Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Отгонбаяр: Манай 90 тоннын даацтай гурван машин дугуйгүй зогсч байна шүү дээ


Багануурын уурхайн захирал М.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд Багануу­рын уурхайн санхүү хүнд байна. Алдагдал нь хэрээс хэтэрлээ гэсэн мэдээлэл гарч байлаа. Одоо байдал өөрчлөгдсөн үү?
-Бид өнгөрсөн хугацаанд төлөвлөж байсан алдагдлаа 600 сая төгрөгөөр буурууллаа. Энэ бол манай хамт олны амжилт. Ер нь, нүүрсний үнийг чөлөөлөөгүй тохиолдолд алдагдал улам өснө. Яагаад гэвэл, бараа материал, түлшний үнэ өссөн. Манайд нийлүүлж буй бүхий л материал нэмэгдсэн үнээрээ ирж байхад нүүрсний үнэ хөдөлдөггүй.
Тиймээс автоматаар алдагдал өсч байна. Энэ жилийн хувьд алдагдал нэлээн өсөх байх. Түлш, сэлбэг нэмэгдсэн үнэтэйгээр ирсэн. Тэгэхээр алдагдал нэмэгдэх болов уу гэж бодож байна.

-Эрчим хүчний яаманд энэ талаар мэдэгдсэн үү. Жил болгон яам гэлтгүй харьяа агентлагтаа нүүрсний үнээ нэмье гэж уурхай, станцын удирдлагууд хүсэлтээ өгдөг шүү дээ?
-Эрчим хүчний яам, Төрийн өмчийн хороонд асуудал тавьж байгаа. Эрчим хүчний яамныхантай ярихад наадмаас өмнө эрчим хүчний үнийг нэмэхгүй гэсэн. Харин долдугаар сараас хойш яах нь одоогоор тодорхойгүй байна.

-Төрийн өмчийн хорооноос бүсээ чангал гэсэн мэдэгдэл өгсөн гэж дуулсан?
-Тийм. Тодорхой зардлуудаа хянаад цалин мөнгө нэмэх боломжгүй учраас бүсээ чангалж, хэмнэлттэй ажилла гэсэн мэдэгдэл өгсөн. Энэ маань нэгд, алдагдалтай холбоотой, хоёрт, нүүрсний үнэ нэмэхгүй болохоор бүх юм хөдлөх боломжгүй болчихож байгаа юм л даа.

-Тэгэхээр одоогийн мөрдөж буй нүүрсний үнэ хэдэн онд батлагдсан юм бэ?

-2010 онд тонн нүүрсний үнийг 20,500 төгрөг болгосон. 1990 оноос бага багаар нэмэх байсныг өсгөхгүй явснаар өнөөдрийн байдалд хүргэчихсэн юм. Ер нь, Шинэчлэлийн Засгийн газрын худалдан авалтыг оновчтой зөв болгож, дотоод нөөц бололцоог ашиглан хэмнэлттэй ажиллах бодлогыг ажилдаа тусган ажил­лаж байна даа.  Уурхайн бүх хэ­сэг хэмнэлттэй ажиллах төлөв­лө­гөө гаргаж, тэрнийхээ дагуу ажил­­лаж байна. Дөнгөж сая би удирдлагуудтайгаа дахиж шинэчлэн тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргая гэж яриад сууж байлаа.

-Байдал их хүнд байгаа байх нь ээ?
-Ер нь, энэ чигээрээ ажиллавал алдагдал буурахгүй нэмэгдэх тийшээгээ явна л даа. Хамгийн гол нь, санхүүгийн бие даасан үйл ажиллагаа байхгүй болохоор  байдал хүндхэн байна. Цаашдаа нүүрсний хэрэглээ улам өснө. Энэ жил дөрвөн сая 200 мянган тонн нүүрс авна гээд мэдээлэл орж ирлээ. Өнгөрсөн жил  гурван сая 200 мянгаар төлөвлөж байсан бол оны төгсгөлд 300 тонноор нэмэгдсэн. Тэрийг нь бид нийлүүлсэн. Гэтэл энэ жилийн хэрэгцээ дөрвөн сая гараад явчихлаа шүү дээ.

-Нүүрсний хэрэглээ огцом өссөн нь юутай холбоотой юм бэ?
-Дөрөвдүгээр цахилгаан станцад өргөтгөл хийж байна. Дээрээс нь, УС-15 хотхоны уурын станцыг дулааных болгон  өөрчилнө. Мөн хоёрдугаар цахилгаан станцад паркет хийх үйлдвэр ашиглалтад орно гэх мэтчлэн нүүрсний хэрэглээ өсч байна. Нөгөөтэйгүүр, гэр хорооллынхныг хямд нүүрсээр хангах хөтөлбөрийн хүрээнд хэрэглээ нь энэ жилийнхээс өссөн. Энэ мэт хэрэглээ нэмэгдэхээр бидэнд дөрвөн сая 200 мянган тонн нүүрс авна гэж ирсэн хэрэг.

-Өсөн нэмэгдэж буй хэрэглээг Багануурын уурхай цаашид найд­вартай хангах боломжтой юу?
-Багануурын уурхай хэтдээ хан­гах боломжгүй. Яагаад гэвэл, тех­никийн хүчин чадал нь үсрээд л гур­ван сая 600 мянга. Тэрнээс цааш хангах боломж тааруухан. Тэгэхээр бидэнд яаралтай техник технологийн шинэчлэл хийх, нэмэх шаардлагатай байна.

-Дамбапэлжээ даргыг байхад техникийн шинэчлэл бүрэн хийгээгүйгээс хөрс хуулалт хоц­рогдолтой байна гэж ярьж байсан. Томилогдоод удаагүй таны хувьд энэ талаар ямар ажил хийхээр төлөвлөв, ямар ажил хийсэн бэ?
-Бид компанийнхаа дунд, урт хугацааны төлөвлөгөөг гаргаж батал­лаа. Ер нь, хөрс хуулалтын ажил нэлээн хэдэн жилийн өм­нөөс л хоцрогдол нь эхэлсэн. Өнөөдөр 12 сая 900 мянган метр куб хөрс хоцорчихоод явж байна. Үүнийг арилгахад нэлээн хүнд, хугацаа шаардана, техник тоног төхөөрөмжөө нэмэх хэрэгтэй болно. Энэ байдлыг арилгахаас өөр аргагүй. Яагаад гэвэл, Багануурт олон төсөл яригдаж байна. Цахилгаан станц барих асуудал яригдаж байна. Хөрс хуулалтын хоцрогдлоо арилгасны дараа төслийн хүрээнд яригдсан түүхий эдийн үйлдвэрээ баривал энэ асуудал шийдэгдэнэ. Тиймээс Багануурын уурхайд хугацаа алдаж болохгүй цаг үед ирчихээд байна.

-Ер нь, нүүрсний зах зээлийн дийлэнхийг танай уурхай хангадаг байх аа?
-Багануурын уурхай төвийн бү­сийн нүүрсний хэрэгцээний 60 га­руй хувийг хангадаг. Хэрэглээ бол жил ирэх тусам нэмэгдэж байна шүү дээ.

-Нүүрсний нөөц хэр байна?
-1978 онд нүүрсний нөөцийг 600 сая метр куб гэж тогтоосон. Тэрнээс 100 гаруй сая нь гарчихаад байна. 1988 оны хайгуулаар 700 сая гэсэн. Гэвч батлагдаагүй болохоор нийтэд мэдээлэх албан ёсны тоо биш. Одоо 500 сая тонн нүүрсний нөөц байна.

-Сүүлийн үед нүүрснээс шингэн түлш гаргая, коксжуулъя. Тэр чиглэлийн үйлдвэрийг байгуулъя гэдэг болж?
-Манайх коксжих биш хүрэн нүүрс. Хүрэн нүүрсийг ашигтай ашиглах хувилбар бий л дээ. Нүүр­сийг шингэрүүлээд шингэн түлш, хий гаргаж авч болно. Мөн уур­хайн хажууд станц бариад Улаан­баатарчуудыг эрчим хүчээр хангаж болж байна. Энэ бүх хөтөл­бөр хэрэгжихээр Багануурын уурхай ашиг­тай ажиллаад ирнэ л дээ. Тэр болтол уурхайн нөхцөл байдал хүнд байгаа ч нөөц боломжоороо ажиллаж байна.

-Энэ талын судалгаа, ТЭЗҮ хийж байгаа юу?
-Янз бүрийн төсөл яригдаж л байгаа. Компаниуд ярьж байна, төсөл хөтөлбөрөө танилцуулсан. Хийжүүлэх асуудлыг УИХ-ын дарга саяхан энэ чиглэлийн группийг дагуулан АНУ явахдаа судлаад ирсэн гэсэн. Тэд  хүрэн нүүрсийг хийжүүлье гэж саналаа удахгүй тавих байлгүй дээ. Хүрэн нүүрс дэлхийн зах зээлд үнэ багатай учраас хийжүүлбэл олох ашиг нь нэмэгдэх талтай.

-Технологийн парк байгуулна гэж ярьж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Үйлдвэр технологийн парк байгуулах Засгийн газрын тогтоол байдаг юм билээ. Тэр  бол их зөв. Одоо Багануур дүүрэг өргөжин тэлж, янз бүрийн үйлдвэр, аж ахуйн нэгж, газрууд ажиллаж байна. Цаашдаа ч нэмэгдэнэ. Иймд бүгдийг нь нэгтгээд нэг удирдлагатай болгон зохион байгуулалтад оруулах юм. Энэ нь, Багануур дүүргийн хөгжилд хэрэгтэй. Нүүрс хийжүүлэх хими, технологийн парк байгуулахаар болж ҮХААЯ-наас тусгай зөвшөөрөл нь гарсан. Одоогийн байдлаар бусад компанитай нийлээд үйлдвэрлэлийн паркийн захиргаа байгуулах саналаа тавьчихсан. Компаниудаас санал ирж байгаа. Захиргаагаа байгуулчихвал тэгээд явна даа.

-Уурхайн төрийн мэдлийн 51 хувийг нь багасгана гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Одоо манай компанийн 75 хувийг төр эзэмшдэг юм. 21 хувийг нь АНУ-ын нэгэн компани, дөрвөн хувийг нь жижиг хувийн компаниуд эзэмшдэг. Тэгэхээр ерөнхийдөө санхүүгийн энэ хүнд байдлаас гарахын тулд нэмэлт хувьцаа гаргах шийд дээрээс өгсөн л дөө. Хувьцаа гаргахгүй бол зээлээр явбал санхүү улам хүндэрнэ. Тиймээс учраас нэмэлт хувьцаа гаргаад явбал яасан юм бэ гээд саналаа холбогдох яам, газруудын удирдлагатай саналаа солилцсон. Удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх байх. Дэмжигдвэл хувьцаа гаргана. Ингэвэл нөгөө 75-аасаа 24 хувийг нь нэмэлт хувьцаа хэлбэрээр гаргаад төрд 21 хувийг нь үлдээх юм. Хувьцаанаас олсон мөнгөө уурхайгаа санхүүжүүлж, хүнд байдлаас гаргах төлөвлөгөөтэй.

-Зээл тийм их авдаг хэрэг үү?
-Дэлхийн банк, Японы Засгийн газраас авсан зээл л дээ. Тэр  зээл төлөгддөггүй. Алдагдалтай ажиллаж байсан болохоор төлж чадахгүй явсаад байгаад...

-Хэдэн онд авсан зээлээ өнөөг хүр­­тэл төлөөгүй явж байсан юм бэ?
-1998 онд авсан юм. Ерөөсөө төлөөгүй биш хүүгээ бол төлөөд явж байсан. Миний мэдэхийн 20 гаруй тэрбум төгрөгийг нь төлсөн явж байгаа юм билээ. Хэчнээн урт хугацааных ч гэлээ хүүтэй болохоор байгууллагын санхүүд сайн нөлөө үзүүлэхгүй байна. Байнгын өрийн дарамттай байна гэдэг хэцүү.

-Тийм юм билээ. “Вагнер Ази” компаниас дөрвөн дугуй зээлээр авч байгаа гэхээр?
-Уурхайд ихэвчлэн хүнд машин механизм ашигладаг болохоор дугуй нь их үнэтэй. Үнээ дагаад чанартай. Хүнд машин механизм маань 100-130 мянган километр явдаг. Өөр  дугуй тэгж явахгүй. Тэгэхээр үнэтэй ч гэсэн авахаас өөр аргагүй. Чанартай дугуй авахгүй бол хямд, эдэлгээ муутайг нь авахаар байн байн солих болно. Хоёрт, уурхайн хэрэглэж буй машин тоног төхөөрөмж үнэтэй техник. Эвдрэл гарвал яана.  Бараг 150 тонн учраас хүний амь нас эрсэдвэл яах вэ. Уурхайн зам чинь уруу, нүх сүв ч байна. Тиймээс муу дугуй авбал машин техник эвдэрнэ, хүний амь нас хохирох учраас чанартайг нь тавихаас өөр аргагүй. Манайх дугуйныхаа тендерийг зарласан байгаа. Тэр компаниуд үнээрээ өрсөлдөхөөр бага үнэ санал болгосон, чанартайг нь сонгоно. Тэр болтол машинаа сул зогсоож болохгүй байна. Уурхайн хамгийн чухал улирал эхэлсэн учраас Вагнер Азитай гэрээ хийгээд зээлээр дугуй авахаар ярилцсан. Одоо манай 90 тоннын гурван машин дугуйгүй зогсч байна шүү дээ. Хайран машинууд хаврын хөрс хуулалтын ажил ид явж байхад дугуйгүй зогсч байна гэдэг харамсалтай. Дугуй авъя гэхээр төлбөр нэхэгдээд, төлбөрийг нь өгье гэхээр станцаас авлагаа авах ёстой. Станцууд яагаад мөнгөгүй байна вэ гэхээр Эрдэнэт мөнгөгүй. Эрдэнэт мөнгөгүй байхаар станцууд авлагаа өгдөггүй, тэд өгөхгүй бол бид мөнгөгүй гээд суучихдаг. Нэг ёсондоо, дээс томж ахыгаа аваръя гэдэг үлгэр шиг л байна даа.

-Харилцан хамааралтай хэцүү юм аа?
-Харин тийм. Нэг салбарын аж ахуйн нэгжүүд харилцан хамааралтай байлгүй яахав. Дээр нь, өр, авлагын сүлжээнд орчихсон.

-Уурхай бол улсын онцгой объект. Тиймээс ажлын хариуцлага маш өндөр байх ёстой. Яагаад ийм асуулт асууж байна вэ гэхээр сүүлийн үед аль ч салбарт ажлын хариуцлага гээчийг умартаад байна л даа?
-Ер нь, уурхай хагас цэргийн зохион байгуулалттай газар. Нэлээн өндөр хариуцлага шаарддаг объект. Компанийн удирдлагын зүгээс хөдөлмөр, эрүүл ахуйтай холбоотой хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа. Хэдий тогтмол хийдэг ч хувь хүний хариуцлагагүй байдлаас осол эндэгдэл гарч байна. Сүүлд гарсан хоёр осол дандаа хувь хүний хариуцлагагүй байдалтай холбоотой. Тийм учраас хувь хүний хариуцлага, сахилга бат сайн байхгүй бол хэцүү. Өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж осол гараад байна. Манайх хяналт шалгалтыг маш сайн явуулдаг. Одоо эхний улирал гэхэд таван удаа хийчихээд байна.

-Техник технологийн шинэчлэл хэр хийв. Бас л хэцүү байна уу?
-Хэцүү байна. Үнэхээр техник технологийн шинэчлэл хийе гэхээр санхүүгийн байдлаасаа хамаарна.

-Хэдэн хувь нь хуучин ЗХУ-ынх юм бэ?
-Ер нь, манай техник технологийн насжилт бүр хугацаанаасаа хэтрээд явчихсан. Эксковатор гэхэд 22-32 жилийн настай. Уг нь, 15 жил болоод акталдаг байтал ажиллуулсаар бай­на. Белаз, самосвол бас адилхан. Тэгэхээр техникүүд өндөр наслалттай болчихоор бэлэн байдал гэж ярихын аргагүй болчихож байна л даа. Байнга янз бүрийн юм хэлээд зогсчихдог. Тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой уурхайд маш хүндрэлтэй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хөөцөлдөж хэдэн машин худалдан авах нөхцөлтэйгөөр авсан. Тэр маань энэ өвлийг ажрахгүй давахад аминд орлоо. Тэгээгүй бол Улаанбаатар хотыг нүүрсээр хангах ажил­лагаа хүнд байсан. Бидний ажилд их нэмэр болсон. Одоо ахиад Хөгжлийн банкны зээлээр дөрвөн машин авах гэж байна. Цаашдаа нэмэлт хувьцаа гаргаад санхүүгийн асуудлаа шийдэхгүй бол зээлээр явахад хүндрэлтэй л дээ. Яагаад гэвэл, өөрийнхөө дагавар бүтээгдэхүүнийг борлуулна, дээрээс нь урт хугацааны зээлийн өртэй. Гэхдээ нүүрсний үнийг өөрчилчихвөл Багануурын уурхай өөрийгөө санхүүжүүлээд явах боломж бий л дээ.

-Өнөөдөр аль ч салбарт боловсон хүний асуудал их хөндөгдөх боллоо. Ажил олгогчийн шаардлага хангадаггүй эсвэл цалин хөлсөө голдгоос ажлын байрууд эзэнгүйдэж байна. Станцуудын удирдлагатай уулзахад чадвартай мэргэжилтнүүдийг нь өндөр цалингаар томоохон уурхайнууд түүгээд эхэлсэн гэж байсан?
-Хүн цалингийн төлөө ажиллаж байгаа юм чинь аргагүй л дээ. Манай уурхайн зарим мэргэжилтнийг бусад хувийн компани өндөр цалингаар татсан асуудал бий. Ер нь, уурхайд цахилгааны, технологийн инженерүүд маш ховордсон. Хамгийн сайн, чадвартай мэргэжилтний амьдралыг нь судалж байгаад өндөр цалин амлан авдаг. Манай уурхайн үндсэн цалин 900 мянга байсан бол өнгөрсөн онд сая 300 мянга болголоо. Гэсэн ч өндөр цалин амлаад байгаа компаниудын хэмжээнд хүрэхгүй л байна. Тэнд чинь 14 хоног ажиллаад, 14 хоног гэртээ амардаг. Тэгэхээр хувийнхаа ажлыг амжуулах боломжтой боло­хоор тухайн хүнд ашигтай байна. Дээрээс нь, цалин өндөр. Ажилчдаа алдахгүйн тулд цалингаа нэмэх хэрэгтэй, нийг­мийн асуудлыг нь шийдэх ёстой. Багануурт юу л байна газар байна. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд орон сууц барих, хөнгөлөлттэй зээлд хамруулах гэх мэтийн асуудлыг эхний ээлжинд шийдэх хэрэгтэй байгаа. Хоёрт нь, цалингаа нэмэхгүй бол үнэхээр ажил­чид тогтвор суурьшилтай ажиллах нь бэрх. Одоо манайх 1100 гаруй ажилчинтай.

-Маркетингаа сайжруулъя. Ялан­­гуяа, нүүрсний борлуулалтад авлига, хээл хахуулийг өөг­шүүлж байна гэж Багануурын уурхайтай холбоотой гомдол Засгийн газрын 1111 утсанд олон ирсэн байна гэсэн?
-Яахав дээ. Багануурын уурхай нэгд, хоттой ойрхон.  Хоёрт, нүүрс нь хямд. Тийм учраас иргэд, аж ахуйн нэгж  авах гэж их ирж байна. Вагоны хүрэлцээгүйгээс зарим аж ахуйн нэгж машинаар нүүрсээ татдаг. Иргэд ч мөн ялгаагүй. Тэгээд л өвөл уурхайн гадаа машин их дугаарлана даа. Дугаарласан машинууд өвлийн хүйтэнд яаж ийж байгаад хурдхан нүүрсээ авахыг бодно. Урдуур нь оочергүй орчих санаатай мөнгө төгрөг ч амладаг бололтой. Орсон хойно эксковаторчинд мөнгө өгч гайгүй нүүрс ачуулах гэх мэт асуудал гардаг юм билээ. Үүнийг бид таслан зогсоохгүй бол болохгүй. Уурхайн зүгээс энэ жил нэвтрэлтээ өөрчлөхгүй бол 20 тоннын пүүтэй, түүнээс дээшхийг жигнэж чаддаггүй. 25-аас дээш тоннынхыг жигнэж чадахгүй байхад энд чинь 100 гаруй тоннын жинтэй машин явахаар баримжаагаар гарах жишээтэй. Ганц пүүтэй болохоор машин их дугаарлан зогсдог, цаг алддаг. Энэ жил 100 тоннын пүү нэмж тавъя гэж байна. Ингэж хоёр гаргалттай болгохгүй бол гадаа 500 машин дугаарлаад зогсчихоор жолооч нар бухимдан гомдол гаргадаг. Хоёр гаргалттай болгоод пүүгээ нэмэхээр зардал тооцоо ямар байх уу гээд судалгаа гаргаад сууж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан