-Стрессээс гарах арга зам архи биш-
Манай улсад сэтгэцийн өвчин нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байхад завсрын эмгэг 60 гаруй хувь нь байдаг гэнэ. Стрессийн эмгэг, нойргүйдэл, ядаргаа, сэтгэл гутрал, амиа хорлох, архинд донтох, мансууруулах гэх мэт завсрын эмэг сүүлийн үед тоогоо алдаж, төрөл нь нэмэгдэх болжээ. Завсрын эмгэг гэдэг нь сэтгэцийн өвчний нэг хэсэг. Харин энэ өвчлөл хавар болж иргэдийн сэтгэл санаа тогтворгүйтэж, ядарч сульдахад илүүтэй мэдрэгддэг гэнэ. Жилийн энэ үед Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорих иргэд ихэсч, ачаалал нь нэмэгддэг.
Ингээд бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьсон юм.
Хуучирч, шавар нь ховхорч унан цоохортож буй эл эмнэлэг 1933 онд байгуулагдсан хэмээн түүхэн намтраа үүднийхээ самбарт тавьжээ. Харин амбулторийн үүдэнд шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүс дугаарлан зогсч байв. Дугаарлан зогсох олны дундаас нэгэн эмэгтэй хажуугийн хүндээ “Бухимдмаар юм аа. Өглөөнөөс орой болтол ажил, ажил гэсээр нэг л мэдэхэд өдөр хоног харвасан сум шиг одох юм. Мэдрэлийн ядаргаанд орсон байна гэнэ” гэх мэтчилэн яриа өрнөнө. Үзүүлэхээр дугаарлан зогсох Л.Баасан гэдэг хүнтэй уулзвал “Би ажилд ороод зургаан сар болж байгаа.
Үүрээр дөрвөн цагийн үед сэрээд шөнө унтаж чадахаа байсан. Тэгснээ өдөр болохоор нойр хүрч, ядрах болсон. Эмнэлэгт үзүүлсэн чинь ядаргаанд орсон байна. Мэдрэлд үзүүл гээд. Мэдрэлийн чиглэлдээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамгийн сайн гэсэн. Мэдрэлийн өвчин гэдэг чинь мэдрэгдэхгүй л цаанаа байж байгаад нэг илрэхээрээ хүчтэй нөлөөлдөг юм гэсэн” хэмээн хуучлав.
Ер нь, манай улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгтэй 22 мянган хүн байдгаас 6000 нь Улаанбаатар хотод байдаг гэдэг. Үүнээс 3000 нь л үнэгүй эмээр хангагддаг аж. Ингээд бодохоор жилд 45 мянган хүн тус эмнэлгийн амбулаториор үйлчлүүлдэг байх нь. Энэ тоо жил ирэх тусам асар хурдтай өсч байгааг эмнэлгийн ажилтан санаа зовингуй өгүүлж байв. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэхээр л мэдрэл муутай эсвэл галзуу хүмүүс үйлчлүүлдэг гэсэн ойлголт байсаар ирсэн. Харин энэ сүүлийн үед өөрчлөгдөж байгаа гэнэ. Бухимдал, стресс нь мэдрэлд нөлөөлсөн хүмүүс тус эмнэлгийг зорих болсон нь эмнэлгийн ачааллыг ийнхүү нэмэгдүүлжээ.
Аливаа нэгэн улсад иргэдийнх нь дунд сэтгэцийн эмгэг ихсэхээр гэмт хэрэг, гаж үйлдлүүд нэмэгдэж, улсынхаа эдийн засаг, нийгэмд асар их хохирол учруулдаг байна. Үүнийг ч манай улс сүүлийн үед бататгаж буй. Тухайлбал, бага хүүхэд амиа хорлох, хүнийг зэрлэгээр зориудаар гал тавих зодох, шатаах, компьютерынхоо тоглоомын баатар болж хүн буудах, барьцаалах гэх мэт хүний санаанд багтамгүй хэрэг гарах болсон нь нийгмийг цочирдуулах болсон. Тэгвэл энэ бүхний шалтгаан нь нийгэм, эдийн засгийн байдал, стресс бухимдал, дон.. Эл бухимдлаа тайлахын тулд архи уухыг илүүд үздэг нь донтолт болж буй эмч нарын санааг чилээх болжээ. Тус төвд архинд донтох эмгэгтэй, үүнээсээ болж солиорсон хүн олон ирдэг гэнэ. Улсын хэмжээнд архинд донтох эмгэгтэй 100 гаруй мянган хүн бий гэсэн тоо байдаг юм. Тэр дундаа дээд боловсролтой, боломжийн амьдралтай залуус хэвтэн эмчлүүлэх болсон нь үүний нэгэн илрэл. Ийм сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн эмгэгийг эмчлэхэд сэтгэл зүйн эмч хамгийн чухал. Гэтэл улсдаа ганц тус эмнэлэгт эмч нар нь хаанаа ч хүрэлцэхгүй бөгөөд ажлын ачаалал, цалин хөлсөөс шалтгаалж ажиллах эрүүл мэндийн ажилтан ховордож байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 70 эмч л ажилладаг гэнэ.