Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДОНОР

Анагаах ухааны “Энэрэл” дээд сургуулийн захирал, доктор, профессор Д.Дорж одоогоос 40-өөд жилийн өмнө буюу 1974 онд нохойд бөөр суулгах, нохойн цээж бөгсийг салган зүрхийг тусгаарлуулан ажиллуулах зэрэг туршилт хийсэн нь Монгол Улсад эрхтэн суулгах мэс ажилбарын эхлэл болсон юм.
Түүний 1974 онд бичсэн “Донор” нэртэй зөгнөлт, сэтгэмжийн өгүүллэг нь 1975 онд “Нар тоссон говь” номонд хэвлэгдсэнийг уншигч танд зохиолчийн зөвшөөрлөөр хүргэж байна.
Донор хуруу шилэнд үр тогтоох буюу үр шилжүүлэн суулгах замаар хүүхэдтэй болох аргыг анх 1978 онд Англи улсад амжилттай туршсан бол манай улсад одоогоос гурван жилийн өмнөөс “Хуруу шилний хүүхэд” нэртэй төсөл хэрэгжиж  байгаа юм. Одоо “Ануухай” эмнэлгийн эмч нар /О.Батсүх, Б.Баярмаа/ 30-аад хүүхэд төрүүлээд байгаа ба түрүүчийн хүүхэд нь гурван ойдоо хүрч байна.

-Би ах, эгч хоёрыг салах гэж байна гэж дуулаад эвлэрүүлэх санаатай Улаанбаатар хотоос яаралтай ирсэн юм. Үнэндээ нэгэнт сэтгэл санаа нь хөрч, харьж гүйцсэн хоёр бол  би ирээд ч яах  юм билээ дээ. Ёстой нөгөө Б.Явуухулан гуайн шүлэглэснээр “Ган аргамжнаас ч бол мултраад гарна” гэдэг болно биз. Гэвч миний сэтгэл зовоод болж өгөөгүй юм. Тийм улсыг салж саринах дээрээ тулчихаад байна гэдгийг үнэмшихэд бэрх байлаа.
Ах маань хүний их эмч, мэргэжилдээ дуртай, дуу цөөн, илүү дутуу олон зангүй чигээрээ амьтан. Харин нэг гэм нь аливаа ажлыг эхэлбэл түүнийхээ эцсийг үзэх гэж махран зүтгэдэг боловч хүний зөвлөгөө авах талаар муу, өөрийнхөөрөө л гэдэг. Бэргэн маань бол ахын бараг эсрэг дүр гэхэд болно. Сургуульд бичээчийн ажилтай, санасан бодсоноо хэлэхээс нааш амардаггүй цагаан цайлган сэтгэлтэй. Хэрэв ахад үглэж загнаж байхыг нь хараагүй бол хэн ч сайхан зантай эхнэр гэж хэлнэ. Өндөр намаараа ч тэмээ, ямаа шиг хоёр. Хамт явааг нь холоос харахад охиноо дагуулсан юм шиг гэж үеийнхэн нь тоглодог юм.  Иймэрхүү харьцангуй өөр өөр байдал нь эсрэг цэнэгтэй соронзонгууд харилцан таталцдаг шиг дурлалт хоёрыг улам дотно болгодог гэж зарим хүний ярьдагт би итгэдэг юм.
Аргагүй л заяагаараа учирсан хоёроос төрж үү гэмээр хүүхдүүд нь бас хөөрхөн амьтад байгаа юм. Царайны өнгө эцэг шигээ шар биш, эх шигээ бор биш цагаан. Эцгийнхээ хөмсөг муутай бөлцөн нүдийг дууриасан хүүхэд ер байхгүй, цөм эх шигээ өтгөн хар хөмсөгтэй давхраатай нүдтэй. Харин магнай нь эцгийгээ дууриасан өргөн, өсөлтөөр хэт өндөр ч үгүй яг тааруухан “Ёстой л та хоёрын хамтын бүтээл юмдаа” гэж нөхөд нь дамшигладаг нь оргүй зүйл биш билээ.
Ах минь анх нутгаасаа номын мөр хөөж гав ганцаараа л гарсан юм гэдэг. Тэгэхэд одоо зургаан халуун ам бүл болчихоод байгаа нь бахархалтай бөгөөд хэрвээ энэ сайхан амьдрал салж сарнихад хүрвэл хэчнээн харамсалтай билээ... Би ирсэнийхээ маргааш орой гурван өрөөний шал угаачихаад хоол бэлдэхээр гал тогооны өрөөнд оров.
