Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Туваан: 14 аймгийн 40 гаруй суманд хаваржилт хүндрээд байна


Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаас цаг үеийн зарим асуудлаар товч мэдээлэл авлаа.  

-Өнгөрсөн өвөл олон аймаг нэлээд хүндхэн өвөлжсөн. Одоо  хаваржилт ямар байна вэ. Хүндэрч болзошгүй аймаг, сум байна уу?
-Яаманд ирсэн албан ёсны мэдээгээр 14 аймгийн 40 гаруй суманд хаваржилт хүндэрсэн гэж байна. Хөвсгөл, Завхан аймагт мал илүү их хорогдсон.  Мөн Дорнод аймгийн Халхгол суманд хаваржилт нэн хүндэрлээ.  Ер нь онцгой анхаарал татаж байгаа сум олон. Улсын хэмжээнд 17 аймгийн 100 гаруй сум зудтай өвөлжсөн, мал нэлээд туйлдсан.  Гэтэл хавар дуусах яагаа ч үгүй байна.  Хаврын тэнгэр хартай гэж нэг өдөр хавсарга тавьж, цасаар шуурахыг үгүйсгэх аргагүй. Урьд жилүүдэд ийм байдал олон гарч байсан. Тиймээс бид тайвшрах болоогүй. ҮХААЯ хүндхэн байгаа аймаг сумдаа анхаарч байгаа. Малчид ч дор бүрнээ хувийн бэлтгэлээ сайтар базааж, цаг агаар хүндрэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Тухайлбал, яам ямар ямар  арга хэмжээ авч байна вэ?
-Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн Малчдад туслах аяныг зургадугаар сар хүртэл зохион байгуулна. Энэ аянд төр захиргааны олон байгууллага оролцож, иргэд ч чамгүй сайн тусалж, хандив тусламж өгсөн. Энэ хандив тусламжид малчид сэтгэл хангалуун байна. Хаврын хүнд цагт малд нь тэжээл, дулаан нэмнээ ирж байгаад малчид баяртай байна.
Мал аж ахуйн газраас өдөр болгон мал төллөлт болон хаваржилтын нөхцөл байдлын мэдээ авч байгаа. Хүндэрсэн аймаг, сумдад шаардлагатай зүйлийнх нь талаар судалгаа ч авсан. Хамгийн сүүлд гэхэд л эм тариа шаардлагатай байгаа аймгуудад ҮХААЯ-ны Мал эмнэлэг үржлийн газарт бэлэн мөнгө хуваарилж, шаардлагатай эм тариагаа авч сумд руугаа явуулж байна.

-Мал төллөөд эхэлчихлээ. Энэ жил хэчнээн төл хүлээж авах вэ?
-14 сая гаруй эх мал төллөнө гэсэн урьдчилсан тооцоо бий. Өнөөдрийн байдлаар төллөсөн малын тоо хоёр сая гарсан. Гарсан төлийн  99,4 хувь нь мэнд бойжиж байна. Малын жилбэ ч сайн, онцын хүндрэл гайгүй байгаа. Цас ихтэй байсан ч эрт дулаарч, цас хайлсан болохоор намар цасан доор дарагдсан өвс одоо гарч мал турж, эцэх нь гайгүй. Одоогоор цас, шуурга ч гайгүй, сайхан хавар болж байна.

-Хавар болгон малын гоц халдварт өвчин гарч, тухайн газар оронд байгаа сэг зэмийг устгах ажил нэмэгддэг. Өмнөх жилүүдэд зүүн аймгуудад боом, шүлхий өвчин гарч байсан. Энэ жил  ч гарахгүй гэх баталгаа байхгүй. Тэгэхээр малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар юу хийж байна.  Шаардлагатай эмч тариа нь хүрэлцээтэй юү?
-Олон улсын “А” зэрэглэлийн гоц халдварт өвчин үе үе гардаг. Мэдээж яамны зүгээс тэр өвчний тархалтыг хязгаарлах, бүсчилж тогтоох бодлого барьж ажилладаг. Вакцин, тарилгын хувьд ОХУ-аас шүлхийн эсрэг вакцин авсан. Шүлхий гардаг, эрсдэл өндөртэй зүүн болон говийн аймгийн малаа вакцинжуулж дууссан. Цэцэг, галзуу өвчний вакциныг манай Биокомбинатад хийдэг болохоор хангалттай хүрэлцээтэй. Аймаг сумдад вакциныг ид хүргэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан