Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Ц.Цэрэнмөнхтэй ярилцлаа.
-Хавар болохоор хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болдог. Танай эмнэлгийг зорих иргэд хэр байна вэ?
-Сэтгэцийн өвчнийг дотор нь бүр өвчтэй хүн, завсрын, сэтгэц эрүүл гэж гурав хуваадаг. Сүүлийн үед завсрын эмгэгтэй хүн их ирж байна. Энэ нь, нийгмийн стресс, ядаргаа бухимдалтай холбоотой. Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг харахад зүгээр хүн юм шиг мөртлөө сэтгэлзүйн хямралтай, хэцүү асуудалтай байдаг л даа. Харин үүнийгээ тухайн үедээ эмчид үзүүлж оношлуулахгүй явсаар байгаад хурц хэлбэрт оруулдаг. Ер нь, цаг үе, улс төр хэцүү болох тусам сэтгэцийн өвчтэй хүмүүс нэмэгддэг.
-Сэтгэцийн эмгэгээс аль нь илүү давамгайлж байна. Сэтгэл зүйн нь өөрчлөлттэй болсон хүн өөрийгөө мэддэггүй гэсэн?
-Сүүлийн үед залуучуудын дунд архидалт, компьютер тоглоомонд донтох эмгэг газар авч байна. Энэ талаар олон нийтэд мэдээлж байхгүй бол тахал болох нь. Хүүхдүүд хэт багаасаа компьютерт донтон зүүдэлж, тоглоомынхоо баатар мэтээр өөрийгөө төсөөлдөг. Энэ бол сэтгэцийн өвчин. Дээр үед архи уухыг өвчин гэж үздэггүй байсан. Одоо бол энэ нь сэтгэцийн өвчин. Архинаас хамааралтай болж группт орсон, уусаар байгаад хүний хэлж байгаа үгийг ойлгохоо болсон хүмүүс бий.
-Хүүхдүүд компьютерийн тоглоомонд донтох нь ихэссэн гэж байна. Эцэг эхчүүд хүүхдээ эмчлүүлэх гэж танайд ирж байна уу. Хүүхдийн тасаг хэр ачаалалтай вэ?
-Сургуулийн амралт эхлээгүй болохоор одоо гайгүй. Харин өвөл, зуны амралт эхлэхээр эцэг эхчүүд хүүхдээ үзүүлж, эмчлүүлдэг. Гэхдээ энэ бас эцэг эхээс их шалтгаалж байна. Учир нь, хүүхэддээ анхаарал тавьдаг эцэг, эхчүүд манайд ханддаг. Харин хайхрамжгүй эцэг, эхчүүдийн хувьд хүүхэд нь нүдээ цавчдаг, гараа байнга хөдөлгөн мэдрэл бусад эрхтэнд нөлөөлөхөөд эхлэхээр манайд ханддаг. Уг нь, бага дээр нь эмчлэх ёстой юм.
-Аль тасаг хамгийн ачаалал ихтэй байдаг юм бол?
-Манайд хурцын зургаан тасаг байдаг. Энд дүүрэг, орон нутгаас иргэд ирж хэвтэн эмчлүүлдэг. Архи, невроз тасгууд хамгийн ачаалалтай. Байнга л өвчтөнтэй байдаг. 30 ортой байхад л хүрэлцэхгүй байна. Хүүхдийн тасаг бол 23 ортой л доо.
-Эмнэлгийн эмч сувилагч нар хүрэлцдэггүй гэсэн?
-Тийм ээ. Манайд байнгын асаргаатай оюуны хомсдолтой өөрийгөө арчлаад явж чадахгүй хүүхэд олон бий. Тэднийг асрахын тулд хоёр, гурван асрагч хэрэгтэй байдаг. Гэтэл нэг л хүн ажилладаг. Эмч, ажилчдын ажлын ачаалал асар их.
-Сүүлийн үед хүлээн авахын дуудлага хэр өссөн бэ?
-Манайх өдрийн цагаар амбулториор үзээд хэвтэх шаардлагатай бол хэвт гээд явуулдаг. Гурван цагаас хойш 103-аар дуудлагаар ирдэг. Бүр хурц хүмүүсийг өөрсдийнх нь унаагаар авчирдаг. Одоогоор өдөрт яг тэд гээд хэлэх боломжгүй байна. Ер нь, хавар, намрын улиралд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өвчин хөдөлж, дуудлага ихэсдэг юм.
-Ер нь, стресс юунаас үүсдэг юм бэ. Бухимдал, ядаргаанаас гэдэг?
-Хүн байнга стресст өртөж байдаг. Гэвч хүн үүнийгээ мэддэггүй. Автобусанд ороод нэг хүнтэй маргалдвал тэр чинь стресс. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Стресс хэр хүчтэй байгаагаас сэтгэл зүйн өөрчлөлт хамаардаг. Гэнэтийн үйл явдлын стресс сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг. Тухайлбал, ойр дотны хүн нас барах нь хамгийн хүчтэй стрессэт оруулдаг. Гэхдээ энэ стрессийг зургаан сарын дотор гарах ёстой. Гаргахгүй бол өвчин болдог.
-Хүн стресст орж уурлаж, бухимдвал үүнээсээ хэрхэн гарах ёстой вэ?
-Амьсгалаа гүн авч гаргаад булчингаа суллах хэрэгтэй. Уурлахад цусан дахь эс ихсэн зүрх чангарч, ходоод өвддөг. Хүмүүс зүрх, ходоод, толгой өвдөөд байна гээд ярьдаг. Үнэн хэрэгтээ стресс л байхгүй юү. Хүн бүрийн зан араншин янз бүр учраас хариу урвал нь ч өөр. Зарим хүн хэт стресст өртөөд хэлгүй, дүлий, бүр хараагүй ч болдог. Хэл, нүд нь зүгээр мөртлөө юм хардаггүй, ярьж чаддаггүй болчихдог. Энэ нь, стрессээс болж, бие организмын гаргаж байгаа хариу үйлдэл юм. Гол нь, сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж, олон нийтийн дунд орвол тэр бүр стресст өртөөд байдаггүй.