Эгч, хүүхдүүдээ усанд оруулж хувцас хунарыг нь сольж, заримынх нь хумсыг авч байв. Удсан ч үгүй тогоотой ус буцалж бууз жигнэхэд бэлэн боллоо. Хорин цаг дөхөвч цагаан гэгээ арай тасраагүй байв.
-Буузаа тавих уу? Ахыг жаахан харах уу? гэж эгчийн янзыг туршсан байртай асуувал:
-Тавь, тавь тэр юу гэж мөд ирэхэв. Ямар хагас, бүтэн сайны амралт гэж Сүх бид хоёрт байдаг биш. Уул нь танай ахаас өөр хүнд бол өнөөдөр ч одоо хэдэн хүүхдүүдтэйгээ бужигнаж, гэр орныхоо ажилд тусалж, хоол ундаа тавтай идэж, ууж баймаарсан даа. Юугаа хийж явдаг хүн юм бүү мэд. Дандаа л алга болчих юм гээд уртаар санаа алдав.
Би “Эгч лав салах гээгүй юм байна даа” гэж бодоход дотор минь уужран ирсэн зорилго маань аяндаа биелэгдэх шиг санагдав.
Үнэндээ ахыг бол ч би аргална л даа.
-Хоолоо идэж дуусаад би дүү нарыг унтуулж 21 цагаас аймгийн соёлын ордонд юм үзэх санаатай байсан боловч эгчийг явахгүй гэхээр нь хүчилсэнгүй. Ороо засаж нэг ном барьж аваад хэсэг хэвттэл ашгүй гудамжинд хөлийн чимээ сонсогдсонд ах минь ажил нь их л бүтсэн хүний байртай инээмсэглэл тодорсон царайтай орж ирснээ, эгчийн хутганы ир шиг ширүүн харцтай тулгарав. Үүдний чийгтэй  алчуурт хөлөө хэд үрснээ,
 -Хүүхдүүд унтчихаа юу? Чив чимээгүй байх чинь. Та хоёр юм үзэхгүй яагаав? гэж эгч рүү аргадангуй харж асуугаад хувцсаа өлгүүрт өлгөчихөөд гал зуух руу оров. Би “За ах аа, хоолоо ид” халуун савтай цай бий” гэж хэлэх гэснээ эгчийг дуугүй байхаар нь дагалдан зөвхөн цай, хоолыг нь дөхүүлж өгөөд ор руугаа буцав.
Тасалгаанд хэн ч дахин дуугарсангүй, хэн хэн нь бүрхэг тэнгэр шиг дүнсгэр байцгаав. Удахгүй эгч тогоо шанагаа хангир янгир дуугарган аяга шанагаа хаялах нь ширүүн борооны өмнөх хуй салхитай адил санагдав. Тэгснээ борооны түрүүндэх ганц хоёр дусал шиг хэрүүлийн үг шидэлж эхлэв. Ах хариу юу ч дуугарсангүй.  Харин буузны шөл шоржигнотол сорж, халуун цай хааяа нэг оочих нь сонсогдож байлаа. Эгч улам уур нь хүрсэн бололтой дуу нь өндөрсөж, үг нь олшров. Удалгүй гар нь салгалан амьсгаадсаар ахын бүр дэргэд нь ирээд үг, нулимс хоёрыг ёстой нэг үер хур бууж байгаа юм шиг урсгаж гарлаа.
-Чам шиг хүн хорвоод ховор, санасан бодсоноо хэлнэ гэж нэг байхгүй. Дандаа л дотроо эсгэж ялзруулж байна. Чамайг  намын гишүүнд элсэхгүй удаад байгааг чинь ч мэдэж байна. Бүтэн сар өргөдөл бичих зав олдохгүй байхдаа яадаг юм. Одоо ерөөсөө больё. Тэснэ, тэснэ гэхэд ингэж тэсэх гэж яах вэ. Чи бид хоёр байтугай, тэрнээс цаадах нь салдаг юм. Одоо ингээд мөрөө харах минь гэснээ над руу хандаж,
-Чи мэднэ дээ Гончиг, бид хоёр анх нийлэхдээ ямархуу янзтай байлаа. Энэ, гурван модон хайрцаг ном, ганц ортой л байсан. Одоо тэхэд хар даа. Эд хогшилтой бол хогшилтой, үр хүүхэдтэй бол хүүхэдтэй хүний зэрэгтэй л амьдарч байна. Тэгээд юугаар дутлаа гэх юм бэ? Ганц юм санаагаараа хийнэ гэж байхгүй. Дандаа л миний эрүү, хэл оролцоно. Гэр орны ажил дэндүү мэдэхгүй. Адаг сүүлд нь авгай хүүхэд эргүүлдэг боллоо. Энэ бид хоёрын хэрүүл Эрдэнээгийн хүүхэн Чимэгээ жирэмсэн болсоноос эхлээд ер тасраагүй юм гээд мэгшин уйлж эхлэв.
