Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Цогоо: Төрийн албан хаагчийн тоо өнгөрсөн оныхоос 1000 гаруй хүнээр нэмэгдсэн


Төрийн албанд хууль бус халаа, сэлгээ их хийж байна гэж сөрөг хүчнийхэн эрх баригчдыг шүүмжилж байгаа. Тэгвэл Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиас хойш 67 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүний ердөө наймд л төрийн албанаас халагдсан тухай дурджээ.
Ингээд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоотой ярилцсанаа хүргэе.


-Таныг Төрийн албаны зөвлөлийн даргын ажилд томилсноос хойш дөрвөн сар орчим хугацаа өнгөрлөө. Энэ ажлыг аваад хамгийн түрүүнд ямар ажил хийж хэрэгжүүлэв?
-Ажлын албаны үйл ажиллагаа, 2012 оны төлөвлөгөө, биелэлт, ажлын явц, үр дүнтэй танилцахаас л ажлаа эхэлсэн дээ. Хамгийн түрүүнд төрийн албаны түр томилгоонуудыг цэгцлэхэд онцгой анхаарлаа. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Засгийн газрын захиалгаар өнгөрсөн хугацаанд 16 яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга ирүүлснийг нийтэд нээлттэй зарлаад, 21 хоногийн дараа бүртгэл явуулсан. Ингээд сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар нэг яамны Төрийн нарийн бичгийн даргаас бусдыг нь Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт саналын дагуу томилсон. 11 агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг мөн Засгийн газрын захиалгаар явууллаа.  Өнөөдрийн байдлаар 10 агентлагийн даргыг жинхэлсэн. Нэг агентлагийн даргын асуудлыг хуулийн дагуу хойшлуулах шийдвэрийг Төрийн албаны зөвлөл гаргасан юм. Одоо долоон агентлагийн даргын сонгон шалгаруулалт үлдсэн. Засгийн газраас захиалга, ажлын байрны тодорхойлолт нь ирээгүй байна. Удахгүй ирэх байх.

-Тэгэхээр төрийн захир­гааны төв байгууллагуудын удирдах ажилтны томилгоо цэгцэрсэн гэж ойлгож болох уу?
-Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт болсон.  Ийнхүү тө­­рийн захиргааны төв бай­­гууллагуудын удирдах ажилтнуудын томилгоо үнд­сэн­дээ цэгцэрч байна. Удир­дах албан тушаалтны сон­гон шалгаруулалтаас эхэл­сэн энэ ажлыг салбар зөвлөлүүдээр дамжуулан үргэлжүүлж төрийн байгуул­лагад ажилд орох, гарах явцыг бүхэлд нь цэгцэлнэ. Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг одоо­гоор Төрийн албаны зөвлөл хийхгүй байгаа. Ийм ч хуулийн зохицуулалттай.  Сонгон шалгаруулалт бол бидний ажлын зөвхөн нэг хэсэг нь. Төрийн албыг бэхжүүлэх, хөгжүүлэх бодлогын шинэч­лэлийн шинжтэй хэд хэдэн ажил эхлүүлээд байна.

-Хамгийн сүүлд зарласан сонгон шалгаруулалтынхаа та­лаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хамгийн сүүлд, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөх нээлттэй сонгон шалгаруулалт явуулаад дуусч байна. Шалгаруулалтад оролцогчид энэ сарын 5-нд сорил, тестийн шалгалтаа өгсөн бол өнөөдөр /өчигдөр/ тэднээс гадаад хэлний мэдлэгийн төвшин тогтоох шалгалт авсан. Ер нь, аль байгууллагын, ямар албан тушаалд сонгон шалгаруулалт зарлав, ямар шаардлага хангасан байх ёстой, хэзээ бүртгэх, шалгалтыг хаана, хэдийд, хэдэн цагт авах, хэн хэн бүртгүүлсэн, шалгалтад орсон эсэх, хэдэн оноо авсан, хэн хамгийн өндөр оноо авч, ажилд томилогдох эрхтэй болов гэх мэт бүх мэдээлэл манай байгууллагын csc.gov.mn вэб сайтад нээлттэй, ил тод байдаг шүү дээ.  Мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод болгосон нь миний энэ албанд томилогдож ирээд хамгийн түрүүнд хийсэн ажлын нэг гэж хэлж болно. Одоо сурвалжлагч та нар мэдээлэл авъя гээд гүйгээд байх шаардлагагүй болсон. Бүх мэдлээллийг манайх сайтдаа байрлуулдаг. Та бүхэн энэ сайтаар тогтмол орж, мэдээлэл авч сонин хэвлэлдээ нийтэлж байгаарай. Сонгон шалгаруулалтад оролцсон бүх хүний нэр, авсан оноотойгоо байгаа шүү. 

-Төрийн албаны зөвлөл өнгөрсөн 2012 онд хийсэн, хэрэгжүүлсэн ажлаа дүг­нэсэн байх. Өнгөрсөн жил энэ албанд ажлаас хууль бусаар халагдсан гэх гомдол хэр олон ирсэн юм бол. Бүрэлдэхүүн хөдөлгөөний нэгдсэн дүн яаж гарсан нь анхаарал татаж байна?
-Төрийн албаны зөвлөл 2012 онд хийсэн ажлын тайлангаа гаргасан. Манай байгууллага ажлаа УИХ-д тайлагнадаг. УИХ хэлэлцэх үед дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Үйл ажиллагааны тайлантай хамт төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний статистик, тоо мэдээ гарсан. Үүнийгээ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байгаа.

Статистик мэдээнээс үзэхэд 2013 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улс нийт 162,769 албан хаагчтай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1000 гаруй хүнээр нэмэгджээ. Энэ талаархи дэлгэрэнгүй тоо, мэдээг манайх вэб сайтдаа тун удахгүй тавина. Гомдол маргааны тухайд өнгөрсөн 2012 онд Төрийн албаны зөвлөлд 196 өргөдөл, гомдол ирсэн бүртгэл байна. Түүн дотор ажлаасаа хууль бусаар халагдлаа гэсэн өргөдөл дөрөвний нэгээс нэг их хэтрэхгүй тоотой юм билээ. Тухай бүрт нь хариу өгдөг. Зарим иргэн асуудлаа шууд Захиргааны шүүхээр ший­дүүлэх явдал ч бий. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл авч хэлэлцэхгүй байх хуу­лийн зохицуулалттай юм л даа.

-Төрийн албаны зөв­лөлийн дарга асан Д.Зүмбэ­рэллхам өөрийн хүсэлтээр ажлаа өгөхдөө “Сонгууль болгоны дараа төрийн албыг тэмээ туйлаад өнгөрсөн юм шиг болгодог. Цаашид энэ байдлыг зогсоохгүй бол Монгол Улс хөгжихгүй” гэж хэлсэн. Тэгээд ч сонгууль болгоны дараа ялалт байгуулсан улс төрийн хү­ч­ин төрийн албанд халаа сэлгээ хийх нь ч энгийн үзэгдэл болсон. 2012 оны ээлжит сонгуулиас хойш төрийн албанаас халагдсан тухай өргөдөл гаргах хүний тоо нэмэгдсэн үү?
-За даа. Энэ бол тэр хүний л хэлсэн үг. Хүний үгэнд би тайлбар өгөх нь зохимжгүй. Ер нь, төрийн алба улс төрөөс хамааралтай байж болохгүй гэдэгтэй санал нийлнэ.  
Аливаа сонгуулийн дараа төрийн албанд тодорхой хэмжээний өөрчлөлт, сэлгээ хийдэг. Харин тэр нь хууль, журамд нийцэж байна уу гэдэг нь өөр асуудал. Өнгөрсөн жи­лүүдэд сонгуулийн да­раа төрийн алба нэлээд савлагаатай явж ирснийг хүн бүр мэднэ. Энэ удаа ч бас тэр дутагдлаас ангид байж чадаагүй гэж бодож байна. Төрийн албаны зөвлөл цаашдаа энэ байдлыг халж, хэвийн гольдиролд нь оруулах, төрийн албыг тогтвортой, чадвартай болгохын төлөө ажиллаж байна. Их ч зүйл хийх шаардлагатай байна. Өргөдөл, гомдлын тухай өмнө нь хэлсэн шүү дээ. 2012 оны сонгуулиас хойш буюу өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хойш Төрийн албаны зөвлөлд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол 67 байгаа юм. Энэ дотор ажлаас халагдсан тухай гомдол ердөө найм л байна.

Сонгуулийн дараа гарч байгаа энэ асуудал бол ерөөсөө л хууль дээдлэх асуудалтай холбоотой. Хуулиа чанд баримталдаг, хуулийг дээдэлж ажилладаг, хуулийн шаардлагыг чин шударгаар биелүүлдэг бол ийм асуудал гарахгүй. Харамсалтай нь, зарим үед хууль хэрэг­жүүлэхгүй байгаагаас үүдээд л ийм гомдол, маргаан гарч байгаа.

-Таныг дарга болсноос хойш ажлаас хууль бусаар халлаа гэсэн гомдол хэр олон ирсэн бэ. Хамгийн сүүлд, ОБЕГ-ын дарга Дуламдорж хууль бус томилгоо хийсэн талаар зарим албан хаагч Төрийн албаны зөвлөлд хандсан гэсэн?
-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлд 60 гаруй өргөдөл гомдол иржээ. Сахилгын шийтгэл ногдуулсан тухай, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харил­цаатай холбоотой өргөдөл, гомдол голлож байна.

ОБЕГ-т халаа сэлгээ хавтгайрч байна. Энэ газарт Салбар зөвлөлийн үйл ажиллагаа, дуу хоолой алга гэсэн гомдол ирсэн. ОБЕГ-ын хувьд онцлогтой. Нэгдүгээрт, энэ бол тусгай чиг үүргийн байгууллага. Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлтэй байгууллага. Салбар зөвлөл нь онцгой байдлын салбарт ажиллах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж авдаг журамтай. Энэ журмынхаа дагуу өөрс­дөө энэ үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Эдний сонгон шалгаруулалтад нь Төрийн албаны зөвлөл шууд оролцдоггүй. Салбар зөв­лөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг тул эхлээд асуудал нь Салбар зөвлөлийн хүрээнд шийдэгдэх учиртай. Ер нь, Засгийн газраас Ажлын хэсэг гарч халаа сэлгээтэй холбоотой маргааны асуудлаар зарим агентлагт тухайлбал, АМГ, МХГ-т хяналт шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд шалгах байх гээд Засгийн газарт энэ асуудлыг шилжүүлсэн.

-Төрийн албаны зөвлөлөөс тухайн хүнийг ажлаас хууль бусаар халсан байна гэдэг. Буцаагаад ажилд авах тухай дүг­нэлт гаргадаг ч үүнийг хэрэг­жүүлдэг байгууллага цөөн. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас ха­лах, чөлөөлөх үндэслэлийг зохицуулсан байдаг. Хуульд заасан үндэслэлээс өөр тохиолдолд төрийн албан хаагчийг халж, чөлөөлж болохгүй гэсэн эрх зүйн хамгаалалт юм л даа. Иймд тухайн ажилтныг халах, чөлөөлөх асуудлыг хуульд зааснаас өөрөөр хууль зөрчин шийдвэрлэсэн  тохиолдолд Төрийн албаны зөвлөлд тухайн албан хаагч гомдол гаргах эрхтэй. Түүнийг нь Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх үүрэгтэй. Өмнөх онуудад гомдол гаргасан иргэдийн дийлэнхийг нь хууль бус үндэслэлээр халсан, чөлөөлсөн гэсэн дүгнэлт гарч, гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангах арга хэмжээ авч ирсэн. Гэвч Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн аль ч тал нь шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсан байдаг. Тө­рийн албаны зөвлөлөөс гар­­гасан шийдвэрийг хол­бог­­дох албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Гэвч за­рим тохиолдолд гомдол гар­гагч Захиргааны хэргийн шүүхэд хандаж, цаашилбал гур­ван шатны шүүхээр мар­гаанаа үргэлжлүүлэн хянуу­­лах асуудал гардаг. Харин шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол биелүүлэх учир­тай. Бид цаашид гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх талд хатуу байр суурь баримталж ажиллах бодолтой байна.

-Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч улс төрийн намын харьяалалгүй байх ёстой. Гэтэл төрийн албан хаагчид энэ хуулийг хэрэгжүүлдэггүйгээс сон­гууль болгоны дараа хөдөл­гөөнд орж, халаа сэлгээ хийхэд хүргэдэг гэж шүүмжлэх хүн бий. Өөрөөр хэлбэл, АН-ыг засаг барихад төрийн албанд ажиллаж байсан МАН-ын гишүүд гудамжинд гарч, МАН-ыг засаг барьсан он жилүүдэд АН-ынхан “лааз өшиглөдөг” жишиг тогтсон тухай чуулганы хуралдааны танхимд шүүмжлэл гарч байсан шүү дээ. Энэ тухайд?
-2008 оны тавдугаар сарын 6-нд УИХ-аас Төрийн албаны тухай хуульд улс төрөөс ангид, мэдлэг чадварт суурилсан төрийн албыг бий болгох чиглэлээр тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан байдаг. Тухайлбал, улс төрийнхөөс бусад ангиллын төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй байлгах, эдгээр албан хаагч улс төрийн аливаа үйл ажиллагаанд орол­цохгүй байх, аль ч улс тө­рийн албан тушаалтан өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх баталгаагаар ханган, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид байлгах, хамгаалах, улмаар мэргэшсэн тогтвортой төрийн албыг бэхжүүлэх томоохон зарчмын өөрчлөлтүүд оруулсан. Гэсэн ч Засгийн газар бүтцээ ту­хай бүр өөрчлөх эрх зүйн зохицуулалт үйлчилж байгаа тул яам, агентлагийн бүтэц  бүрэл­дэхүүний өөрчлөлт сонгууль болгоны дараа хөндөгдөж байна. Тухайлбал, 2008 онд МАН /МАХН/ болон АН-ын эвслийн Засгийн газар 13 яамыг 11, 31 агентлагийг 43 болгон өөрчилсөн. Гэтэл одоо­гийн Засгийн газар 11 яамыг 16, 43 агентлагийг 28 болгон өөрчлөөд байна. Ингэж сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрууд төрийн захиргааны бүтцийг өөрчлөөд байх нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хадгалахад сөргөөр нөлөөлж байгаа тал бий. Тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх үүднээс тө­рийн захиргааны төв бай­гуул­лагуудын үйл ажиллагааны чиг үүрэгт нарийвчилсан шин­жилгээ хийх бодолтой байгаа. Энэ бол нэлээд хүч, хөрөнгө, цаг хугацаа шаардсан нүсэр ажил. 

-Төрийн албаны зөв­лөлийн бие даасан хараат бус байдлыг хангахад төр засгийн зүгээс цаашид ямар бодлого барих ёстой вэ?
-Төр засгаас төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах бололцоог хангах үүднээс эрх зүйн зохицуулалтыг хангалттай хийсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хуульчлаад өгчихсөн, хуулиа хэрэгжүүлж чадах л юм бол ямар нэг маргаан гарахгүй байх боломжтой. Нөгөө талаар Төрийн албаны зөвлөл бол захиалга ирүүлсэн байгууллагуудаас төрийн алба­ны удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилох ажилтны ажлын байрны тодорхойлолтыг аваад, түүнд нь үндэслэж сонгон шалгаруулалт явуулах, нэр дэвшүүлдэг. Төрийн алба­ны зөвлөл тухайн албан тушаалд тавигдах шаард­лагыг баталдаггүй. Ерөн­хийд нь мэргэшил, арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг. Үүнд л голлож ажиллаж байгаа. Хараат бус байдал алдагдаж байна гэдэгт олон нийтийн зүгээс тодорхой нэг хүнд тааруулсан ажлын байр зарлаж байна гэсэн шүүмжлэл гардаг.
Энд нэг л зүйлийг хэлэх хэрэгтэй. Ажлын байрны тодор­хойлолтыг хуульд заас­ны дагуу захиалагч гаргадаг. Бид гаргадаггүй. Ийм шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулаад өгөөч ээ гэсэн захиалгын дагуу шал­гаруулалт явуулдаг юм. Төрийн албаны зөвлөл ажлын байрны тодорхойлолттой холбог­дуу­лан саналаа илэрхийлж, та­вих шаардлагаа чангаруулж байгаа.

-Ингэхэд сонгон шал­га­руулалтыг ямар үе шат­тай явуулдаг юм бэ. Сон­гон шалгаруулалт хэр өр­­­сөл­дөөнтэй болж байна вэ?
-Сонгон шалгаруулалт үндсэндээ таван үе шаттай явагддаг. Ихэнх үе шат нь цахим хэлбэрээр нээлттэй ил явагддаг болсон. Сорил, тестийн болон бичгийн шалгалтын асуултыг нь цахим хэлбэрээр авдаг. Ярилцлагын асуулт оноодог зарчим нь мөн цахим хэлбэртэй. Энд нэг зүйлийг хэлэхэд, сүүлийн үед явуулсан сонгон шалгаруулалтад орж байгаа хүмүүсээс түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүс өндөр оноо авч байгаа нь анзаарагдсан. Энэ хүмүүс сайн бэлдсэн байсан.  Тэднийг өндөр оноо авахаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан манай бай­гууллагыг хараат байдлаар эсвэл захиалгаар ажиллалаа гэж хардах юм. Нөгөө талаар сонгон шалгаруулалтын өр­сөл­­дөөн их бага байна. Сонгон шалгаруулалт зарлаад 21 хоног өнгөрчихөөд бай­хад хүмүүс тэр бүр ирж бүртгүүлдэггүй. Тухайлбал, саяхан болж өнгөрсөн удир­дах ажилтнуудын сонгон шалгаруулалтад Иргэний нисэ­хийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад оролцогсдыг эс  тооцвол бусад албан тушаалд дунджаар хоёр хүн л бүртгүүлсэн. Хамгийн дээд тал нь  есөн хүн бүртгүүлж байх жишээтэй. Иймээс олон нийт, иргэдээс өөрсдөөс нь шалтгаалаад байгаа тал бий. Бид олон хүн бүртгүүлж, өрсөл­дөөнтэй байлгахыг эрмэлздэг.

-Төрийн албыг нийтийн алба болгох тухай ярих боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн албаны зөвлөл бол тогтоосон хууль, тодорхойлсон бодлогын хүрээнд түүний хэрэгжилтийг төрийн албаны хэмжээнд зохион байгуулж, хянаж стандарт мөрдүүлж, ажиллах үүрэгтэй байгууллага. Энэ чиглэлээр бидэнд хийх ажил их байна. Энэ асуудлыг судалж байгаа.

0 Сэтгэгдэл
TA MEDLEG BOLOBSOROLTOI UCHAARAAS ZORIGTOI SAIN AJILNA UU.
Хамгийн их уншсан