Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үгнээс үйлдэл рүү орвол...


Хойд Солонгос  сүүлийн хэдэн өдөр Өмнөдийн тал ба АНУ-ын хамтран хийж байгаа жил болгоны  “Foal Eagle”, “Key Resolve” хээрийн сургуулиудыг үл зөвшөөрч байгаа гэдгээ тун ч таагүй байдлаар илэрхийлж байгаа. Өчүүхэн төдий үг зөрсөн мэдэгдэл хийхэд л Өмнөд Солонгост урьдчилсан цохиолт өгнө, баллистик пуужингаараа Америкийн Гуам арал, Саудын Арави дахь цэргийн баазууд руу харвана гэж мэдэгдээд бараг арваад хонож байгаа. Өмнөд Солонгос дахь 30 мянган хүнтэй цэргийн баазын удирдлага, өмнөдийн армийн дээд удирдлага Хойдуудын энэ их заналхийллийг дэмий сүржигнэхээс цаашгүй, дандаа л ингэдэг гээд төдийлэн тоохгүй байсан. Гэхдээ шинэ удирдагч Ким Чен Ун аав, өвөөтэйгээ адилгүй хүн гэдгээ харуулахын тулд урьд хожид үзэгдээгүй их ээдрээ үүсгэж байна.

Хоёр гурав хоногоос хэтэрдэггүй сүрдүүлэг нь бараг сар шахуу үргэлжилж байгаа нь нэгийг өгүүлж байгаа байх. Магадгүй, үүнээс болоод тэр үү Америкчууд пуужинт хөлгөө Солонгосын хойг руу илгээлээ. Дэлхий цорын ганц олноор ашигладаг тав дахь үеийн сөнөөгч онгоц F-22 хоёрыг аваачлаа. Хурд, зэвсэглэлийн хүч, ашиглах хугацаа, эсэргүүцэх зэвсэглэлд илрэх байдал гэх мэт олон үзүүлэлтээрээ тав дахь үеийн энэ сөнөөгч нь дөрөв дэх үеийн таван онгоцтой дүйцэнэ. Дөрөв дэх үеийн сөнөөгч онгоц дотроос Оросын “Су-35++” , Шведийн “Saab JAS 39 Gripen3”, Францын “Dassault Rafale” гэсэн сөнөөгчид л F-22-ийг эсэргүүцэж чадна.

Тиймээс Хойд Солонгосын талыг зөвхөн айлгаад дуусах байх гэтэл үгүй гэнэ. Өчигдөр Өмнөд ба Хойдын хамтарсан ажиллагааны нэг талбар болох Кэсон дахь бүс рүү өмнөдийн ажилчдыг оруулахгүй гэдгээ Хойд Солонгос албан ёсоор мэдэгджээ. Хойд Солонгосын нутаг дээр байрладаг Кэсоны бүс  дотор Өмнөд  Солонгосын хөрөнгө оруулалттай нийтийн хэрэглээний бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг 123 үйлдвэр ажил­ладаг. Энэ олон үйлдвэрт Өмнөдийн 800 гаруй хүн, Хойдын 53 мянга гаруй хүн ажилладаг.

Анхлан байгуулсан гэ­рээ­ний дагуу Өмнөдөөс ирж ажиллаж байгаа хүн болгонд Хойд тал нь нэвтрэх ба буцаж гарах эрхийг өдөр болгон өгдөг журамтай. Их буугаар буудалцахаас эхлээд хөлөг онгоц живэх хүртэл хоёр улсын хооронд болсон олон ээдрээний үед алдагдаж байсан нь огт үгүй. Гэтэл энэ удаад Хойдын тал анх удаагаа Өмнөдийн ажилчдад хил нэвтрэхийг хориглосон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн нь ихээхэн таагүй шинж тэмдэг юм. Дайран дээр давс гэдэг шиг АНУ-ын Төрийн нарийн бичгийн шинэ даргын мэдэгдэл байдлыг улам ч хурц болгож орхив. Жон Керри нь “Өөрийгөө болон холбоотон болох Өмнөд Солонгос ба Японыг хамгаалахад бэлэн” гэсэн төдийгүй “БНАСАУ-ыг цөмийн зэвсэгтэй улс болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Энэ бол олон улсын улс төрийн хэмжээнд тун ч хатуу мэдэгдэл билээ. Хойдууд энэ мэдэгдэлд тайлбар өгөхдөө “Ямар ч хариуцлагагүй, аюултай, өдөөн хатгасан” гэв. Улмаар Хойдын цөмийн зэвсэглэлийг үгүй болгох талаархи олон талт хэлэлцээрийг эхлүүлэх нь түгшүүртэй байдлыг намжаах хамгийн зөв алхам гэсэн. Үүний дээр  Цагаан ордоны албан ёсны төлөөлөгч Жей Карни нь Солонгосын хойгт үүсээд байгаа ээдрээг арилгахад Орос, Хятадыг илүү идэвхтэй оролцохыг уриалсан. Өмнөд Солонгос нь шаардлагатай гэж үзвэл урьдчилсан цохилт өгөх хөтөлбөрөө боловсруулсан гэж мэдэгдсэн.

Тэгэхээр энэ ээдрээт асуудалд шууд оролцоотой талууд нь харилцан сүрдүүлэг, хариу мэдэгдлүүд гээд бүх аргаа бараад мухардалд орсон гэсэн үг. Одоо санамсаргүй гаргасан ганц оч л Ази тивийг хамарсан асар их цуст мөргөлдөөн үүсэх хэмжээнд очоод байна гэсэн үг. Хэн хэн нь айлгах, хариулах аргаа барсан, буцах, ухрах замгүй болчихсон.

Үнэхээр хоёр Солонгосын хооронд зэвсэгт мөргөлдөөн боллоо гэхэд Орос, Хятад хоёр ямар нэг байдлаар заавал оролцож таарах биз. Гэхдээ  юу ч болоогүй мэт царай гарган тайван байгаа нь нэг талаас ойлгомжтой. Хоёр их гүрэн дайн дэгдэхийг хүлээн зөвшөөрөхгүй болохоор нэгнээ ханатал айлгасан хоёр улс аяндаа тайвшрахыг хүлээж байгаа хэрэг. Нөгөө талаас ихэд түгшүүртэй бөгөөд ойлгомжгүй. Хятад нь Өмнөд Солонгос, Японтой газар нутгийн маргаантай. Хэдхэн өдрийн өмнө Оростой очиж хэлэлцээр хийгээд ямар нэг ээдрээ гарвал хоёул хамт гээд тохиролцсон дээрээ дулдуйдаад энэ маргаанаа шийдэх гээд дуугүй байгаад байхыг үгүйсгэхгүй. Тэр тусам бүс нутагт хямрал гарвал хоёр, гурав хоногийн дотор манай урд ба хөрш өөрийн зэвсэглэлээ ямаршуу төвшинд байгааг шалгаад, засвар өөрчлөлт хийгээд авах боломж үүснэ.

Гурван их гүрэн байгаа болохоор ямар ч байсан цөмийн дайн эсвэл олон сар, жилээр үргэлжилсэн бүс нутгийн дайн үүсэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэдхэн өдөр үргэлжилж, цөөн хүний аминд хүрээд НҮБ-ын шийдвэр тогтоолоор дуусах жижиг мөргөлдөөнийг л зөвшөөрөх биз.
Гэхдээ юмыг яаж мэдэх вэ дайтлаа гэж бодвол яах бол?

0 Сэтгэгдэл
bi bol dain boloh baih gej bodoj baigaaa shvv
dain boluul mongol uls mine odoo yaanaaa ali 1gnd ne dagaar orhiin muu haaashaaa iin ertnees ali 1gndne dolidogonood baij baival yaasiin ain
Хамгийн их уншсан