“Эрүүл хүүхэд” аянг өнгөрсөн жил явуулж, 0-18 насны хүүхдүүдийг үзлэгт хамруулсан. Үзлэгээр багачуудын 90 гаруй хувь нь амны хөндийн өвчлөлтэй гарсан билээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас ямар ажил хийж буйг тус яамны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэнгээс тодрууллаа.
-Амны хөндийн өвчлөл ялангуяа 13-15 насныхны дунд хамгийн их байна гэсэн судалгаа гарч байсан. Дээрх аянаар хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах дорвитой арга замыг олж чадсан уу?
-Монгол Улсад 0-18 насны 876 мянган хүүхэд бий. Анх удаа улсын хэмжээнд “Эрүүл хүүхэд” аян өрнүүлж, бүх хүүхдийг хамруулсан. Үүнд Монгол Улсын 330 сум, 214 өрхийн эмнэлгийн эмч нар маш сайн зохион байгуулалттай оролцсон. Уг ажлын үр дүнд нэлээдгүй хүүхдийн амны хөндий эрүүл болсон. Ингэснээр амны хөндийн өвчлөлөөс болж үүсдэг 250 өвчнөөс урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Мөн бид хүүхдүүдээ байнга үзэж байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Өөрөөр хэлбэл, тав, долоо, 12 насанд нь зайлшгүй үзэж оношлох шаардлагатай юм байна. Хүүхэд өглөө хичээлдээ өөрөө яваад ирж байгааг хараад эцэг эхчүүд манай хүүхэд эрүүл байна гэж боддог. Тиймээс тодорхой нас бүрт нь нарийн мэргэжлийн үзлэг хийж байхгүй бол хүүхдүүд өвчнөө өөрсдөө хэлэхгүй. Зарим өвчин зовиургүй. Мэдэгдэхгүй байж байгаад хорт хавдар болох жишээтэй. Тиймээс “Эрүүл хүүхэд” аяны дүнг Засгийн газарт танилцуулж, Эрүүл мэндийн газарт дүгнэлтийг нь хүргүүлээд байгаа. Мөн манай улс анх удаа 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн сантай боллоо. Үүн дээр үндэслээд цаашид хүүхдүүдэд ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх талаар ойлголттой болсон.
-Тэгэхээр хүүхдүүдийн шүдийг иж бүрэн эмчилж чадаагүй байх нь ээ?
-Нэг хүүхдийн 3-5 шүд цоорхой байна. Үүнийг нь илрүүлээд тодорхой төвшинд төр болон хувийн хэвшлийн оролцоотой эмчилсэн. Ер нь, “Эрүүл мэндэд-Иргэн таны оролцоо” зайлшгүй хэрэгтэй байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг цоорхой үгүйг нь шалгаж, хэрэв өвчтэй байвал дор бүр нь эмчлүүлэх шаардлагатай. Нэг хүүхдийн аманд 3-5 шүд цоорхой байна гэдэг бол маш аюултай. Цаашид даамжирвал бусад эрхтэнд нөлөөлж үхэлд ч хүргэж болзошгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэнд, хоол хүнсэнд сайтар анхаарах ёстой болж байгаа юм.
-Герман зэрэг бусад орон хүүхдийн шүдний өвчлөлийг бүрмөсөн зогсоож чадсан байдаг. Эрүүл мэндийн яамны зүгээс ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Цэцэрлэг, сургууль дээр нь ажиллах боломж бий юү?
-Нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн бүх бодлогыг анхан шатны нэгжээс эхлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, бид өрхийн, сумын эрүүл мэндийн төв байгууллаа. Шүдний цооролт, амны хөндийн өвчний талаар хүүхдүүдэд цэцэрлэгийн болон дунд сургуулийн насанд нь таниулна. Хүүхдүүдэд шүдээ хэрхэн арчлах, угаах талаар заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хичээл заах юм. Үүнд эрүүл мэндийн салбарын бодлого чиглэгдэж байна. Мөн ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургууль дээр энэ чиглэлийн арга хэмжээг нэлээд тууштай хэрэгжүүлж байгаа.