Улаанбаатар хотод нэгэн сонирхолтой амралтын өдөр өнгөрлөө. Амьдралын хэв маяг, ням гараг бүр давтагддаг зүйлс нэг л өглөө босч ирэхэд өөрчлөгдсөн нь нийслэлчүүдэд гэнэтийн бэлэг болсон юм. Хавар дундаа орлоо, удахгүй зун болно хэмээн сэтгэсээр өглөө босоход шагайгаар татсан цас угтсан нь амралтын өдрийн анхны сюрприз. Өмсөхөөр төлөвлөж байсан хувцсаа өөрчлөх болж, хүүгээ хөдөө тийш өвөө, эмээд нь аваачих зэрэг зарим ажил ч бүтэх эсэх нь эргэлзээтэй болов. Учир нь үүр шөнөөс эхлээд орсон цасанд авто зам тэр чигтээ мөсөн гулгуур шиг гялтайж. Тохижилт үйлчилгээний компани/ТҮК/-ийн ажилтнууд ачааны машин дээрээс давс хүрздэн цацаж, хальтиргаа гулгаанаас сэргийлж байв. Гэвч гулссаар яваад хөнгөхөн шүргэлдсэн машины жолооч нар зам түгжин зогсч байхтай хоёр ч удаа таарлаа. Ажилдаа явах миний замд л ийм байхад хот даяар хэдэн шүргэлцээн гарсныг төсөөлөх гээд ч хэрэггүй. Тэр ч утгаараа өнөөдөр автомашинаа унах хэрэггүй гэж байгаль дэлхий хүртэл сануулж байх шиг санагдлаа.
Өдөр бүр суудаг автобусны маань явах маршрут хүртэл өөрчлөгджээ. Баруун, Зүүн дөрвөн замын хооронд, Гэсэр сүмээс Сансарын тунель хүртэл хөдөлгөөн хаасан учраас үүгээр зорчдог байсан автобуснууд өөр замаар явах болж. Кондуктор цонхоороо гэнэт өөрчлөгдсөн маршрутаа буудал бүрээр нь зарлаж, зорчигчдоо авна. Сүхбаатарын талбай орох уу гэж буудал дээр зогсох бүсгүйчүүд кондуктороос асууна. “Өнөөдөр төв зам хаалттай, бид Нарны замаар тойроод Зүүн дөрвөн зам хүрнэ” гэж тайлбарлахад дараагийн автобус хүлээгээд үлдэх нь “Автомашингүй өдөр”-өөр төв зам хаалттай байгааг, энэ хугацаанд нэгээхэн ч автобус Д.Сүхбаатарын талбай хүрэхгүй гэдгийг хүмүүс мэдээгүйн шинж биз. Баянхошуунаас МУБИС хүрэх автобус Баруун дөрвөн зам хүрээд буцах болов. Түүнээс цааш газар үгүй гэдэг шиг автобус Баянхошуу руу хөдөлж, зорчигчид төв зам руу цувралдан алхлаа. Гэрээс дөнгөж гарахад цас дагтаршаад, ердийнхөөсөө илүү хальтаргаатай болсон шиг санагдсан. Гэтэл төв замын цас аль эрт хайлаад, хажуу хөвөөгөө даган урсан, зарим хэсэгт нь шалбааг тогтжээ. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн төрийн үйлчилгээний салбар байгууллагууд төв зам дагуу хэсэг хэсгээр байраа эзэлж, нээлттэй өдөрлөг зохион байгуулав. Үзүүлэх тоглолт, үзлэг шинжилгээ, татвар, даатгал, сургалт танилцуулга, сурталчилгаа тайлан гээд Энхтайваны өргөн чөлөөнд дутуу зүйл үлдээгүй аж. Тэдний хажуугаар унадаг дугуйтнууд ус туучин энд тэндэхийг сонжиж, дугуйт тэшүүртэй хүүхдүүд цасан дээр анх удаа гулгаж байгаагаа шагшицгаана. УИД-ийн өмнөх усан оргилууртай талбайд дугуйн түрээс болон худалдаа үйлчилгээ явагдаж, цөөнгүй хүн дугуй авсныг хэллээ. Нэг дугуйн өдрийн түрээс нь 10 мянган төгрөг байхад худалдаалж буй дугуйн үнэ 350-950 мянган төгрөгний хооронд хэлбэлзэж байлаа.
Бяцхан охин өвөөтэйгөө уралдан, хөгжүүхнээр инээд алдаж, хажууд нь аав ээж нь өхөөрдөн зураг дарж байв. Эгчийнхээ дугуйн ард сундлан суусан хүүхдийг аав нь унагаачих вий гэсэндээ болгоомжтой бариад гүйнэ. Хүүхдээ хөтлөөд явж байгаа залуухан аав, ээж хоёр “Долоо хоног бүр ийм байдаг бол, гоё юм” гэж ярилцах ч дуулдав. Чимээ аниргүй төв замаар алхахад дэргэдүүр зөрөх хүмүүсийн яриа тодхон сонсогдох нь тэр. Энэ өдөр гэрэл зургийн аппараттай хүмүүст их л олзуурхам санагдсан бололтой, Энхтайваны өргөн чөлөөнд хэдэн ч зурагчин байгааг хэлж мэдэхээргүй аж. Элдэв зүйл үзэж, сонирхож явсаар Д.Сүхбаатарын талбай хүрэхэд нэг цаг зарцууллаа. Тэнд 1000 дугуйчны парад үзүүлбэр болж байв. Бүх цасыг цэвэрлэж амжаагүй ч дугуйчид явахад зориулж зам гаргажээ. “Автомашингүй өдөрлөг”-ийн үйл ажиллагааг ерөнхийлөн зохион байгуулагчид энд цугларч, иргэдэд танилцуулга хийлээ. Хавар хэрнээ цастай, хот хэрнээ автомашингүй ийм нэг сонирхолтой өдөр өнгөрөхөд зам эргэн нээгдэж, эргээд л хуучны амьдралдаа орлоо. Гэхдээ хүмүүсийн сэтгэлд машингүй амьдарч болдог гэдгийг сануулж, нэгийг бодогдуулсан нь мэдээж.
“Автомашингүй өдөр”-ийг эсэргүүцэгчид
Автомашингүй өдрийн долоо хоног аянаар хэд хэдэн зүйлийг уриалж, ухуулж байсны дотор нийтийн тээврийг сонгох асуудал багтаж байв. Гэвч өчигдөр автобуснууд урьдынхаас бага зорчигчтой, машинууд энгийн өдөр шиг олноороо хөдөлгөөнд оржээ. Нийслэлийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагууд, залуучуудын холбоодоос санаачилж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг тэдгээр жолооч нар маань эсэргүүцэж байгааг дээрх байдал нотолно. Тэдний гомдлын үгс интернэт хуудсуудаар нэг тархлаа. “Нийслэлийнхэн хийх ажлаа олсонгүй”, “Ийм садист санаачилга хэрэгжүүлэх ч гэж”, “Цаснаар дугуйтай явахдаа яах вэ дээ, мозахистууд/тушаал биелүүлэгчид/”, “Цаг агаараа харчихаж болдоггүй юм байх даа” гэхчлэн хэнд хаягласан нь тодорхойгүй үгс фэйсбүүк, твиттерээр дүүрлээ. Гэхдээ эдгээр гомдол хаанаас гарч ирсэн нь ойлгомжтой байсан юм. 100 айл, Нарны замын яг голд нь түгжрээд зогссон машины дотроос эдгээр үг гарчээ. Хэрэв тэд өөрсдийнх нь эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөний төлөө зам хааж байгааг ойлгоод, машинаасаа ганц өдөр татгалзаад нийтийн тээврээр зорчсон бол. Хэрэв тэд ажил ажил гэж өдрийн нартай өрсөлддөг их тэмцлээсээ хэдхэн цаг татгалзаад гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөсөн бол. Хэрэв тэд хийе, бүтээе, анхаараач гэсэн үгсийг сонсоод, анзаарч нэг дэмжсэн бол ийм түгжрэл гарахгүй байлаа.
Зам чөлөөтэй, машин багатай үед нийтийн тээврийн хэрэгсэл шиг хурдан явдаг унаа байдаггүй болохыг замын нэгдүгээр эгнээнд зөвхөн автобус явдаг болсноос хойш бид бодитоор мэдэрсэн шүү дээ. Энэ өдөр хальтаргаанаас болж хоорондоо шүргэлцсэн машин хэрэв гаражиндаа байсан бол тэр их түгжрэл, бухимдал үүсэхгүй, цаг алдахгүй байсан сан. Харин ч эсрэгээрээ жолооч нар нийтийн тээврийг сонгосон бол бүх ажил нь хангалттай амжих байв. “Автомашингүй өдөр”-ийг эсэргүүцэгчдийн хүч их. Аливаа зүйлийг бүтээн хэрэгжүүлэхэд хэцүү, баллаж нураахад хялбар байдаг хойно. Ням гарагийн амралтаараа төлөвлөсөн ажлаа хөөцөлдөхийн тулд машинаа орхиж, автобусаар явсан цөөнгүй жолооч их түгжрэл дунд хохирсон нь тодорхой. Харин дараагийн удаа “Автомашингүй өдөр” зохион байгуулахад тэрхүү “хашрууд” машинаа үлдээхгүй, их түгжрэл рүү дуут дохиогоо хангинуулан зүтгэнэ. Учир нь хаширсан хүнийг л хашир гэдэг шүү дээ. Нөгөө талаас энэ өдөрлөгийн бас нэгэн гол зорилго нь унадаг дугуй бол авто зам дээр зорчих бүрэн эрхтэй тээврийн хэрэгсэл гэдгийг хүмүүст ойлгуулах. Эрүүл, идэвхтэй, байгальд хоргүй, аюулгүй унаа бол дугуй. Харин манай улсад сүүлчийн заалт буюу аюулгүй хэмээх ойлголт нь үгүй болчихоод байна. Тэр хэрээрээ хүн бүр машинтай болж, өдөр бүр түгжрэл нэмэгдэж, бухимдал, нийгмийн стресс хүрээгээ тэлсээр. Өдөрт дунджаар 300 машин замын хөдөлгөөнд шинээр орж байдаг гэх тоо баримт таны бухимдлыг асаах шүдэнз мэт сонсогдож мэднэ. Тэгвэл өдөрт 300 хүн унадаг дугуй худалдан авдаг болчихвол таны замыг хааж түгжихгүй, тантай уралдаж бухимдуулахгүй, тэгээд ч таны гэр бүлийн, бусдын эрүүл мэндэд тустай үйлс бүтээж байгаа биз. Эрхэм жолооч та ч дугуйчдын эгнээнд шилжих боломж бий.
“Ийм өдөрлөг долоо хоног бүр болдог ч болоосой”
Жилийн 365 хоногт машины жолооч нар Улаанбаатарын бүх замыг эзэгнэдэг. Үүнээс ганц өдрийнх нь долоохон цагт дугуйчид, явган алхагчид, төрийн албаныхан, хөгшид, хүүхдүүд, гэр бүлийнхэн төв замаа эзэмшлээ. Гэхдээ нийслэлийн бүх замыг биш, таван хувьд ч хүрэхгүй багахан хэсгийг хаахад жолооч нар яаж бухимддагийг бид харлаа. Тэгвэл машинтай хүмүүс дугуйчдад хэр олон удаа зам тавьж өгдөг билээ. Гарцаар гарч буй явган хүмүүсийг яаж шавдуулдаг билээ. Хороолол доторх замаар хэрхэн хурдалж, хотын төвөөр яаж давхидгийг бүгд мэднэ. “Автомашингүй өдөр”-өөр, дугуй бол тээврийн хэрэгсэл гэдгийг хүн бүрт ойлгуулах нь л хамгийн үр дүнтэй ажээ. Хоёрдугаарт, хэрэв хэн нэгэн санаачилга гаргаж, автомашинаас татгалзахгүй бол яг л өчигдөр 100 айлын замд бөглөрч зогссон шиг Улаанбаатарт машинаар урагш явах нөхцөлгүй болоход ойрхон байгааг сэрэмжлүүлэх мэт. Гөжүүдэлж, зөрүүдлэх жолооч нарыг бодох тусам хүүхдээ хөтөлж явсан эцэг эхийн үгийг давтмаар санагдана. Ийм өдөрлөг долоо хоног бүр болдог ч болоосой.