Хойд Солонгосын тал шаардлагатай гэж үзсэн, дуртай өдрөө цөмийн зэвсгийн ээлжит туршилт хийхэд бэлэн гэсэн мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар Өмнөд Солонгосын "Чунан Ильбо" сонин мэдээлэв. Тус сонинд нэрээ хэлэлгүйгээр мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлж байгаагаар Америк ба Өмнөд Солонгосын тусгай албад цөмийн туршилт хийдэг газар өндөр идэвх ажиглагдаж байгааг үнэхээр туршил хийх гэж байна уу эсвэл Сөүл, Вашингтонд үзүүлж байгаа ээлжит дарамт уу, үгүй юу гэдгийг нарийвчлан шалгаж байгаа аж.
Олон улсын хэдэн зуун сая хүний ирээдүйтэй холбоотой ээдрээтэй асуудал болохоор галын шугам дээр байгаа цэрэг, офицеруудын сэтгэхэүйд асар их ачаалал ирнэ. Ямар нэг офицер эсвэл байлдагчийн мэдрэлийн ачаалал хэрээс хэтрээд гар буугаар ганц удаа буудчихсан байхад л наандаж хоёр Солонгосыг хамарсан цус асгаруулсан цөөн өдрийн зэвсэгт мөргөлдөөн, цаандаж бүс нутгийг хамарсан хоёр гурван сарын тулаан, битгий болоосой гэж хүн болгоны залбирч байгаа. Хамгийн олон тооны цөмийн зэвсэгтэй АНУ, ОХУ, БНХАУ-ыг хамарсан дэлхийн гуравдугаар дайн дэгдэж магадгүй гэх боллоо. Ийм нөхцөлд мэдээлэл, суртал ухуулгын ач холбогдол асар өндөр болж ирэх нь гарцаагүй. Хойд тал хэдий чинээ олон хүн, олон орныг хамарсан сүр дуулиан их тарих тусам Өмнөдүүд ба АНУ-ыг айлгаж, бага ч атугай чимхэх зорилго нь биелж байгаа хэрэг. Өмнөдийн тал ба АНУ нь нэг их сүр дуулиан болголгүйгээр энэ асуудлыг тэгэс хийгээд намжаахыг юу юунаас илүү хүсч байгаа.
Гэхдээ энэ бүх дуулианаас унах бүх давуу тал, ашиг нь нэг улсад унаад байгааг ээдрээд оролцогч талууд гадарлаж баймаар. Ийм байтал Өмнөд Солонгос ба Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын тусгай албад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ бүхнийг сайн ухааралгүйгээр Ким овогтны талд ажиллаад байгаа нь харагдаж байна. Жишээлэхэд, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Жан Сү нь Хойд Сологосыг цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай баллистик пуужинг өнөөдөр харваж тун магадгүй байна гэсэн мэдэгдэл хийсэн байх юм. Ийм мэдэгдэл түгшүүрийг намжаах нь юу л бол. Үүний дээр энэ Ким Жан Сү нь “Одоогоор бүрэн хэмжээний дайн болно гэсэн шинж тэмдэг байхгүй ч Хойд Солонгос нь бүс нутгийг хамарсан дайны үед хариу үйлчлэлийн аргад өртөнө гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэжээ. Нэг нь булчингаа харуулах замаар солгой хоолойгоор гоцлон дуулаад оргил цэгтээ хүрч, дээд нотоо аваад байтал нөгөөх нь яг адилхан арга хэмжээ авч, асуудлыг улам даамжраах, хурцдуулах замаар орж байгаагийн жишээ бол энэ мэдэгдэл юм.
Хойд Солонгосын тал харин мэдээллийн энэ дайнд манай сөрөг хүчний хэлэх дуртай үгийг илүү ухаалгаар, илүү бодлоготойгоор ашиглаж байгаагийн жишээ олон байна. Хэлэх дуртай үг нь “ингэхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт” шилжинэ. Хойдууд эхлээд хээрийн сургууль хийнэ гэдгээ мэдэгдэв. Дараа нь хээрийн сургууль хийж байгаа бичлэгийг гадаадуудад харуулав. Дараа нь мэдэгдлийг дотоод зурагтаараа үзүүлэв. Хоёр улсын хооронд 1953 онд байгуулаад байсан гал түр зогсоох гэрээг хүчингүй болгосноо мэдэгдэв.
Ингэснээр хоёр талын хэн дуртай нь нэгэн рүүгээ дайрч болно гээд хүлээсийг нь тайлж байгаа хэрэг. Энэ бүх мэдэгдэл хийх явцдаа Хойд Солонгосын тал нь БНХАУ үгүй байсан бол Өмнөдүүд нь америкчуудтай нийлж байгаад тун ч таагүй байдалд оруулна гэдгийг сайн ухамсарлан ойлгосоор ирсэн, ойлгож ч байгаа. Хятадын тал эрс дургүйцлээ илэрхийлэх хүртэл байдлыг яаж л бол яаж хурцатгаж болно гэсэн үг. Тэгэхээр энэ бүх шоуны эцсийн зорилго нь бүс нутагт “хэн нь нэгдүгээр ах вэ” гэдгийг нь харуулах зорилготой. Ээдрээнээс хамгийн их хожих, жинхэнэ нууц эзэнтэн нь манай урд хөрш юм. Хойдууд л сум алдаад дайн өдөөчихгүй бол ээдрээг дараа жилийн өдийг хүртэл буюу Америк ба Өмнөд Солонгосын ээлжит хээрийн сургууль хүртэл намжааж чадах нөлөөтэй цорын ганц улс нь БНХАУ. Хоёр гурав хоногоос манай урд хөрш гэнэт огцом санаачлага гарган хурцадмал байдлыг намжаах талаар идэвхтэй ажиллан асуудлыг шийдэх байх. Хамгийн гол нь хятадуудын шийдэж байгаа асуудал нь үнэхээр дэлхийг хамарсан, сүр дуулиантай байх ёстой. Ингэж шийдэснээр манай урд хөрш нь бүс нутагт хамгийн нөлөөтэй улс нь хэн бэ гэдгийг газар нутгийн том маргаантай байгаа Өмнөд Солонгос, Япон ба энэ хоёр улсыг дэмжиж байгаа АНУ-д харуулаад авах юм. Энэ бол Японтой ид явуулж байгаа газар нутгийн маргаан ахиад хурцадвал Хойдууд чинь манай тал шүү, бид пуужин харвахгүй байж болох ч Ким дүү харваж магадгүй шүү гээд урьдчилаад “мессэж” илгээж байгаа хэрэг. Хоёрын хооронд их буугаар нэгнээ буудах мэтийн жижиг асуудлаар урд хөрш оролцохгүй. Иймд Хойд Солонгос нь өөрийн нутаг дээр байрладаг ЭСЯ-д, олон улсын байгууллагуудын төлөөлөгчийн газруудын ажилтнуудыг буцаан татах албан ёсны мэдүүлгийг хүргүүлсэнд гайхах зүйлгүй юм.
Мэдээллийн дайны өгөөж хэнд унахыг америкчууд ч ойлгосон бололтой улам хурцадуулахаас зайлсхийж эхэллээ. Жишээлэхэд, АНУ нь энэ сарын эхний арав хоногт хийхээр төлөвлөөд байсан тив алгасан нисэгч “Minuteman III” пуужингийн туршилтаа хойшлуулж байгаагаа тойруу замаар мэдэгдэв. “Ассошейтэд пресс” агентлагт энэ тухай мэдээлэл өгсөн нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгэл нь пуужингийн туршилтыг Хойд Солонгос буруугаар ойлгон тайлбарлаж магадгүй гэсэн үндэслэлээр хойшлуулах тушаал хэдийнэ өгчихсөн байна.
Унах өгөөж ийм байвч ээдрээгээр далимдуулаад АНУ нь байдал эвгүйтвэл хэн ч байсан “үзээд өнгөрнө”, ямар зэвсгээр үзээд яаж өнгөрөх вэ гэдгээ харуулах нэлээд таатай боломж гарсан нь бас гарцаагүй үнэн.
Манай урд хөрш нь жилдээ олон тэрбум ам.доллараар тооцогдох бараа бүтээгдэхүүнийг АНУ-д нийлүүлдэг, Америкийн Засгийн газраас гаргасан зургаан тэрбум орчим бондыг худалдан авсан болохоор гарцаагүй байдалд орохгүй л бол америкчуудтай гар зөрүүлэхийг хүсэхгүй.
Хоёр Солонгосын зөрчилдөөний асуудал дээр хөрш хоёр их гүрэн нь бүр унтраачихалгүй бас хэт асаачихгүйлгээр нүүрсний цог шиг л уугиулаад байх сонирхолтой. Учир нь хоёр Солонгос нэгдвэл дараахи дүр зураг үүснэ. Нэгд, Хойд Солонгосын сая гаруй хүнтэй, бие бүрэлдэхүүний өндөр бэлтгэлтэй арми дээр Өмнөдийн 650 мянган хүнтэй өндөр технологитой арми нийлэхээр бүс нутагтаа бараг л хамгийн хүчирхэг шахуу арми үүснэ. Ингээд ч зогсохгүй хоёр талын пуужинт зэвсэглэлийн технологи асар өндөр хурдтай хөгжих нөхцөл бүрдэнэ. Хойд Солонгносын цөмийн зэвсгийн технологи үүн дээр нэмэгдэнэ. Дээр нь нэгдсэн Солонгосын эдийн засгийн чадвар асар өндөр болох нь гарцаагүй. Энэ бүхний дээр нутаг дэвсгэр дээр нь Америкийн 30 мянган цэрэг бүхий цэргийн баазтай.
Ийм хүчирхэг эдийн засаг, армитай, цөмийн зэвсэгтэй, гол өрсөлдөгч улсын цэргийн бааз бүхий улстай хиллэхийг хүсэх улс гэж байхгүй.
Ямартай ч мэдээллийн дайн оргил цэгтээ хүрлээ. Одоо мэдээллийн дайнд хожигдсон Өмнөдийн тал ба америкчууд олон нийтэд сүржин гэж ойлгогдох ч үнэн хэрэг дээрээ буулт хийсэн мэдэгдэл хийж, үүн дээр манай урд хөршийн дипломатууд ур чадвараа харуулах л үлдлээ.