Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.БҮРНЭЭБААТАР: ЗАЛУУСТ ШИНЭ БОЛОМЖ, ШИНЭ САНААНЫ НИЙГЭМ ГЭдгийг ОЙЛГУУЛМААР БАЙНА


Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн өндөр настан Д.Бүрнээбаатартай ярилцлаа.

-1990-ээд онд болсон ард­чил­сан хувьсгалд гар бие орол­цож байсан үеэ дурсахгүй юү?
-1989 оны сүүлчээр Ардчилсан холбоог байгуулсан үед би сумандаа эмнэлгийн жолооч байлаа. Тэр үед хотод ирж, холбооны анхдугаар чуулганд төлөөлөгчөөр оролцсон юм. Кино үйлдвэрт ажиллаж байсан Батчулуун гэдэг хүнтэй хамт нутагтаа буцаж очоод Ардчилсан холбоо байгуулж, 108 гишүүнтэй боллоо. Дараа нь Ардчилсан нам болох үед нь физикч Төмөр-Очир, Батсуурь, Бямбадорж нарын сэхээтнүүдтэй хамтран зүтгэсэн юм. Эмнэлгийн жолооч иргэдээ сайн таних учраас хүмүүс намайг их сонсч, хүлээж авдаг байсан хэрэг.

-Таныг ардчилсан хувьсгалыг дэмжиж байхад цагдаагийн газраас баривчилж, байцаасан гэж дуулсан юм байна. Шахалт, хавчилга хэр их байсан бол?
-Тийм ээ. Улаанбаатар хотод Ардчилсан намын залуус өлсгөлөн зарласан юм. Түүнийг нь сумынхаа ардчиллыг дэмжигч гишүүдтэй хамт “Та бүхнийг хөдөлмөрчин, малчин иргэд дэмжиж байна” гээд гарын үсэг цуглуулаад захидал бичив. Гэтэл хэсгийн төлөөлөгч намайг байцаагаад хөдөлмөрчин гэж хэн бэ, хэн үүнийг бичсэн юм гээд л шалгаасан. 100 гаруй гишүүнийхээ гарын үсгийг цуглуулснаа, захидал илгээснээ би хэлсэн. Бид хөдөлмөрчин иргэн биш хэрэг үү гээд л тайлбарлаад өнгөрч байсан юм.

-Ардчилсан хувьсгалыг хү­мүүс яаж хүлээж авч байсан бол. Ялангуяа, ойр дотных нь хүмүүс айдастай байсан гэдэг?
-Ээж, ах дүү маань намайг дэмий юм хийлээ гэж хорьж байсан ч одоо зөв байжээ гэдгийг дандаа ярьдаг. Зарим хүн “Чи одоо үүнийгээ зогсоо”, “Ингэж байж амиа алдав даа” гэдэг байсан. Гэхдээ уулын уруу бууж ирж байгаа үерийг далан босгоод зогсоочихдог юм биш гэдгийг би их хэлдэг байсан юм. Одоо ч ярьдаг. Дэлхий нийтийн ерөнхий хандлага ардчилал руу чиглэснийг тайлбарлаж байсан. Одоо Хойд Солонгос, Хятад гээд хэдхэн улс л социалист тогтолцоотойгоо зууралдаж байна шүү дээ.

-Өнөөдрийн нийгэм таны хүсч, тэмцэж байсан өөрчлөлтөд хүрсэн үү?
-Би улс төрд чих тавьж л суудаг юм. Мэдсэн дуулснаа залуустаа хэлж, ярьдаг. 2008 он хүртэл Их-Уул сумынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Төрийн хайр хишиг хүртэж Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрх чөлөөний одон гээд олон цол медалиар энгэрээ мялаасан. Залуучуудыг идэвхтэй, мэдлэгтэй болгомоор санагддаг. Бидний үе өнгөрөхөд цаашид улсаа жолоодох хүмүүсээ сайн бэлтгэх хэрэгтэй байна. Шинэ нийгэм, шинэ тогтолцоо, шинэ боломж, шинэ санаа бүхий улсын иргэн гэдгийг нь залууст ойлгуулмаар санагддаг. Улс төрд нэг муухай зүйл устахгүй байсан хэвээр. Шинэчлэлийн Засгийн газрын дөрвөн жилийг яаж бусниулах вэ, удахгүй болох сонгуулиар яаж өрсөлдөгчөө бүдрүүлэх вэ гэсэн улс төржилт ихэслээ. Гүтгэлэг, худлаа мэдээлэл их боллоо шүү дээ. Гэтэл үнэндээ тэр муухай бүхнийг хийж, түгээж байгаа хүмүүс өөрсдийнхөө нэр хүндийг л улам алдаад байгааг ойлгохгүй байна. Тэртэй, тэргүй ажил бүтээл нь худал бүхнийг харуулна шүү дээ.

-Монголын нийгмийн тог­тол­цоо бүрэн өөрчлөгдөх хувьсгалд гар бие оролцож явсан партизан одоо ямархуу амьдарч байна даа?
-Ах нь зургаан хүүхэдтэй. Ардчилсан намыг дэмждэггүй газар хүүхдүүд маань сургууль төгсөөд ажилтай болж чадаагүй. Тийм болохоор гурван хүүхэд минь Шведэд гэр бүлээрээ амьдардаг. Нэг охин маань Улаанбаатарт гутал үйлдвэрлэж, дүү нь борлуулалтыг нь хариуцан сумандаа дэлгүүр нээгээд ажиллуулж байгаа. Амьдрал сайхан байна аа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан