өлзий сумыг шинээр төсөлдөө хамруулна. Эхний ээлжинд 350 өрхийг сонгож хамруулна” хэмээн ярьсан. Сургалт нь шавь сургалтын хэлбэрээр явдаг юм билээ. Тухайлбал, тус байгууллагаас зөгий, тоног төхөөрөмж аваад мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэд аж ахуйн эрхлэхээс гадна нэг шавийг сургаж зөгийнөөсөө өгч аж ахуй эрхлүүлдэг залгамж халаатай гэнэ.
Зарим зөгийн аж ахуйн эрхлэгчтэй уулзаж, тэдний санал бодлыг сонирхлоо.

Э.Оюунгэрэл: Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй

/Жаргалант сумын зөгийчин/
 
-Зөгийн аж ахуйн эрхлээд хэр удаж байна вэ?
-Манай сум өмнө нь зөгийн аж ахуй эрхэлж байсан туршлагагүй. Миний хувьд анх 2009 оноос зөгийн аж ахуйн эрхэлсэн. Тухайн үед бэрхшээлтэй асуудал нэлээд гардаг байлаа. Одоо тэр бүгдийг мэддэг болохоор бусад зөгийчиндөө туслан хамтарч аж ахуйгаа эрхлээд явж байна. Манайд 37 зөгийчин ажилладаг. Таван бүлэгтэй.

-Манай нөхцөлд зөгийн аж ахуйн эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалаад өвөл, хавар хэцүү байдаг. Зундаа гайгүй. Мөн намар өвс хагдраад, цэцэг ургамал унаад ирэхэд хэцүү болдог. Манайх давхар төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгээс өөр юм алга. Аж ахуйн эрхлэгчдийг  жаахан дэмжих л  хэрэгтэй байна. Зөгий маш цэвэрч амьтан. Үүр нь заваан байхыг үздэггүй. Сүүлийн үед эрт намаршдаг болохоор балт ургамал эрт шүүсээ татчихдаг болсон.

-Жилд хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ. Борлуулалтаа хэрхэн хийдэг юм бэ?
-Манайх таван бүл зөгийтэй. Нэг бүлд багадаа 2000 зөгийнөөс эхэлдэг. Жилд 40 килограмм бал авчихдаг. Борлуулалтад санаа зовох зүйлгүй. Улаанбаатар ойрхон болохоор шууд захиалгаар нийлүүлдэг. Зарим нь өөрсдөө ирээд авдаг.

Н.Бээжинхүү: Зөгий бол нисдэг бордоо
 
/Дархан аймгийн зөгийчин/

-Та зөгийн аж ахуйг хаана эрхэлж байна вэ. Энэ аж ахуйн ач тус, өгөөжийн тухай яривал?
-Би Монголд анх удаа шар буурцагны сүү, мах гаргасан хүн. Үүнийг гаргахын тулд бордоо, хөрс, газрын асуудал тулгардаг. Муу бордооноос нисдэг бордоо буюу зөгий хамаагүй илүү. Бүхий л юман дээр бууж, сууж тоос хүртээж явдаг. Би Дарханд арван бүл зөгийн аж ахуй эрхэлж байгаа. Энэ жил 30 бүл зөгийтэй болох зорилт тавьсан. Цэвэр зөгийн балыг хүмүүс захиалдаг. Ийш, тийшээ гүйж очиж зараад байдаггүй. Ургац сайтай балт ургамал их гарсан жил нэг бүл зөгийнөөс хамгийн багадаа 18-20 килограмм бал авдаг.

-Энэ аж ахуйг Монголд өргөжүүлэх талаар төрийн зүгээс юу хийгээсэй гэж бодож байна вэ?
-Зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд манай цаг агаарын байдал их нөлөөлдөг. Гол нь, дулаан, дуу шуугиан багатай байх ёстой. Эрээн, Хөх хот, Бээжинд бол өрх болгон нэг зөгийтэй байдаг. Зөгий суусан газар тоос микроп нь арилж байдаг. Тиймээс өрх болгон нэг зөгийтэй болчихвол намар 10, 20 айл дундаа нэг үүр бариад, хавар өөрсдийнхөө зөгийг аваад явчихдаг болмоор байна. Ялангуяа, Дархан, Хөвсгөл, Увс гэх мэт ой мод ихтэй аймгуудад. Ингэвэл байгаль нь сэргэнэ, хүний амьсгалах агаар хүртэл цэвэршдэг. Өрх болгон зөгийтэй болох хөдөлгөөнийг Монгол даяар өрнүүлэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан