Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нэгдүгээр давхарт олон нийтэд шүүх таслах ажиллагааг таниулах орчин бүрдүүлжээ. Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нээлттэй шүүх” төслийн хүрээнд хийсэн юм. “Нээлттэй шүүх” танхимын нээлт өчигдөр болж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа болон нийслэл, дүүргийн шүүхийн шүүгчид, БШУЯ-ны төлөөлөл оролцлоо. “Нээлттэй шүүх” төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улсад олон зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа. Шударга ёс, хөгжил дэвшил, хүний эрхийн баталгаа бол шударга, ил тод шүүх гэдэг нь нотлогдсон.
Өнгөрсөн хоёр жил орчим хугацаанд шүүхийн шинэчлэлтэй холбоотой зургаан багц хууль батлагдлаа. Эдгээр хуулийг энэ сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлж эхэлснээр нэг талаар шүүхийн төсөв хөрөнгө, цалин хангамж нэмэгдэнэ. Нөгөө талаар шүүхийн үйл ажиллагаа ил тод, олон түмэнд нээлттэй болно. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Нээлттэй шүүх” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг яагаад сонгов гэдэг нь ч учиртай. Энэ шүүхэд иргэдийн эрхийг зөрчсөн албан тушаалтантай холбоотой хэрэг маргааныг шийддэг. Тийм учраас иргэд, хэвлэл мэдээллийнхэнд шүүхийн танхимд орохгүйгээр тухайн шүүх хурлыг хянах, мэдээлэл авах боломж олгож байна. Ингэж шүүх хурлын үйл ажиллагаа ил тод болохоос гадна дөрөвдүгээр сарын 15-наас иргэд шүүх хуралд шүүгчийн адил шүүн таслах эрхтэй оролцох боломж бүрдэх юм” хэмээн ярьсан юм.
Төслийн хүрээнд эхний ээлжинд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг загвар шүүхээр сонгосон бол цаашид бусад шүүх ч үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй болгох үүднээс “Нээлттэй шүүх” танхимтай болох юм байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Нээлттэй шүүх” танхимд гурван том дэлгэц байрлуулсан байв. Үүгээр шүүх хурлыг шууд дамжуулна. Шүүх хурлын бичлэгийг огноогоор нь шүүж, дахин үзэх боломж бүрдүүлснийг ч тус шүүхийнхэн хэлж байлаа. Мөн мэдрэгчтэй дэлгэцэнд “Шүүхийн шийдвэрийн цахим сан”-г байрлуулжээ. Үүнээс хувь хүний болон төрийн нууцад хамаарахаас бусад шүүхийн шийдвэрийг үзэж, шаардлагатай бол хэвлэж авах боломжтой гэнэ.
“Шүүхийн шийдвэрийн цахим сан”-д 2011 оноос өнөөдрийг хүртэлх 54407 хэргийн шүүхийн 66890 шийдвэрийг архивлажээ. Энэ цахим санг “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд шүүхийг ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор нээсэн билээ.
Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарч “Нээлттэй танхим”-д Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Иргэний эрх зүйн хичээл заахаар тохижуулсан гэнэ. Сурагчдад шүүхийн байгууллага, бүтэц тогтолцоо, үйл ажиллагааны талаар зөв ойлголт өгөх, шүүхийн ач холбогдлыг ойлгуулах, шүүх хурлын явц, гэрч, хохирогч, шүүгч, өмгөөлөгч ямар үүрэг, эрхтэй байдаг гэх мэт мэдээлэл, мэдлэг олгохыг зорьжээ.
“Хэргийн мэдээллийн цонх” байрлуулсан байв. Иргэд энэ дэлгэцнээс өөрийн нэхэмжлэлтэй хэрэг, хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан, шүүх шатанд шилжүүлснээс хойш ямар хугацаа өнгөрсөн, тус шүүхэд хэчнээн хэрэг ирсэн гэх мэт мэдээллийг өөрөө өөртөө үйлчилж авах боломж бүрдүүлсэн нь энэ. Мэдээж, эл ажил нь Монгол Улсын шүүхийн тогтолцооны эрх зүйн үндсийг тодорхойлсон зургаан багц шинэ хуультай салшгүй холбоотой гэдгийг албаныхан онцолж байлаа. Энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх шүүхийн багц хуулиудад шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй, төвөг багатай хүргэх шинэлэг зохицуулалтууд орсон. Энэ зохицуулалтуудыг “амилуулах”, бодит ажил хэрэг болгоход дээрх “Нээлттэй шүүх”-төслийн зорилго оршиж байгаа юм.