“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам” хэл ам дагуулж эхэллээ. Учир нь, энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн эл журмын дагуу хориотой бүс гэж тодорхойлсон газарт байрлуулсан аж ахуйн нэгжүүдийн самбарыг буулгаж буй. Гэвч журам зөрчсөн гэх нэрээр бусдын өмчид муйхраар хандан эвдлэн буулгаж байгаад “Глобал сикл” компанийн захирал Б.Эрдэнэжаргал гомдолтой байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Хотоос гаргасан сурталчилгааны самбарын талаархи шинэ журмыг мөрдөнө. Гэхдээ өмнө холбогдох газрынх нь зөвшөөрлийн дагуу байрлуулсан самбарыг журам зөрчсөн мэтээр ярьж, дахин ашиглах боломжгүй буулгаж байгаа нь хууль бус үйлдэл” гэв.
Хэвлэлийн хуралд ирсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд “Самбар буулгасны төлбөр гэж их хэмжээний мөнгө нэхээд зогсохгүй дүүргийн Засаг дарга нар шинэ журмаар хориглоогүй газруудынхыг ч буулгаж байна. Тэгэхдээ самбар буулгасан компаниуд дахин ашиглах боломжгүйгээр жижиглэн 250 гаруй самбарыг буулгах нэрээр сүйтгэлээ. Үүний цаана 200 гаруй аж ахуйн нэгж дөрвөн тэрбум төгрөгөөр хохирлоо. Авах гээд очихоор тухайн самбарын өөрийнх нь өртгөөс илүү төлбөр нэхнэ. Шинэ журмыг далимдуулан хориглоогүй гудамжуудынхыг ч хүч түрэмгийлэн, дур мэдэн буулгаж байна лээ. Та нар газар дээр нь очоод үзээрэй” хэмээв. Үүнийг ч “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт ”Монгол Улсад бусдын өмчид халдвал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл самбар буулгаж буй байгууллагууд дахин ашиглах боломжгүйгээр жижиглэн сүйтгэснээс аж ахуйн нэгжүүд хохирч байна. Уг нь, нэгэнт байршуулсан самбарыг хэрхэн буулгахаа гэрээгээр зохицуулсан атал зөрчин бусдын өмч хөрөнгөд халдаж буй нь хууль бус үйлдэл. Тиймээс Цагдаагийн байгууллага болон Захиргааны шүүх, Иргэний шүүхэд хандана” гэв. Түүгээр ч зогсохгүй гаргасан журмыг нь хэрэгжүүлэгч агентлагууд хэрхэн хэрэгжүүлж буйг нийслэлийн удирдлагуудад хүргүүлнэ гэдгээ ч энэ үеэр тэд мэдэгдэв. Самбарын бизнес эрхлэгчдэд эл гомдлоос гадна Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг амьдралд хэрэгжүүлэхэд эргэлзээтэй нэгэн заалт тэдний гайхшралыг төрүүлж байгааг ч сэтгүүлчдэд дуулгасан юм. Энэ нь, хэрвээ хэн нэгэн дэлгүүрийнхээ үүдэндээ ТҮЦ, хаягаа бичих бол зөвшөөрөл авч, төлбөр төлнө гэж заажээ. Энэ талаар самбарын бизнес эрхлэгч нэгэн “Хүн яахаараа дэлгүүрийнхээ гадна хаягаа өлгөх бол хотын захиргаанаас зөвшөөрөл авах ёстой юм. Гэр хороолол дунд байрлах дэлгүүрийнхээ хаягийн зөвшөөрөл авахын тулд хотын төв рүү очих ёстой юм уу. Төр өөрөө хүнд суртал бий болгодог гэдэг нь энэ шинэ журмаар батлагдаж байгаа юм” гэв. Түүнчлэн самбарын бизнес эрхлэгчдийн ярьж буйгаар хэт өндөр татвар тогтоосон гэнэ. Тухайлбал, өмнө нь аж ахуйн нэгжүүд зургаан сая төгрөгийн татвар төлдөг байсан бол шинэ журмаар 19 сая 800 мянган төгрөгийн татвар төлөхөөр болжээ.
Харин самбар эрхлэгчдийн гомдол хэр үндэслэлтэй болохыг НЗАА-ны мэргэжилтэн Э.Даваахатанаас тодруулахад ”Өнөөгийн байдлаар 300 гаруй самбар буулгаад байгаа. “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх” журмынхаа дагуу ажиллаж байгаа. Хууль бус үйлдэл байхгүй. Энэ талаархи гомдол ч манайд ирээгүй” гэв. Ямартай ч, хотынхоо өнгө төрхийг өөрчлөх гэж хичээсэн хотын шинэ удирдлагуудын ажил олон хүний өмчид хайхрамжгүй хандсанаар шүүхийн хаалга татах бололтой.