Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАХИАД Л БАРИЛГЫН ОСОЛ, ДАХИАД Л ХҮҮХДИЙН АМЬ НАС


Өнгөрсөн оны есдүгээр сард барилгын кран унаж, бяцхан охины аминд хүрсэн эмгэнэлт хэрэг гарсны дараахан барилгын өөр нэг осол болсон. 18 настай оюутан залуу чихэвчний хөгжим сонсч яваад дээрээсээ унасан төмрийг анзааралгүй, толгойдоо цохиулж нас барсан. Удсан ч үгүй бас нэг кран байшин налж унахад эрдэнэт хүний амь үрэгдэж, хүний аминд халтай барилгын салбар гэх яриа гарсан. Энэ бүх баримтыг бид мэднэ. Гэвч эдгээрээс өмнө 13 настай хүүгийн амь насыг авч одсон “Агьний Трэйд” барилгын компанийн хэргийг хэн ч мэдээгүй. Яагаад гэвэл хохирогчийн аав, ээж нь хагас жилийн дараа хэрэг явдлыг олон нийтийн өмнө дэлгэсэн юм.


Болсон явдал

Эрдэнэт хотод суурьшаад 10 жил болж буй Б.Адьяасүрэнбаатар хөдөөгүүр ажилтай, эзгүй байлаа. Түүний гэргий С.Дуламрагчаа ажилгүй тул зарын дагуу “Агьний трэйд” ХХК-ийг зорьж, тогоочоор ажиллахаар болжээ. Компанийн захирал М.Цэцэгээ, ерөнхий инженер Б.Ганбаатар нар эхнэр нөхөр аж. С.Дуламрагчаа долдугаар сарын 15-нд тэр хоёртой уулзсан даруй ажилдаа оржээ. Тэр өдөр Б.Ганбаатар ганцхан ажилтантай хамт шороо тэгшлэх, ус зайлуулах ажил гүйцэтгэж байсан гэнэ.

Учир нь наадмын үеэр их үер бууж, Эрдэнэт хотын зам, талбай, хөрсийг багагүй сүйдэлсэн билээ. “Агьний трэйд” ХХК Бүсийн оношилгооны төв эмнэлгийн өргөтгөл барих ажил хүлээж авсан ч шороо тэгшлэх, ус цэвэрлэхэд ганц ажилтан, инженер Б.Ганбаатарын хүч хүрээгүй тул тогоочоосоо ажиллах хүчин сураглажээ.

“Танайд туслах ажил хийчих хүн бий юу” хэмээн Б.Ганбаатар инженер асуухад нь 13 настай А.Даваахүү бий гэдгийг хэлсэн гэнэ. Яаралтай барилгаа эхлүүлэх учиртай инженер наймдугаар ангиа төгссөн хүүг ажиллуулах хүсэлтээ хэлэхэд ээж нь хүүгээсээ асуучихаад маргааш хэлье гэж тохирчээ. Зуны амралтаа тоглож өнгөрүүлэх учиртай ч аав, ээждээ туслах хүсэлтэй А.Даваахүүд ажлын санал орж ирсэнд шууд зөвшөрсөн байна. Найзууд, үеийнхнээ ч дагуулан очиж хамт ажиллах болж, нийт 22 хоног туслах ажил гүйцэтгэжээ. Өдрийн цалинг 10 мянган төгрөгөөр тохирсон боловч эхний өдрөөс л ажил нь хэтэрхий хүнд байгааг хэлсэн гэнэ. “Агьний трэйд” компани цалинг нь 15 мянга болгож нэмье гэжээ. Долдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос үндсэн ажилтан гэсэн гурван хүн авчирсан байна. Тэр үед А.Даваахүүтэй нийлээд дөрвөн хүүхэд ажилдаа үлдээд, бусад нь ирэхээ больжээ.

Наймдугаар сарын 8-нд инженер Б.Ганбаатар ажилчдаа орхиод, нийслэлд эмнэлэгт үзүүлэхээр ирсэн гэнэ. Тэрээр компанийнхаа хөдөлмөр хамгааллын даргын үүргийг давхар гүйцэтгэж байсан ч эзгүй хойгуур нь ажил явагдсаар байсан хэрэг. 11-ний бямба гараг. Тогооч С.Дуламрагчаа хүнсээ цуглуулахаар зах руу орж явтал араас нь дуудуулжээ. “Хүүхэд чинь нурангид дарагдчихлаа” гэсэн аж. Сандарсаар гүйгээд очтол хүүгийнх нь бүх хувцас цус болчихсон, шороотой холилдчихсон байхыг харжээ. Компанийн үндсэн ажилтан гэх насанд хүрсэн эрчүүд байшингийн хонгилд архидацгааж байсныг хамт ажиллаж байсан хүүхдүүд нь батална. Талийгаач сургуулийнхаа найз Мөнхдалайтай хамт дулааны шугамны нүх ухаж байтал шороо нурж, дарсан ажээ. Ялгаагүй 13 настай Мөнхдалайгийн хөл нь даруулж гэмтэл авсан, одоог хүртэл доголж явдаг гэнэ. Өнөөдөр сэтгэлээ онгойлгон ярьж буй ээж амьсгаа нь дарагдах сөхөөгүй уйлж байна. “Тэр үед надад тусалчих хүн нэг ч байгаагүй” гэлээ. Тэгвэл А.Даваахүүд туслах хүн ээжээс нь өөр байсангүй. Хүү эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч ухаан орохгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн аж.


Хэргээс хойш хагас жил өнгөрлөө

Өнөөдрийг хүртэл хүүд тохиолдсон эмгэнэлтэй хэрэг хэнд ч дэлгэгдээгүй байлаа. Эрдэнэтчүүдэд хүртэл худал мэдээлэл тараасан нь “Агьний трэйд” компанийн гэр бүлээс үүдэлтэй гэж Б.Адьяасүрэнбаатар хардаж сууна. Насанд хүрээгүй учраас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Гэтэл ажлын байранд гарсан ослын хохирлыг барагдуулж, хариуцлага хүлээх ёстой хүмүүс хэргээс бултаж эхэлжээ. С.Дуламрагчаа цээж дүүрэн гомдол тээсээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ажилласан инженер Б.Ганбаатартай уулзсан байна. Түүний өөдөөс “Би хүүхдийг чинь алчихаа юу. Шүүх, цагдаагаараа яваад заргалдаач. Бүгд миний талд байгаа шүү” хэмээн зандарчээ. Бачимдсан ээж нь “Чи хүүхдийг минь алчихлаа” гээд хашгиртал “Хохь чинь” гэсэн аж. С.Дуламрагчаа энэ үед ухаан алдаж, эмнэлэгт сэрсэн гэнэ. Хүүхэд барилга дээр ажиллаж байгаад нас барсан тухай яриа гарч, орон нутгийн телевизээс мэдээлэл тодруулга хийжээ. Гэтэл инженер Б.Ганбаатар “А.Даваахүү манайд ажилладаггүй байсан. Ээж нь харин тогоочоор ажилладаг. Тийм учраас хүүхэд нь нүхэн дотор тоглож яваад өөрөө шороонд даруулчихсан” гэх утгатай мэдээлэл хийсэн байна. Энэ мэдээллийн эсрэг тал буюу Б.Адьяасүрэнбаатар, С.Дуламрагчаа нараас ирж учрыг асуугаагүй сэтгүүлчийн буруугаас болж хүмүүс ээжийг, хүүхдийг буруутгаад өнгөрсөн болов уу. Нөгөө талаас Б.Ганбаатарын захиалгаар хийлгэсэн мэдээлэл байх гэж хардаж байгаа аж.

Өнөөдрийг хүртэл “Агьний трэйд” ХХК-иас хүүгийн аав, ээжтэй уулзах нь бүү хэл утсаар ч яриагүй гэнэ. Уучлалт гуйхын оронд хэдэн төгрөг хүнээр дамжуулж өгсөн нь хүүгийн амь нас, гэр бүлийг дорд үзэж, хууль, эрх зүйн байгууллагыг доромжилсон гэж тэд хэллээ. Б.Ганбаатарын гэр бүлийн компани хуулийн байгууллагыг аль хэдийнэ “доромжлоод” амжжээ. Шинжээчийн дүгнэлтэд тус компанийг хэд хэдэн зүйлээр буруутгасан байна. Ерөнхий инженер Б.Ганбаатар нь хөдөлмөр хамгааллын даргын үүргийг давхардуулан гүйцэтгэсэн нь хууль бус. Ажилтны тоо, бүрэлдэхүүн дутуу учраас хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлсэн нь хууль бус. Компанийн нэр дээр дөрвөн ширхэг ажлын хувцас, таван хамгаалалтын малгай бүртгэлтэй ч энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгслийг бүрэн хангаагүй. Ажилчдаа олон цагаар ажиллуулж, бага хөлс өгдөг байсан. Б.Ганбаатарыг ажлын байраа орхиж явсан хойгуур барилгын ажил үргэлжлүүлсэн зэргээр “Агьний трэйд” ХХК-ийг буруутгажээ. Гэтэл шүүхийн шийдвэр бодсоноос эсрэгээр гарсан байна. Орхоны сум дундын анхан шатны шүүх хурлыг Д.Алтанжигүүр шүүгч удирдан явуулсан аж. Шинжээчийн дүгнэлтэд бүх буруутай үйлдэл нь тодорхой байхад Б.Ганбаатарт 4.5 жилийн тэнсэн харгалзах ял оноосон гэнэ. Түүнчлэн хууль зөрчсөн “Агьний трэйд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоогоогүй, одоог хүртэл ажлаа үргэлжлүүлж байгаа. Энэ нь хуульд зааснаас хэтэрхий хөнгөн шийтгэл болохыг “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” ТББ-ын мэргэжилтэн Ц.Баттуяа хэлж байна. Түүний үзэж буйгаар хуульд заасан ёсоор компанийн үйл ажиллагааг гурван жил хааж, холбогдох хүнийг таваас доошгүй жил хорих ёстой аж. Нөгөө талаас хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд таван сарын хугацаанд мэдээлж болохгүй гэх үгээр эцэг, эхийн амыг таглаж, өдий хүртэл чимээгүй суулгажээ. Тэгэхээр есөн настай охин, 18 настай залуу амь насаа алдахад таван сарын хугацаанд бусдад мэдэгдэж болохгүй гэж хав дарах байсан гэж үү? Хүний аминд хүрсэн компанийн эзэд шүүхийн шийдвэрийг өөрийн талд эргүүлж, олон нийтийн санаа бодлыг ч өөрийн талд оруулж, хүүгийнх нь амийг авчихаад аав, ээж, ах дүүгийнх нь зовлонгоо хуваалцах эрхийг ч боогдуулсан нь энэ. Тэдний занганд орж зургаан сарыг ардаа хийсэн Б.Адьяасүрэнбаатар, С.Дуламрагчаа нар хотод ирж, сэтгүүлчидтэй уулзахаасаа цаг гаруйн өмнөхөн хүүхдийн байгууллагад ханджээ. Тэр нь “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” ТББ байсан юм. Тэд цаашид хүүхдийн байгууллага, хүний эрхийн коммист хандах гэнэ. Мөн хууль хяналтын удирдах газрууд, Хууль зүйн яам, Барилга хот байгуулалтын яам зэрэг газарт хэргийн учрыг олох хүсэлт тавих аж. Тэд тун удахгүй буцах ёстой, учир нь Орхон аймгийн шүүхэд давж заалдах хурал болох юм.

Хэргийн дараа хэн нэгэнд хандах нь

Аливаа зүйлийг мэдээлж, шуугиан үүсгээд өнгөрөхөөс илүү сургамжийг тодорхойлж, алдаа дутагдлыг засах нь зүйтэй. 13 настай А.Даваахүү хорвоогоос буцахад юу нөлөөлсөн шалтгааныг сурвалжилъя. Юун түрүүн Эрдэнэт хотын бүсийн оношилгооны төв эмнэлгийн өргөтгөлийн тендерийн асуудлыг судлах хэрэгтэй. 50 метр квадрат талбайтай, гурван давхар барилгын ажлыг хүн хүчгүй “Агьний трэйд” ХХК-д олгосон нь хардлага төрүүлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, техник хэрэгслээ хангасан үгүйг шалгадаггүй юм гэхэд ядаж ажиллах хүч нь бүрэн эсэхийг лавлаж байж эрхийг олгодог болвол зохилтой.

Нөгөө талаас “Насанд хүрээгүй хүн эрхлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт”-д барилгын ажил багтдаг. Тиймээс хүүхдээр биеийн хүчний, хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг энэ хэрэг бүх хүнд сануулж байна. Өнөөдөр амь насанд халтай, эрүүл мэндэд хортой, биеийн хүчний, бага хөлстэй ажил эрхэлдэг хүүхдүүд хаана, хэд байгааг тодорхойлсон судалгаа алга. Тиймээс хүүхдийн төлөө гэх нэр барьж, өдрийн хоол, үдшийн зугаагаа залгуулдаг хүмүүс тэмцэл, хөдөлмөрөө бодитой болгох шаардлагатай. Түүнчлэн аливаа хэрэгт шүүх байгууллага шударга зарчмаа баримталж ажиллахгүй байгааг энэ бүхэн харууллаа. “Насанд хүрээгүй хүн эрхлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт”-д барилгын туслах ажил гэх нэр багтаагүй гэх гаргалгаагаар хэрэг хөнгөрчээ. Гэтэл барилгын ажил гэдэгтээ үндсэн, туслах, гэрээт аль нь ялгаагүй багтдаг гэх шударга үнэн үгүй болсон байна. Мөн хүүг талбай цэвэрлүүлж, тэргээр шороо зөөлгөнө гэсэн боловч газар доор, нүх ухуулсанд эцэг эх нь ял нэхэж байгаа юм. “Хүний сайхан үрийг барьж байсан барилгынхаа шороогоор дарж алчихаад өнөөдөр ийм байж болох уу” хэмээн хүүгийн аав Б.Адьяасүрэнбаатар гуай гомдлын үгээ сэтгүүлчдэд дайлаа.

0 Сэтгэгдэл
lalaruudiig bugdiig n ***** idesei
Шүүхэд өгдөггүй юм уу? Энэ барилгын компаний ажиллах эрхийн хасаад шийтгэх хэрэгтэй. Ямар ч асуудал байсан, хүний л амь
Хамгийн их уншсан