Б.Хишигбат 20 сая төгрөгийн булхай үйлдлийг таслан зогсоосон ажлын өрөөндөө завгүй суухад нь түүнтэй уулзаж, хийсэн үйлсийнх талаар тодруулсан юм.
-Хууль сахиулах үүргээ биелүүлж, авлига өгөхөөр оролдсон хүмүүсийг хууль, хяналтын байгууллагад өгчээ. Тэр өдөр юу болсон тухай ярихгүй юү?
-Миний албан өрөөнд хоёрдугаар сарын 18-нд иргэн Х орж ирсэн. “10-20 сая төгрөгийн шан харамж өгье, гахайн өөх болон бусад асуудлыг шийдвэрлээд өгөөч” гэж хэлсэн юм. Түүний хариуд хэлж байгаа үг тань хуулийн хүрээнд байж болохгүй. Намайг хууль зөрчөөч гэсэн санал байна шүү гэж хэллээ. Ийм асуултыг чи тавиагүй, би сонсоогүй болъё. Чи гэмт хэрэг үйлдэх нь байна, намайг гэмт хэрэгт чирэх нь гэдгийг анхааруулсан.
Дараагийн өдөр нь иргэн Б орж ирээд мөн 20 сая төгрөг өгье гэж хэлсэн. Дахиад тайлбарлалаа. Улаанбаатар хотын гаалийн удирдлагын хүрээнд хэлэлцэж, хойшлуулшгүй ажиллагаа явуулах удирдамж гаргасан. Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тул таны хэлж байгаа зүйл боломжгүй гэтэл “Тусал л даа, эр хүн шиг ярилцъя” гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь орлогч дарга Солонгоог дуудаж гэрчээр суулгаад дахиад ярилаа. Бидний хуулийн дагуухь үйл ажиллагаанд таны санал нийцэхгүй. Харин эр хүн шиг ярилцъя гэвэл та бүгдийн нэр дээр гурван чингэлэг бий гэсэн. Тэр чинь хэзээ орж ирэхийг хэлчих гэтэл чингэлэг байхгүй гэнэ. “Бидэнд мэдээлэл байгаа. Эр хүн шиг үнэнээ хэлэхгүй гэвэл одоо гарч болно. Наад авлига өгөх саналтайгаа хамт манай өрөөний хаалгаар дахиж битгий орж ирээрэй” гэж хэллээ.
-Тэр хүмүүс гурав дахь үйлдэл дээрээ баригдсан гэж байсан. Тодорхой хэмжээгээр урьдчилсан бэлтгэл ажиллагаа хийсэн үү?
-Тийм ээ. Тэр хүмүүс өдрийн хоол хамт идье, машин дотор уулзацгаая гэхэд нь зөвшөөрөөгүй. Үдээс хойш Б дахиж орж ирэхдээ иргэн Г-г дагуулсан байсан. Манай орлогч дарга Солонго, хэлтсийн дарга Гантуг, албаны дарга Бямбагарав, ахлах байцаагч Довчинсүрэн, Отгонбат, мэргэжилтэн Бямбаа нартай хамтарч хойшлуулшгүй ажиллагаа явуулсан юм. Тэгээд цагдаагийн газар мэдэгдэж, гахайн өөх болон бусад мэдээлэл, авлигын материалтай нь Авлигатай тэмцэх газарт өгсөн.Гааль гэдэг байгууллагын хууль сахиулах үүргийг тасалдуулах гэсэн үйлдлийг холбогдох газарт өгөхгүй бол болохгүй гэж манай хамт олон шийдсэн л дээ. Энэ хэрэг шалгагдаад шүүх, прокурорын шатанд байгаа.
-Яг хэдий хэмжээний мөнгө өгөхийг завдсан юм бол. Урьд нь ийм хэрэг явдал гарч байсан болов уу?
-Банкны логотой уутанд 20 мянгатын дэвсгэртээр багцалсан мөнгө байсан. Өөрсдийнх нь хэлснээр 20 сая төгрөг гэсэн. Тухайн үед би ажлаа аваад нэг сар болж байсан. Тэгэхээр урьд нь ийм хэрэг гараагүй. Түүнээс хойш ч гараагүй. Одоо ийм хэрэг явдлын дараа цаашид манай байгууллагад ийм үйлдэл гарахгүй гэдэгт итгэж байна.