Би бүр аль ч учраа олохыг болив. Үүнийг хэрүүл гэхэд ганцаараа яриад байх юм. Загнаж байна аа гэхэд бас биш. Цаадах нь ер гэмшсэн шинжгүй. Одоо юу хийх вэ гэдгийгээ л төлөвлөж байх шиг санагдана. Нэг ёсондоо ахын тухай суртал ухуулга хийгээд байх шиг санагдлаа. Би эгчийг өрөвдөж, ахыг ганц ч болов үг дуугараасай гэж бодож байв. Эгч дахин ах руу давшилж чам шиг гуч гарчихаад ингэж явдаг хүн байхгүй. Очиж, очиж тэгээд өчнөөн жил огт хүүхэд гаргаагүй Чимэгээтэй шүү.
Ах босоод цохиод авах нь уу гэмээр муухай харав.
-Чи тэг л дээ. Босож ирээд цохь, худлаа юмуу, чи анх Чимэгээгийн хүүхэд хөдлөхийг мэдэж зүрхний нь цохилтыг сонсож баярлахдаа дуу алдаж гуяа алгадаад гүйх шахсан гэж өөрөө хэлсэн шүү дээ. Одоо ч гэсэн чи Чимэгээг төрөх гэж байгаа болохоор сэтгэл чинь түгшиж, тийшээгээ очих гэж яарч байгаа шүү дээ гэв.
-Тиймээ! Чи ер нь адилхан эх хүн байж яасан хамаагүй үг хэлдэг юм бэ? Энэ бол миний мэргэжилтэй холбоотой юм гэж чамд хичнээн удаа хэлэх юм бэ?
-Мөөн, Чимэгээ тэгээд чиний мэргэжил юмуу. Чимэгээтэй адил жирэмсэн эхчүүд зөндөө байхад, чи ганцхан түүнийг л онцолж гэрээр нь больниц хийчихээд ухаан жолоогүй шогшоод байхдаа яадаг юм. Бусадтай нь адилхан байх чинь яагаав. Тэр ч байтугай чи намайг дөрвөн хүүхэд гаргахад ганц ч болов олигтойхон санаа тавьж байсан удаагүй гэхэд хилсдэхгүй. Ямар хүн нь чиний мэргэжилтэй холбоотой, ямар нь холбоогүй байдаг юм бэ алив чи хэлээд аль!!! гээд улам цухалдав.
-За Ариунаа минь боль доо, битгий ингэж чанга хашигар. Айл амьтан ч юу гэж бодох юм билээ гэж ах аяархнаар төв хэлснээ “ Би явъя цаг болчихлоо” гээд босож хувцасаа өмсөв.
-Уухай хийхдээ чи зовоогүй юм чинь хэлэхээ би зовохгүй ээ гээд эгч цувны нь хормойноос угз татсанаа дуугаа нам болгож аргадангуй байдлаар:
-Чи тэгээд хэлэхгүй юм уу гэв.
-Ариунаа минь ээ, чи хүнд яасан итгэдэггүй юм бэ? Тэр жил би хүүгээ маш халуунтай байхад чамайг уйлуулж орхиод л алсын дуудлаганд явж байсан шүү дээ. Тэгээд сүүлд нь чамд эмчийн тангараг тайлбарлахад чи толгой дохиж байсан. Одоо бас нэмж хэлэхэд эмчийн нууц гэж эхнэртээ ч хэлдэггүй юм бас байдаг юмаа гэж эрсхэн хэлээд гарч одов.
Би энэ үед ирсэн зорилгоо ухаарч хойноос нь гүйж очоод:
-Ахаа та даанч дээ гээд бугуй дээрээс нь барьж автал,
-Гончоог! Бүү санаа зов. Муу дүүгээ хэд хоног амрах гэж ирэхэд нь явган хэрүүлээр дайлж дайлж,  яс арьс болтол нь зараад буцаах нь шив дээ гэснээ,
-Ах, эгч хоёр нь хэзээ ч салах­гүй гэж хачин итгэлтэй хэлээд духан дээр минь үнсэв.
