Хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний соёл амралтын хүрээлэн цагийн сайханд 35 га талбайтай байв. Харин өдгөө 4,5 га. Дэндүү жижигхэн эл талбайгаа хүүхдийн парк гэсэн тодотголтой нь авч үлдэхийн тулд багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч дэндүү гэмээр багахан талбайдаа хүүхэд, залуус хүүхдийн баяраараа багтаж, шингэхгүй нь гачлантай. Уг нь, 2004 оноос эхлэн багагүй хэл ам дагуулсан эл паркийн газрыг эргүүлэн өгөх санаачилга ойрын үед цухалзах болов. Ашгүй дээ. Олон жил хүүхдүүд паркаа авъя, аваръя, хамгаалъя хэмээн лоозон барьж, уулзалт, хэлэлцүүлэг хүртэл зохиож байсан юм шүү дээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд Монголын залуучуудын холбооноос санаачлан өрнүүлж буй “Паркаа аваръя” хөдөлгөөний хүрээнд Төрийн ордны “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн орчим газар эзэмшдэг “Сөүл”, “Бодь”, “Мон-Уран”, “MCS” компанийн төлөөлөгчид, НИТХ-ын дарга Д.Баттулга нар ч оролцсон юм. Мон-Ураны Б.Наранхүүгээс “Та арван жилийн өмнө хүүхдийн паркийн газрыг авч байхдаа одоогийнх шиг хүүхдүүдэд зориулсан бүтээн байгуулалт хийх юмсан гэж бодож байв уу” гэж асуухад “Уучлаарай. Тухайн үед тийм бодол байсангүй.
Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй шүү дээ. Тиймээс одоо бусад эзэмшигч компаниуд нэгдээд “Паркаа аврах” хөдөлгөөн өрнүүлбэл би 100 хувь дэмжинэ. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой” хэмээн хэлсэн удаатай. Түүнчлэн тэрээр “Бодь групп паркийн газрыг өгвөл би хэзээ ч өгөхөд бэлэн байна” гэж ам гарсан. Паркийн газраас авсан нэг ч гэсэн эрхэм нийслэлийн хүүхдүүдийн тоглох талбай хумигдсан өнөө цагт газрыг нь эргүүлэн өгье хэмээн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буй нь сайн хэрэг.
Харин паркийн газрын 76 хувийг эзэмшдэг “Бодь” группийн хувьд байдлыг харзнаж байж шийдэх бололтой. Саяхан Гадаад харилцааны сайд Л.Болд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Парк бол хүүхдүүдийн л өмч. Би үүнийг хот мэдэлдээ аваасай гэж бодож байгаа” хэмээсэн. Нэгэнт паркийн газраас эзэмшигчид нийслэлийн хүүхдүүд тоглох талбайгүйг хүлээн зөвшөөрч, эргүүлэн өгье гэж байхад авах нь зүйн хэрэг. Эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг байх аа. Хэрвээ “Бодь”, “Мон-Уран” компани өгвөл үлдсэн “MCS”, “Сөүл” групп, МАК, “Шунхлай” компанийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан буцааж өгөх биз ээ. Хотын удирдлагууд ч нийслэлийн хүн амын 72 хувийг эзлэх хүүхэд, залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх паркийн газраа дахин алдахааргүй хууль эрх зүйн орчин бүрдүүлж, таван жил хүлээсэн “Дисней лэнд”-ийг нь босгож өгвөл ч... Магадгүй, газрынхаа л асуудлыг цэгцэлчихвэл байгуулаад өгье хэмээн Японы “Иточу” компанийнхан санал болгож байсан “Дисней лэнд”-ийг жинхэнэ бодитоор нь байгуулж болно. Хангалттай газар байгаа юм чинь.
Өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 76 хувийг “Бодь” групп 24 хувийг нийслэл, “Мон-Уран” 1.1 га газрыг нь авсан бол “MCS” группийнхэн таван одтой “Шангри-Ла” зочид буудал барьж буй. Олон хүүхдийн мөрөөдөл болсон эл соёл амралтын хүрээлэн 1965 онд барих шийдвэр нь гарч цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх ажилд нийслэлчүүд гар бие оролцсон гэдэг. МХЗЭ-ийн урилгаар БНАГУ, Болгар, ЗХУ-ын олон зуун барилгачид ирэн 45 объектыг барьж байгуулсан түүхтэй эл паркийг аврахад газрыг нь эзэмшигч компаниуд гар сунгаасай... Улаанбаатар хотын түүхэн чимэг байсан паркаа аварна гэдэгт итгэж, найднам.