Монголын Ардчилсан Холбооны анхдагч гишүүдийн нэг бол Базарваанийн Хишигбат буюу МоАХ-ныхны нэрлэдгээр Хики. Түүний амьдралын 23 жилийн тэртээх үеийг эргүүлэн санавал ардчилсан хувьсгалын түүхэн үйл явцыг тэр чигт нь өгүүлэх аж. Түүнийг МоАХ-ны гишүүнээр орох үед олон Хишигээ байсан гэдэг. Дэлхийн болон Ази тивийн самбо бөхийн мөнгөн медальт Хишигжаргал, хөлбөмбөгийн мастер, “Боролдой” клубын тэргүүн Хишигбаяр гээд долоон Хишигээг хооронд нь ялгах хэрэгтэй болж. Тиймээс Э.Бат-Үүл түүнийг Хики хэмээн дуудсанаар өнөөг хүртэл ардчиллын ахан дүүс дотроо энэ нэрээрээ алдартай.
* Хики МоАХ-ны анхны цуглаан хийж байсан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс холбооны гишүүнээр элсч, анхны гишүүдийн нэг болжээ.
* 1990 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн цуглаанд тухайн үед цалингийнхаа 50 хувь буюу 300 төгрөг хандивласан нь бусдадаа үлгэрлэсэн анхны санаачилга байв. Мөн тэр үедээ Монголын хувьсгалт залуучуудын эвлэл /МХЗЭ/-ийн нарийн бичгийн дарга болсон аж.
* 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр МоАХ-ны Анхдугаар их хурлын үеэр коммунист залуучуудын байгууллага МХЗЭ-ээс татгалзсан нь МоАХ-ны гишүүд дундаа мөн л анхдагч болжээ.
* 1990 оны хоёрдугаар сарын 21-нд МХЗЭ-ийн төв байр буюу одоогийн МЗХ-ны өмнөх талбайд МоАХ, Монголын шинэ дэвшилтэт холбоо, АСХ-ны 21 гишүүний хамт цуглаан хийж, МХЗЭ-ийн батлахаа эвлэлийн дарга, удирдлагад эгүүлэн өгсөн гэдэг.
* Түүний дараа МАХН-ын Улс төрийн товчоо огцрох, МАХН-ын удирдлагуудад төрийг монопольчилж барих эрхээсээ татгалзахыг шаардсан.
* Монгол Улсад өрнөсөн улс төрийн өлсгөлөнд суусан анхны 13 хүний нэг байв. Уг өлсгөлөн 1990 оны гуравдугаар сарын 7-ны 14:00 цагаас 9-ний 10:50 цаг хүртэл үргэлжилсэн.
* 1990 онд Ардчилсан намын Ардын их хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байв.
* Зураач Р.Батцэнгэлийн бүтээсэн Монголын ардчилсан хувьсгалд маш сайн оролцсон 60 улс төрийн зүтгэлтний нэгээр тодорч, уг бүтээлд Б.Хишигбатын хөрөг багтжээ.
* 2013 оны хоёрдугаар сарын 18-19-ний өдөр иргэн Х, Б, Г нарын гурван удаагийн авлига өгөх гэсэн үйлдлийг холбогдох хуулийн байгууллагад өгсөн. Тухайлбал, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газарт. Уг хэрэг түүний ажлын өрөө буюу Улаанбаатар хотын гаалийн дарга Б.Хишигбатын 401 тоот албан тасалгаанд болжээ.
* Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ дараах зүйлийг онцлон хэлсэн байна.
“...Төрийн байгууллагын ажилтанг хууль бус зүйлд уруу татаж, “найрах” гэж орсон хүний ажил нь бүтэхгүй буцсан тухай жишээ сонсогдож байна. Түшмэдийн гар хүндрүүлэхгүйгээр тодорхой ажил гүйцэтгэх эрх авсан ажил хэрэгч хүний талархал хэвлэлийн хуудаснаа үзэгдэх боллоо. Хууль завшихыг оролдогчид цөхрөнгөө барж байна. “Яаж ч яриад болсонгүй, хууль яриад хөдлөхгүй байна” гэж. Харин хууль сахиулагчид ажлаа урамтай хийдэг болж байна. Төрийн албан хаагчийн ийм үйлдэл, ийм шинэ хандлагын тухай хүмүүс ярьж байна...”
“...Төрийн албыг мөнгөөр үнэлдэг, түүнийгээ ид бах болгодог байдал эцэс болж байна. Эцэс болох ч ёстой. Мөнгөний өмнө хууль мөхөсддөг байсан. Одоо хуулийн өмнө мөнгө мөхөсдөж эхэлж байна...”