-Хүн өөрийнхөө мэргэ­­жил, зорьсон зорил­гондоо тууштай байх хэрэгтэй шүү дээ, одоо явалгүй болохгүй оройтчихлоо гэж цаг руугаа харснаа “за тавтай амарцгаа” гээд огцом эргэв.
-Юу тавтай амрах байх вэ? Ороод ирсэн чинь эгч цурхиран уйл­чихсан, хэ­дэн хүүхдүүд нь дэргэд нь овоорон эхэр татан мэг­шицгээж байв. Хамгийн бага, хоёр ойн­доо хүрч бай­гаа нь чи­мээ­нээр сэр­чихээд хэ­сэг дуугүй байснаа уйлах л юм байл­гүй гэ­сэн шиг бас өмөлзөв.
-За эгч минь учир нь ол­доно. Та ахад итгэ гэхэд улам дуу нь чангаран,
-Ингэж ханилсан ханьдаа ч хэлдэггүй хачин нууцтай хүнийг би амьдралдаа дуулаагүй. Өдийд Эрдэнээгийн Чимэгээгийн дэргэд ... гээд тээр баруун урд харагдах нэгэн гэрэлтэй цонхыг заан гомдлынхоо нулимсыг шавхрах мэт цурхиран нүүрээ алчуураар дарж тонгойв.
Эрдэнээг би муухан танина. Замын-Үүдэд машинчийн ажилтай, 40 гаруй насны, эрүү түүшин нь нэлээд өргөн, тэнгэр цэлмэж, нар гийх шиг ярс хийтэл сайхан инээдэг. Нүдэнд дулаахан гүндүүгүй эр хүн. Чимэгээгээс 10 гаруй ах боловч түүнд гологдохоор эр биш гэж би бодож билээ. Түүнээс гадна ах маань түүний авгайтай холбогдож байгаа нь бүр ч гайхалтай байлаа. Би ирсэн зорилгоо бодон, гэрэлтэй цонхны зүг алхлаа. Энэ бол төрөх тасаг. Хүүхнээ төрөхийг хүлээж хүлээлгийн өрөөнд Эрдэнээ сууна. Тэрээр хөмсөгөө атируулан элдвийг боджээ.
.... Одоогоос жил гаруйн өмнө Сүхээ эмчийн өрөөнд болсон хэрэг.....
-Долоон жил болоход хүүхэд гараагүй шалтгааныг юу гэж бодож байна....Чамаас уу, аль эсвэл авгай­гаас чинь үү? гэж тоглох маягаар асуухад:
-Би яаж мэдэх вэ? Эмч бол мэдэхсэн гэв.
-Тэгвэл та хоёрт эмнэлэгийн нарийн шинжилгээнүүд хийхийг зөвшөөрнө биз дээ?
-Зөвшөөрөлгүй яахав.
-Та хоёрт ямар нэг архаг хууч өвчин би юу?
-Байхгүй, удмаа дагавал бид олон л хүүхэдтэй байх ёстой улс.
Би эхээс наймуулаа,  манай авгай эхээс зургуулаа.
-Өө тийм үү. Улаан цагаан тариа тариулж байсан уу.
-Үгүй.
-Заг хүйтнээр өвчилж байсан уу?
-Багадаа тэгэж байсан.
-За тэр чинь явдалтай. Хэр зэрэг эмчлүүлсэн бэ?
-Сайн санахгүй байна. Ер нь заавал загтах ёстой юм шиг санаж байсан удаа ч бий. Зуны шөнө сүүний тасгийн залуучуудтай нийлээд л айлын нохой хуцуулж авгай хүүхдүүд уурлуулж явахаа ид бахтайд тооцдог солиотой үе байсан юм даа.
-За чи одоо үрээ шинжлүүл гэв. Гучин минутын дараа микроскопод амьдралдаа нэг хачин зүйл үзэж билээ. Эхлээд харсан чинь шалбааг дахь шанаган хорхойнууд шиг амьтан язганан хөдөлж байв. Мөн дэл­бэрэлтээс болоод үхчихсэн жараа­хайнууд шиг нэг хэсэг нь хөвж явав.
-Заг хүйтэн өвчнөөс, ялангуяа эмчлүүлэхгүй удвал ингэдэг юм гэв.
-Яадаг гэж?
-Ингэж ихэнх нь хөдөлгөөн муутай болдог юм.
-Сүхээ минь би одоо яах вэ? Гэж нүдэндээ нулимс гүйлэгнүүлэн хэлэхэд:
-Гэвч учир бий сэтгэлээр битгий гунь. Чи тэгээд хүүхэд өргөж авах дургүй юм уу?
-Нэг их дургүйцэх нь юу байх вэ? Урьд нь хүний алаг үрийг аваад алдчихсан болохоор зовдог юм. Харин манай авгай бол ч өдий насан дээрээ л эх болохыг их хүсдэг хүн дээ.
-Хүүхэд өргөж авъя гэж үү?
-Яагаад ч гэсэн хүүхдийн их мөрөөсөл болсон хүн.
-Хэдэн настай билээ.
-30 хүрч байгаа
-Аргагүй дээ хөөрхий. Танай авгайгаас хүүхэд гарах арга ч байна л даа гэв.
Яаж?
-Донороор................
-Донороор ий. Энэ чинь цусаа өгдөг хүнийг хэлдэг биздээ.
-Тиймээ бас үрийн донор гэж байдаг юм.
-Тэгээд энэ чинь яана гэсэн хэрэг болж байна даа.
-Яах юу байхав. Эмнэлэгийн нарийн багаж хэрэглэлийн тусламжтайгаар л хамаг хэрэг бүтнэ.
-Тэр донор чинь хэн юм бэ?
-Аа, энэ нууц. Олон хүн бий. Танай авгайгийн хүүхэд чухам хэнийх болохыг нь би ч өөрөө мэдэхгүйгээр зохион байгуулдаг юм. Жишээ нь сугалаанд чухам хэнд юу таарахыг сугалуулж байгаа хүн өөрөө мэддэггүй шүү дээ. Түүнтэй л төсөөтэй. Харин ерөнхийдөө танай авгайтай чинь юмуу, өөртэй чинь төстэй донорууд авна. Манай донорууд бол бие бялдар эрүүл чийрэг, сэтгэл санааны хувьд цэвэр ариун, цөм тэргүүний ажилтай, хамгийн итгэл найдвартай хүмүүс байдаг юм. Тэд ч өөрсдөө үрийн донор гэдгээ ойлгосноос биш, бие биесээ мэдэхгүй, хэнд үрээ өгч хэний гэрт шинэ хүн (өөрийн хүү) мэндлэх гэж байгааг ч мэддэггүй улс аа. Яг л тэгж зохион байгуулдаг юм. Нэг ёсондоо нууц байгууллага. За үүнийг зөвшөөрөх үү. Гол нь өөрөө шийднэ шүү дээ! Гэв. Өөр хэн ч мэдэхгүй. Үүнд итгэж болно гэв. Тэгээд л гурван сарын дараагаар бүх юм ёсоор болжээ. Үүнээс хойш Сүхээ эмч манайхаар зөндөө олон ирсэн. Бид хоёрт зөвлөгөө өгнө. Айл хөршийн хүн байхад бол бүр зориуд тэгэхээс тэгсэн юм шиг Чимэгээгээс хамгийн сүүлчийн сарын тэмдэг хэдийд үзэгдсэн гээд асуудагсан. Харин над руу хандаж “Танай анхных байхаа” гэнэ. Тэгэхэд би дуугүй л толгой дохидог байсан юм. Бид хоёрыг хоёулхнаа байхад ч мөн л тэгж харилцана. Энэ нь ямар нэг жүжгийн гол рольд тоглох гэж бэлтгэж байгаа юм шиг, гэхдээ бүр алдаж осолдох вий гэж хичээж байгаа юм шиг санагддаг байж билээ. Энэ байдалд би ч дасаж одоо болтол толгой дохисоор байгаа билээ гэж бодтол гаднаас хаалга аажим нээгдэж Сүхээ эмчийн дүү гэж зүс мэдэх нэрийг нь мэдэхгүй нэгэн залуу орж ирлээ.

Гэтэл бас төрөх тасгаас нярай хүүхдийн час хийсэн дуу хадан, Эрдэнээгийн түрүүчийн бодож байсан бүх бодол хийгээд саяны орж ирсэн залууг ор тас мартууллаа. Удалгүй Сүхээ эмч гарч ирээд: Эрдэнээ рүү хандаж,
-За баяр хүргэе! Хүүтэй болсонд гэв.

 1974 он

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан