Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүтээн байгуулалтын “дайчид” ажлын талбарт бэлэн байна

“Тоо бодож сурахаар тоосго өрж сурах минь яав” гэж миний нэг найз харамсаж байсан билээ. Тэрээр их сургуулийг онц дүнтэй төгссөн ч тав зургаан жил тогтсон ажилгүй, таксины жолооч, гэрийн үйлчлэгч, машин угаагч, барилгын туслах ажилтан гээд хийгээгүй ажил бараг л үгүй. Энэ зовлон зөвхөн миний найзад ч биш бидний үеийн залууст ч тулгарсан биз. Тэгвэл бид ажлын байргүй мөртлөө сэхээтэн гэж овоглоод халаас хоосон, харийн орныг мөрөөдсөөр явах уу, эсвэл тогтмол ажилтай, орлоготой ажлын эзэн нь байх уу гэдгийг шийдэх цаг нэгэнт ирж. Үүнийг шийдэж, харь орныг зорих залуусын цувааг таслах гэж Хөдөлмөрийн яамнаас мэргэжилтэй ажилтан бэлтгэх түргэвчилсэн сургалтыг Оюутолгой компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхэлсэн. Гэхдээ хувийн их дээд сургуулиуд шиг ямар ч хамаагүй мэргэжлээр хэнийг хамаагүй сургаагүй. Товчхондоо ажилгүй мэргэжилтнүүдийг үйлдвэрлээгүй. Зөвхөн ажил олгогч, эздийн захиалгаар тухайн аж ахуйн нэгж байгууллагад шаардлагайтай, хэрэгцээтэй байгаа ажлын байранд чадварлаг, мэргэжилтэй ажилтан бэлтгэх үүргийг МСҮТ-үүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа сургуулийн нэг нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МСҮТ юм. Энэ сургууль төмөр замын салбарт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр 80 оюутныг сургаж байгаа гэнэ. Тухайлбал, Төмөр замын барилгачин мэргэжлээр 49, өртөөний жижүүрээр 31 оюутныг ажил олгогчийн захиалгаар сургаж байгаа юм. Эдгээр оюутны хувьд сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ гэж санаа зовох зүйлгүй. Хуваарилагдсан газартаа очоод шууд л ажиллана.
Өртөөний жижүүрийн ангийн оюутан Т.Сайнхүүтэй уулзлаа. Тэрээр Баянхонгор аймгаас ирж энэ мэргэжлийг сонгон суралцаж байгаа юм. Түүний хувьд Баянхонгор аймагт хувиараа бизнес эрхэлдэг байж. Аливаа бизнес өрсөлдөөний зарчмаар явдаг хойно, хөрөнгө мөнгө муутай хүний бизнес ахихгүй нь ойлгомжтой болохоор Т.Сайнхүүгийн ажилч нэг л урагшгүй болсон байна. “Одоо ч хувиараа бизнес хийхэд мөнгөтэй том компаниудад дарагдаад байдаг болж” хэмээн энэ байдлаа тайлбарласан. Тиймээс Т.Сайнхүү ерөөсөө л мэргэжилтэй, ажилтай, тогтмол орлоготой болъё гэсэн бодол төрж Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн биржээр зуучлуулан хотод ирж суралцаж байгаа нь энэ.
Т.Сайнхүү мэргэжилгүй нэгэн биш. Өмнө нь ШУТИС-ийг Хүнсний технологийн ангийг дүүргэсэн, сэхээтэн дээд боловсролтой. Мэргэжлээрээ ажиллах гэсэн ч цалин багатай байсан учир хувийн ажил хийхийг шийдэж. Гэвч...
“Хэдийгээр мэргэжлээрээ ажиллаагүй ч тэрээр сурахад оройтойгүй ээ. Одоо сурч байгаа мэргэжлээрээ тогтвортой ажиллахад надад нас, цаг хугацаа хангалттай байна. Төсвийн байгууллагад ажиллаж, тогтвортой ажиллана гэдэг хэтдээ надад тэтгэвэрт гарсан ч хэрэгтэй юм уу даа. Тэгээд ч аймгийн төвд олигтой ажилгүй, орлогүй гудамж метрлэж явахаар суралцаж байх нь хэрэгтэй” хэмээн бидэнд хуучилсан.
Т.Сайнхүү энэ сургуульд эхний хоёр сар нь онолын мэдлэг олж авна. Дараагийн гурван сар буюу ирэх сарын 1-нээс Замын-Үүдэд дадлагат гарч, жинхэнэ ажлын талбарт юу сурснаа гаргаж, нэмж мэдлэг, туршлага хуримтлуулна. Энэ хугацаандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, унаа хоолны мөнгө зэргийг авна. Сардаа 200 гаруй мянган төгрөг гэсэн үг. Мөн дээрээс нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд үнэ төлбөргүй хамрагдах аж. Т.Сайнхүүгийн сурч байгаа “Өртөөний жижүүр”-ийн ангийн энэ удаагийн элсэлтэд 31 хүн суралцаж байгаа. Насны хувьд 21-40 гаруй насныхан. Эх орны бүтээн байгуулалтад жинхэнэ гар бие оролцох хөдөлмөрийн насныхан. Эдгээр 31 оюутан Т.Сайнхүүгийн адил бүгд хуваарилагдсан газар руугаа явж ажиллана. Тэдний дунд удам дамжсан төмөр замчин ч бий. Тухайлбал, энэ ангийн суралцагч Энхтайваны Золжаргал. Тэрээр, мөн л цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Багахангайн Хоолтын зөрлөгт амьдардаг. Өвөө, аав, ээж нь гээд бүгд төмөр замчид байж байгаад тэтгэвэрт гарч. Одоо тэднийг залгамжилж төмөр замд ажиллаж байгаа хүн байхгүй, тиймээс аав, ээжийн ажлыг залгамжилж төмөр замчин гэдэг их айлын гал тогоонд багтахаар ийн суралцаж байгаа гэнэ. Энэ мэтчилэн энэ сургуульд төмөр замд хэрэгцээтэй мэргэжлээр 80 оюутны суралцуулж байна. Мөн шинэ элсэлтээ ч авахад бэлэн болж. Шинэ элсэлтдээ дээрх ангиас гадна, төмөр замын засварчин мэргэжлээр 65 оюутан нэмж сургах захиалга авчээ. Ийн эх орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оролцох “дайчдыг” МСҮТ-үүд бэлтгэж байна.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан