Хөдөөд нялх төлийн дуу ид цангинаж байгаа. Гэвч ойрын өдрүүдэд тэнгэр бүүдгэрч цаг агаар тогтворгүй болж, хаваржилт хүндрэх тийшээ хандсаар. Ер нь, хаврын улирал хамгийн эгзэгтэй тогтворгүй улирал гэдэг. Иймд орон нутагт хаваржилт болон мал төллөлт ямархуу байгааг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны уламжлалт мал аж ахуй гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар мал төллөлт хэдэн хувьтай байна вэ. Улсын хэмжээнд хэдэн төл хүлээж аваад байна вэ?
-Энэ онд хээлтэй орсон 14.2 сая малын 80 хувиас нь төл хүлээн авах урьдчилсан тооцоотой байна. Өнгөрсөн сарын 31-ний байдлаар гурван сая 192 мянга 583 хээлтэгч төллөж, 3 сая 610 мянга 632 төл бойжиж байгаа. Харин 418 мянга 49 төл ихэрлэсэн гэсэн мэдээ байна.
-Хаврын улиралд мал сульдаж зүй бусаар хорогдох тохиолдол элбэг байдаг. Энэ хаврын тухайд хэр байна вэ?
-Одоогоор улсын хэмжээнд нийт 203 мянга 43 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Энэ нь, өмнөх долоо хоногоос 29 мянга 541 толгойгоор нэмэгдэж, оны эхний нийт малын 0.49 хувийг эзлээд байна.
-Аль аймаг малын хорогдолтой байна вэ?
-Хөвсгөл, Архангай, Завхан аймаг. Дээрх гурван аймаг улсын хэмжээнд малын нийт хорогдлын 46.5 хувийг эзэлж байна. Хаваржилтын хувьд Дорнод аймгийн Халх гол суманд хаваржилт хүндэрч байгаа тул ҮХАА-н сайд, дэд сайд мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бусад албаны хүн орон нутагт газар дээр нь ажиллаж шаардлагатай арга хэмжээ авч “Малчдаа туслая” аяны хүрээнд Халхгол суманд 30 тонн хивэг илгээгээд байна.
-Цаашдаа цаг агаар ямар байх бол. Тэнгэр муухайрч малын зүй бүс хорогдол нэмэгдэх вий гэсэн айдас малчдад бий?
-Энэ сарын 4 хүртэлх цаг агаарын байдлыг харахад дөрөвдүгээр сарын 1-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун зүгийн зарим хэсгээр цас орно. Харин дөрөвдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарч бусад хугацаанд Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Халх голын саваар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээ ирүүлсэн. Тэгэхээр малчид цаг агаарын мэдээгээ сайн сонсох хэрэгтэй. Хаврын тэнгэр халтай гэдэг шүү дээ.