Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан холбооны партизанууд


1990 оны дөрөвдүгээр сар. Хэзээ ч мартах учиргүй цаг үе гэж байдаг бол 23 жилийн өмнөх энэ л өдрүүдийг нэрлэх ёстой. Хаврын зэвэргэн ийм л өдрүүдэд Монголын Ардчилсан холбооны хамгийн чухал үйл явдал, жагсаал, цуглаан болж байсныг олон хүн мартаагүй биз ээ. Монгол оронд ардчилсан хувьсгалын салхи сэвэлзүүлж, өөрчлөлт, шинэчлэлтийг эхлүүлсэн чухал шийдвэр гарсан буюу тайван замаар хийсэн хувьсгал үр дүнд хүрсэн үйл явдал тэр нэгэн жилийн дөрөвдүгээр сард болж байлаа. Эдүгээгээс 23 жилийн өмнөх түүхийг сөхөн харъя.

Дөрөвүгээр сарын 7-нд БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчид 86 дугаар зарлиг гаргасан. Зарлигт иргэдийг жагсаал цуглаан хийх үзэл бодлоо тайван замаар чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж боогдуулсан, улмаар торгох, баривчлах, хорих тухай дурдсан байсан юм. 

Дөрөвдүгээр сарын 8-нд Монголын Ардчилсан намын анхдугаар их хурал хуралджээ. Хурлаар Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүлийг сонгосон юм. Мөн эл өдөр МоАХ-ны хэвлэл “Ардчилал” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан. Монголын Ардчилсан намын анхдугаар их хурлыг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбай дээр олон нийтийн цуглаан зохион байгуулсан юм.

Харин Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тайван замаар Монголд хувьсгал хийж, үр дүнд хүргэсэн чухал үе. МоАХ болон Ардчилсан нам хэд хэдэн зүйл бүхий тулган шаардах бичиг гардуулсан. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хороонд хандсан уг тулган шаардах бичигт “Ардын түр хурлыг нэн даруй байгуулах, Ард түмний онц зөвлөлийг эрх тэгш оролцоотойгоор байгуулах, МАХН-ын төв аппаратыг Засгийн газрын ордноос гаргаж, МоАХ, МоАН-нд ажиллах байр олгож өгөх, шаардлагыг биелүүлэх хугацаанд гурав хоногт согтууруулах ундаа худалдаалахгүй байх” гэж тусгажээ. Үүний хариуг дөрөвдүгээр сарын 27-нд Д.Сүхбаатарын талбайд болох цуглааныг үеэр өгөхийг мэдэгдсэн. Гэвч тухайн үеийн эрх баригчид хариу өгөөгүйгээс гадна 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны өглөөний 10 цагийн үед Засгийн газрын ордныг цэрэг, цагдаагаар хамгаалсан байж. Энэ өдөр болох ардчиллыг дэмжигчдийн цуглаанд Монгол орны өнцөг булан бүрээс ирж, оролцсон юм. Магадгүй Засгийн газрын ордныг хамгаалж байсан цэрэг, цагдаагийнхан цуглаанд оролцогч энгийн иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх гэдэг. Тиймдээ ч Монголд тайван замаар болсон ардчилсан хувьсгалд бие сэтгэлээрээ дэмжиж оролцсон хүмүүсийг салхитай, шуургатай, шамаргатай энэ лөдрүүдэд дурсан санадаг. МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригийг энд дурдах ёстой. С.Зориг болон цуглаан зохион байгуулагчид талбайд ирсэн олон мянган дэмжигчдийг тайвшруулж цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдөхөөс сэргийлж чадсан гавьяатнууд.

Гэхдээ бид энэ удаад анхны 13-ын тухай дурсахаас илүүтэй зүрх сэтгэлээрээ дор бүрнээ оюун санааны хувьсгал хийж явсан МоАХ-ны партизануудыг илүүтэй онцлох гэлээ. Нийгэм, цаг үе огт өөр байсан болохоор МоАХ, Ардчилсан намын үйл хэрэг, жагсаал цуглааныг дэмжсэн олон мянган хүмүүс гадуурхагдан, шахагдаж байлаа. 1989 оны арванхоёрдугаар сараас 1990 оны хавар ардчилсан хувьсгалыг өрнүүлэхээр 300 орчим хүн зүтгэж явжээ. Гэхдээ эд бол зохион байгуулж явсан хүмүүсийн тоо. Орон нутагтаа, үйлдвэр, комбинат, албан байгууллагууд гээд МоАХ-ны үйл хэргийг дэмжигчдийн нэрийг  дурдана гэвэл урт жагсаалт гарах нь дамжиггүй. Тэр олон партизанаас нэгийг нь онцлон бичвэл бусад нь гомдчихно.

Өөрсдийн хүрэх газартаа очиж, ухуулах хуудас тарааж, албан байгууллага, сум, орон нутагтаа ардчиллын тухай түгээн дэлгэрүүлэх үйлс хийж явсан хүмүүс бол Ардчилсан холбооны партизанууд. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг сурталчилж байсныхаа төлөө тэд хамгийн түрүүнд ажилгүй болж, адлагдсаар ирсэн. Айл саахалтынхан, хамаатан садангууд, танил нөхөддөө ч гэсэн нэр муутай явсан үе бий. 1937 оны хэлмэгдүүлэлт хэдий хол сонсогддог ч 1990-ээд оны үеийн ардчилагчдыг гадуурхаж явсан цаг үеийг дурсах нь ховор. Тэгж хэлмэгдүүлж ажлаас халж, гадуурхаж байлаа гэж харин тэд маань гомдол нэхэж явсангүй.
Өнөөдөр ч Монголын анхны үндэсний чөлөөт хэвлэл “Ардчилал” сонинг зорин ирэх партизанууд олон. Тэртээ 23 жилийн өмнөх жагсаал, цуглаан, өлсгөлөнд хэн хэрхэн ямар үүрэгтэй оролцож байснаа дурсан ярьж, түүхийн нэг хэсэг болсноороо бахархах дуртай. Заримдаа тэд өнөө цагт мартагдах шахаад буй захидал бидэнд хаяглан бичнэ. Тэр дарга, тийм албан тушаалтны буруутай, бульхайтай үйл ажиллагааг илчилж, шүүмжилж бичихдээ партизаныхаа үүргийг хэзээ ч мартдаггүй. 1990 он Азийн цээжинд цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг тайван замаар авчрахад гар бие, сэтгэлээ зориулсан үзэл бодолдоо хэзээд үнэнч Ардчилсан холбооны партизануудын гавьяаг хойч үе маань мартах учиргүй.    

0 Сэтгэгдэл
uuniig hen gedeg hun bichiv ee tun ayataihan boljee
Хамгийн их уншсан