Усны шувуудыг эх оронд минь айлчлах сургийг дуулгах шиг урьхан салхи хацар илбэнэ... Урин дулаан цагтай уралдан аялал жуулчлалын салбарынхан маань ч жуулчдаа хүлээн авах бэлтгэлээ хангаад эхэлжээ. Мон¬голын аялал жуулчлалынхны хаалгаар дэлхийн жуулчид нэвтрэх “оргил цаг” айсуй. Харин үндэсний өв соёл, өргөн уудам нутаг усныхаа үзэмж гоог жуулчинд “тольдуулахад” салбарынхан маань бэлэн үү. Энэ талаар хэд хэдэн газраас орж тодрууллаа.
Боловсон хүчнүүд маань буцсан...
Салбарын яамтай болсноос хойш аялал жуулчлалын чиглэлээр хийгдсэн томоохон ажлын нэг бол “Аялал жуулчлалын форум”. Форумын үеэр нэн түрүүнд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна уул уурхайн салбар руу урвасан боловсон хүчнээ эргүүлэн татах талаар ярьж байсан. ССАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн С.Хосхарцага энэ талаар “Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр бодлого зохицуулалт хийж байна. Нэн тэргүүн эгнээнд шувуу харах аяллыг хөгжүүлэхээр ажиллаж байна” гэсэн. Харин боловсон хүчний асуудлаар бол Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан анхаарч олон ажил хийж байгаа аж. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2013 оны судалгаагаар Монгол жуулчдад хамгийн ээлгүй, найрсаг бус 10 орны нэгээр нэрлэгдсэн. Тийм учраас аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулж Нийслэлийн аялал жуучлалын газраас жуулчидтай харилцдаг төрийн байгууллагуудын төлөөлөлд харилцааны сургалт явуулсан юм. Энэ талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ш.Ундармаа “Айлд нөхрийнх нь нэрээр ороод, эхнэрийн нэрээр гардаг гэж үг бий. Түүний адил анхны болоод сүүлийн сэтгэгдэл аялал жуулчлалын салбарт их чухал. Анхны сэтгэгдэл жуулчлалын турш хадгалагддаг бол сүүлийн сэтгэгдэл нь манай оронд ахин ирэх үү, найз нөхөд, ах дүүгээ манай орон руу ирүүлэх үү гэдгийг шийдэхэд хамгийн их нөлөөтэй. Улаанбаатар хотыг жуулчдад ээлтэй, түр амьдран суухад таатай хотын нэг болгохын тулд юуны өмнө нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай, гадаадын жуулчидтай шууд харилцдаг төр захиргааны байгууллагуудын ажилтны харилцаа хандлагыг өөрчлөх шаардлагатай байна. Тийм учраас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үйлчилгээ үзүүлдэг гааль, мэргэжлийн хяналтын албаныхан, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын мэргэжилтнүүд, Нийслэлийн цагдаагийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газар, такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, зарим музейн ажилтнууд гэх зэрэг газрын төлөөлөлд харилцааны хичээл зааж байгаа. Тэд маань цаашид өөрийн байгууллагынхандаа бидний сургалтыг сурталчлах юм. Ингэснээр олон мянган жуулчинг татах боломж бүрдэнэ” гээд “Уул уурхайн салбар руу урваж байсан мэргэжилтнүүд маань одоо аялал жуулчлал руугаа буцах болсон. Мөн бид шинээр мэргэжилтэн бэлтгэх ажилд их анхаарч байгаа. Үүний дагуу хүнд шалгуураар аялал жуулчлалын салбарт орох хүсэлтэй хүмүүсийг шалгаад, шалгарсан хүмүүст сургалт явуулж байгаа. Тийм учраас нэг хэсэг дутагдалтай байсан боловсон хүчний асуудал шийдэгдэх байх” гэсэн юм.
Одоохондоо жуулчид бужигначихаагүй байна
Аялал жуулчлалын улирлын эхэн үе буюу яг өдийд хамгийн бэрхшээлтэй зүйл нь хөтөч. Тийм учраас хэрэв энэ үед жуулчдаа хүлээн авбал хэрхэх талаар “Цэрэн турс”-ын захирал Э.Цэрэндолгороос тодруулсан юм. “Тэрээр өдий үед арай ч жуулчид олноороо ирдэггүй болохоор нөөц бололцоогоо ашиглана даа. Тэгээд зуны дэлгэр цагт аялал жуулчлалын багш болон оюутнуудтай хамтран ажиллана” гэсэн юм. 1990-ээд оноос одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй Монголын аялал жуулчлалыг нуруун дээрээ үүрч яваа гэхэд болохоор цөөн хэдэн хувийн аялал жуулчлалын байгууллагын нэг бол “Цэрэнтурс” билээ. “Өмнө нь өөрийн иргэдээ гадаадад гаргахдаа халаасан дахь мөнгөө бусдад өгчихөж байгаа юм шиг санагддаг байсан. Харин энэ жилээс жуулчид авахаас гадна гадаад руу аялуулах үйлчилгээг явуулахаар төлөвлөж байна” хэмээн тус байгууллагын захирал нэмж ярилаа. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн хөшүүрэг болох гэнэ. Учир нь аялал жуулчлал хөгжсөн орнуудын туршлагаас бид өөрсдөө судлахаас эхлээд ихээхэн ач холбогдолтой.
Тээврийн салбарынхан хаана явна
“Манай улс 2015 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн. Гэтэл дэд бүтцийн хөгжил дэндүү сул хэвээр нөхцөлд нэг сая жуулчин хүлээн авах нь эргэлзээтэй” хэмээн Аялал жуулчлалын үндэсний төвийн дэд захирал Н.Молор хэллээ. Тэрээр “Өнөөдөр манайд төмөр зам, агаарын тээврийн хүрэлцээ хангалтгүй. Тээврийн салбарынхан хүчин чадлаасаа давсан үйлчилгээг үзүүлж байна. Гэхдээ сүүлийн үед энэ салбарт том ахиц дэвшил гарч байгаа” гэв. Тав тухтай, өөрийн дураар аялах сонирхолтой жуулчинд Монголын зорчигч тээврийн үйлчилгээ тун ч зүрхшээмээр бэрхшээлтэй санагддаг нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалын салбарынхан тээврийн үйлчилгээнээсээ болоод өчнөөн жуулчинг үргээсэн нь үнэн. Тэгвэл аялал жуулчлалын тээврийн салбар нүүр улайхааргүй л болж байна. Саяхан Төв аймгийн “Хөшигтийн хөндий”-д олон улсын нисэх буудал байгуулахаар шав тавьсанд зөвхөн монголчууд төдийгүй Монголд аялах сонирхолтой гадаадын жуулчдын сэтгэлд ч баяр гийсэн. Ийнхүү орчин үеийн үйлчилгээнийн шаардлага, дэлхийн жишигт нийцсэн онгоцны буудалтай болох нь дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хурд энэ хэрээр олон улсын стандартад ойртож байгааг тус салбарынхан онцолж байна. Шинэ нисэх буудлын онгоц хөөрч буух зурвас нь 3600x45 метр хэмжээтэй. Хоёр талаасаа онгоц хөөрч, буух боломжтой. Бас зорчигч үйлчилгээний терминал нь нэг цагт 1100 зорчигч хүлээн авах хүчин чадалтай байх аж. Эхний ээлжинд онгоц хүлээн авах зургаан хүзүүвчтэй байна. Иж бүрэн барилга байгууламжаас бүрдсэн олон улсын шинэ нисэх буудал 2016 онд ашиглалтад орно гэсэн. Ямартай ч, сайхан мэдээ. Урин цаг наашилж байгаа цагт сайхан мэдээ ар араасаа сонсогдож буй нь баярлууштай.
Цагдаагийн газрынхан ч бас...
Өмнө ирж байгаагүй таниж мэдэхгүй оронд ирсэн жуулчин хөтөчгүй бол сохортой л адил. За тэгээд гудамжинд яваа монголчуудын дийлэнх нь “салаа хэлгүй” учраас нөгөө ирсэн жуулчид сохороос гадна хэлгүй, дүлий болсонтой л адил зүйл болно. Үүнээс үүдэн сэргэлэн нөхдүүд төөрсөн хөөрхий жуулчинг ашиглах гэж оролдоно. Энэ нь гэмт хэрэг үүсэх хамгийн том шалтаг шалтгаан болж байна. Тийм ч учраас Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн нэгэн ажил сэдэн хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор жуулчид болон иргэдэд нээлттэй үйлчлэх цэгийг бий болгоод байна. Дөрвөн газар байгуулаад байгаа ч цаашид энэ цэгийн тоог нэмэхээр ажиллаж байгаа. Гурван давхар байшингийн нэг давхарт үнэгүй интернэт ажиллах аж. Төөрч будилсан нэг нь тэндээс хэн нэгэн таньдаг хүнтэйгээ холбогдох боломжтой. Цагдаагийн байгууллагын туслалцаа, аялал жуулчлалын зөвлөгөө мэдээлэл өгөх гэнэ. Энэ нь нөгөө л дээр дурдсан жуулчдад ээлгүй 10 орны нэг гэсэн дүгнэлтээс л гарах гэсэн оролдлого.
Аялал жуулчлалын улиралд манай орныг зорих жуулчдад зориулан тал бүрийн л арга хэмжээ авч буй учраас ээлгүй 10 орны тооноос дараа жил сугарчих ч юм бил үү...